Олон улсын мэдээлэл зүйн 33 дугаар онлайн олимпиадад Монгол улсын баг оролцож байна

Энэ жилийн Олон улсын Мэдээлэл зүйн 33 дугаар олимпиадыг Сингапур улс 2021 оны 06 дугаар сарын 19-өөс 25-ий өдрүүдэд онлайнаар зохион байгуулж байна. Тус олимпиадад дэлхийн 88 орны 353 сурагчид онлайнаар авьяас чадвараа сорин уралдаж байна. Олон улсын Мэдээлэл зүйн олимпиадад оролцож буй сурагчид 2 өдөр, өдөр тус бүр 3 бодлогыг 5 цагийн хугацаанд бодож уралддаг. Нийт 6 бодлогыг бодох ба хамгийн их оноо болох 600 онооны төлөө өрсөлддөг.

Тус олимпиадад Монгол улсыг төлөөлөн

  1. Олон улсын мэдээлэл зүйн олимпиадын АЛТ, МӨНГӨН медальт, Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Нямдаваа,
  2. Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ш.Билгүүдэй,
  3. Сэлбэ сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Билгүтэй,
  4. Нэст сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ нар оролцож байна.

Эдгээр сурагчид нь Монголын мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулах хорооноос зохион байгуулсан цуврал 6 удаагийн онлайн олимпиадад амжилттай оролцож, 2021 оны Ази номхон далайн орнуудыг олимпиадад Монгол улсаас оролцсон сурагчдаас нэмэлт сорилоор шалгарч, олон улсын мэдээлэл зүйн олимпиадад Монгол улсаа төлөөлөн оролцох эрхийг авсан юм.

Монгол улсын багийн ахлагчаар МУБИС-ийн профессор Д.Цэдэвсүрэн, дэд ахлагчаар ШУТИС-ийн дэд профессор А.Хүдэр нар ажиллаж байна.

Монгол улсаас олон улсын мэдээлэл зүйн онлайн олимпиадад оролцох үйл ажиллагааг МУ-ын БШУЯ дэмжин ажиллаж байна. Тус олимпиадад Монгол улсаас оролцох сурагчдын ажиллах технологийн орчин болоод бусад боломжийг бүрдүүлэхэд ММЗОЗБХороо, МУБИС, ШУТИС-ийн профессор багш нар ажиллаж байна. Олимпиадын технологийн орчин, түүний найдвартай ажиллагааг хангахад “Эрин системс” ХХК хамтран ажиллаж байна.

Олон улсын Мэдээлэл зүйн 33 дугаар олимпиадын нэгдүгээр өдрийн онооны жагсаалтыг эндээс үзнэ үү.

Олон улсын Мэдээлэл зүйн 33 дугаар олимпиадын нээлтийн ажиллагааг энд дарж үзнэ үү.

Олон улсын Мэдээлэл зүйн 33 дугаар олимпиадын вэб хуудасруу орох бол энд дарна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *