1.1. Сургуулийн бага насны хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжил
Суралцахуйн зорилго:
- Хүүхдийн тархины хөгжлийн үйл явц, эдгээр нь тэдний сурах үйл ажиллагаа болон зан төлөвт хэрхэн нөлөөлдөг талаар танин мэдэх
- Бага ангийн хүүхдүүдийн өсөлт, хөгжлийн үе шат, хөдөлгөөний хэрэгцээ, ач холбогдлыг тайлбарлах
- Бага ангийн хүүхдийн стресст оруулах нөхцөл байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг онолын үүднээс дүн шинжилгээ хийх
1.1.1.Тархи ба түүний хөгжил
Тархи (brain) Биеийн бусад тогтолцооны үйл ажиллагааг зохицуулах, хүрээлэн буй орчны мэдээллийг мэдрэх, хөдөлгөөнийг удирдан чиглүүлдэг онцгой эрхтэн.
Хүүхдийн тархины хөгжил
Хүүхдийн тархи идэвхтэй ажиллах тусам улам хөгжиж байдаг. Тархины хөгжил нь бие бялдар, танин мэдэхүй, нийгэм, сэтгэл хөдлөл болон хэл ярианы хөгжилд нөлөөлдөг. Тархи нь нийтдээ 100 тэрбум орчим нейронтой бөгөөд бусад эсүүдэд мэдээлэл дамжуулдаг. Тархины үндсэн үйл ажиллагааны нэгж нь нейрон (Teresa M. McDevitt, 2007)
Зураг 1. Хүүхдийн тархины хөгжил
Төрхийн өмнөх, нялх нас, хүүхэд нас, өсвөр насанд тархины хөгжил эрчимтэй хөгждөг үе юм. Тухайлбал, төрхийн өмнөх хөгжлийн явцад тархины хамгийн гол үндсэн хэсгүүд үүсдэг. Үр тогтсоноос 25 хоногийн дараа жижиг хоолой хэлбэрээр эхэлдэг. Энэхүү энгийн мэт санагдах хоолой нь зарим газраа урт дотогшоо нугарсан байдаг. Төрөхийн өмнөх хөгжлийн 5-20 дахь долоо хоногийн хооронд тэд секундэд 50000-250000 шинэ эсийг гайхалтай хурдтайгаар нэмэгдүүлдэг. Хүний мэдрэлийн эсүүдийн дийлэнх нь төрөхийн өмнөх хөгжлийн эхний 7 сарын хугацаанд үүсдэг. Шинээр үүссэн мэдрэлийн эсүүд хуучин эсийг гадагш түлхэж, бор гадаргын дор тархины бүтцийг бий болгодог. Тархины жингийн 87 хувь нь 3 нас хүртэл бүрэлдэн хөгждөг бөгөөд насанд хүрэгчдийнхээс хоёр дахин илүү идэвхтэй байдаг.
Зураг 2. Тархины хөгжлийн мөн чанар
Амьдралын эхний 10 жилд хүүхдийн тархи насанд хүрэгчдийнхээс 2 дахин илүү идэвхтэй ажиллана. Генетикийн болон хүрээлэн буй хүчин зүйлс хоорондоо маш хөдөлгөөнтэй, үр дүнтэйгээр харилцан үйлчлэлцэнэ. Хэл сурах чадварын хувьд чухал үеүд байдаг. (Ormrod, 2007) Үүнд:
- 0-3 насны үе: Хэл сурах хамгийн чухал үе юм. Энэ хугацаанд хүүхдүүд гаднаас мэдээллийг маш сайн хүлээн авдаг бөгөөд 1 насандаа дуу хоолойг таних, анхны үгээ хэлдэг.
- 3-7 насны үе: Энэ үед үгийн сан нэмэгдэх, хэлний дүрэм, бичих чадварын хувьд хүндрэл гарах хэдий ч хэл сурах чадвар өндөр, гадаад хэлийг ч төрөлх хэл шигээ чөлөөтэй ярьж чаддаг.
- Хүүхэд шинэ ур чадвар эзэмших үед (хөгжмийн зэмсэг, шинэ спорт) тархи нь тэдгээр үйл ажиллагаатай холбоотой замыг бий болгож бэхжүүлдэг.
- Танин мэдэхүйн хувьд оньсого, үгэн тоглоом зэрэг шинэ ойлголт сурах зэрэг идэвхтэй үйлийг хийх тусам танин мэдэхүйн чадвар нэмэгддэг. Энэ нь дасан зохицох чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй мэдээллийг илүү сайн боловсруулж удаан хадгалахад тусалдаг.
- Хүүхдийн тархины хөгжилд орчны нөлөө чухал үүрэгтэй бөгөөд нийгмийн харилцаа, боловсролын үйл ажиллагаа зэргээр тархины мэдрэлийн холболтууд бэхжиж танин мэдэхүйн чадварыг дэмждэг. Мөн түүнчлэн хүүхдийг аль болох эрт хөгжүүлэх, төрөл бүрийн хөтөлбөрүүд чухал хөшүүрэг болж өгдөг бөгөөд тархины хэсгүүдийг идэвхжүүлдэг байна.
- Хүүхдийн тархины суурь хөгжлийг дэмжихэд эцэг эхийн оролцоо маш чухал. Хүүхдийг харилцан ярианд татан оролцуулах, тэдэнд ном уншиж өгөх, сэтгэл хөдөл, мэдрэхүйн туршлагуудыг бий болгоход чухал юм.
Эдгээр зарчмуудыг илүү сайн ойлгосноор багш, эцэг эх, асран хамгаалагчид тархины хөгжлийг дэмжиж, хөгжлийн үе шат бүрд тохиолдох өсөлт, дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм.
Тархины бүтэц, үйл ажиллагаа
Тархи нь арын тархи, дунд тархи, урд дархи гэсэн 3 үндсэн хэсэгт хуваагддаг. Эдгээр хэсэг тус бүр нь тодорхой үүргүүдтэй.
Зураг 3. Тархины бүтэц үйл ажиллагаа
Арын тархи: Танин мэдэхүйн чухал хэсэг байрлах бөгөөд мэдээллийг мэдрэхүйгээр хүлээж авах, хэрхэн ой санамждаа хадгалдаг талаар энэ тархины гүйцэтгэх үүрэг их юм. Жишээ нь Багшийн бичиж буй үгийг харж, хүүхэд түүнд анхаарлаа төвлөрүүлдэг. Энэ нь мэдрэхүйн ой санамж дахь харж болох мэдээлэл нь бичгийн хэлбэрээр дамжин ажлын ой санамжид шилждэг. Мөн анхаарал чухал үүрэгтэй бөгөөд ухамсартай хичээл зүтгэл ихээхэн шаардлагатай байдаг.
Урд тархи: Тархины духны хэсэг эрчимтэй хөгжсөнөөр түүний гадар бүрхэвч үйл ажиллагааг зорилго чиглэлтэй, урьдчилан төлөвлөж удирдах төвийн үүрэг гүйцэтгэнэ. Энэ хэсэгт тайлбарлах, төлөвлөх, шийдвэр гаргах, сэтгэн бодох, үйл явагддаг хэсэг. Сайн үр дүнд хүрэхийн тулд тархинаас илүү их ажиллагаа шаарддаг.
Дунд тархи: Энэ тархины хэсэг нь сэтгэл хөдлөлийн олон учир шалтгааныг илэрхийлдэг бөгөөд сэтгэл хөдлөл, хандлага чухал үүрэгтэй. Суралцахуйн үйлийг сэтгэл хөдлөлтэй уялдуулснаар илүү сайн суралцдаг. Ингэснээр мэдээллийг урд тархинд дамжуулах үүргийг гүйцэтгэдэг.
1.1.2.Хүүхдийн өсөлт хөгжил, хөдөлгөөний хэрэгцээ
Бие бялдрын хөгжил (physical development)Насжилттай холбоотой бие ба тархины хөгжил, хөдөлгөөний чадварын өөрчлөлтүүд.
Хүүхдийн өсөлт хөгжил
Хүүхэд бүрийн өсөлт хөгжил нэгэн жигд явагддаггүй. Хүүхэд хөдөлгөөнтэй байснаар танин мэдэх чадвар нэмэгдэж тэднийг хорвоо ертөнцтэй харилцан үйлчлэлцэх нөхцөлийг бүрдүүлнэ. Хүүхэд наснаас залуу нас хүртэлх үеийг хөгжил эрчимтэй явагдах үе гэж тооцдог. Хүүхдийн бие бялдар, өсөлт хөгжлийг хэд хэдэн үе шатад ангилан авч үздэг.
Зураг 4. Хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжлийн үе шат
- Нялх нас (0-2 нас) : Энэ үе шат нь хурдацтай өсөлт хөгжилт, түүний дотор хөдөлгөөний ур чадвар, мэдрэхүйн чадвар, тархины хөгжилд мэдэгдэхүйц өөрчлөлт орно. Энэ хугацаанд нярай хүүхэд сууж, мөлхөж, босож, алхаж сурдаг. Танин мэдэхүйн хөгжил нь хэл яриа, нийгмийн харилцаанд чухал ач холбогдолтой.
- Бага насны хүүхэд (2-6 нас) : Сургуулийн өмнөх нас гэж нэрлэгддэг энэ үе шат нь хөдөлгөөний ур чадвар, хэл ярианы хөгжил, нийгэмшүүлэх тасралтгүй өсөл, хөгжил явагддаг онцгой үе. Хүүхдүүд гүйх, үсрэх, авирах зэрэг хөдөлгөөний үндсэн ур чадварыг хөгжүүлж, илүү төвөгтэй өгүүлбэр үүсгэж, тоглоомд илүү оролцдог үе.
- Дунд насны хүүхэд (6-11 нас) : Энэ үе шат нь хөдөлгөөний ур чадвар, академик суралцах чадвар, нийгмийн ур чадварыг сайжруулахад чиглэгддэг. Бие бялдрын өсөлт нь өмнөх үе шатуудыг бодвол бага, багаар нэмэгддэг ч сурлагын амжилтад зайлшгүй шаардлагатай хүч чадал, зохицуулалт, танин мэдэхүйн чадварыг нэмэгдүүлэх хэрэгцээ үүсдэг.
- Өсвөр нас (12-18 нас): Энэ үе нь бэлгийн бойжилт эхэлж байгаа тул бие махбод, дааврын болон сэтгэл хөдлөлийн томоохон өөрчлөлт явагддаг чухал үе юм. Өсвөр насныхны өсөлт хурдацтай хөгжиж, бэлгийн бойжилт, физиологийн өөрчлөлтүүд хүчтэй явагддаг бөгөөд танин мэдэхүйн болон сэтгэл хөдлөлийн хөгжилд ихээхэн өөрчлөлт орж, хувь хүнийг насанд хүрэхэд бэлтгэдэг байна.
Хүүхдийн өсөлт хөгжилтийг зохих ёсоор дэмжиж, бие бялдар, танин мэдэхүй, сэтгэл хөдлөлийн эрүүл хөгжлийг дэмжих, шаардлагатай нөөц, оролцоог хангахад анхаарах хэрэгтэй. Сургуулийн бага насны хүүхдийн хувьд биеийн өсөлт хөгжил, өндөр, жин, хурд, хөдөлгөөний бодит өөрчлөлт нь нүдэнд харагддаг онцгой үе юм. Өөрөөр хэлбэл хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжил нь тогтмол өөрчлөгдөж байдаг.
Бие махбод, эрхтэн тогтолцооны өсөн нэмэгдэх тоон өөрчлөлтийг биеийн өсөлт гэж үздэг бол бие махбодын эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны чанарын хөгжил өөрчлөлтийг бэлтгэлжилт гэнэ. (Н. Бэгз., 2023). Эдгээр хөгжил нь дотроо нарийн бүрдэл хэсэгтэй байдаг.
Зураг 5. Бие бялдрын хөгжлийн бүрдэл
Хүүхдийн бие бялдрын хөгжилд гарч буй өөрчлөлт нь тархи, мэдрэлийн үйл ажиллагааны илрэл тул танин мэдэхүй, нийгэмшлийн хөгжилтэй салшгүй холбоотой юм. Хүүхдийн бие бялдрын өсөлт нь тэдний удам угсаа, эцэг эхийн эрүүл мэнд, нас, төрөлтийн тоо, газар зүйн байршил, цаг уурын онцлог, улс орны нийгэм эдийн засгийн хөгжил, амьдралын нөхцөл зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. (Бурмаажав. Б., 2011)
Сургуулийн бага насны хүүхдийн хувьд биеийн өсөлт хөгжил, өндөр, жин, хурд, хөдөлгөөний бодит өөрчлөлт явагддаг үе. Энэ үед өндөр болж, жин нэмээд зогсохгүй илүү ур чадвартай, хөдөлгөөний зохицуулалттай болж ирдэг байна. Монгол Улсын хэмжээнд хүүхдийн бие бялдар, өсөлт хөгжлийн талаар хэд хэдэн судалгаа хийгдсэн байна. Үүний нэг нь хамгийн сүүлд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс “Монгол хүүхдийн цогц хөгжлийн онцлог”-ийг 2014, 2019 онд хийгджээ.
Уг судалгааны гол зорилго нь: Танин мэдэхүй, нийгэмшил, бие бялдрын чадваруудыг нас бүрээр тодорхойлох, хамаарлыг тогтоох байдлаар судалгааг хийж гүйцэтгэсэн нь нэг сэдэвт бүтээл болж 2023 онд хэвлэгдсэн байна. Судалгаанд нийт 7990 хүүхэд хамрагджээ. (2014-2017) онд 3164, (2019-2021) онд 4019 хүүхэд. Судалгааны үр дүнд хүүхдийн хөгжлийг дэмжих шаардлагатай асуудлуудыг тодорхойлсон байна. (Н. Бэгз., 2023) Энэхүү судалгааны үр дүнг өмнө хийгдэж байсан суурь судалгаануудтай харьцуулж үзвэл мэдэгдэхүйц ахиц өөрчлөлт гарсаар байна. Үүнийг харьцуулан авч үзье. (Хүснэгт 1-ээс харна уу)
Хүснэгт 1. Бага ангийн сурагчдын өндөр жингийн харьцуулсан үзүүлэлт (1977, 2010, 2021)
Дээрх судалгааны өгөгдөлд дүн шинжилгээ хийхэд эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн биеийн жин, өндрийн тогтвортой өсөлт ажиглагдаж байна. Судалгааны сүүлийн жилүүдийг 1977 оны суурь судалгааны үзүүлэлттэй харьцуулахад жин, өндрийн харьцаа нэмэгдсэн байна.Тодруулбал:
- 6 настайдаа эрэгтэй хүүхдийн өндөр 1977 онд 112,2 см байсан бол 2018 онд 116,4 см, эмэгтэй хүүхэд 112,1 см-ээс 116,4 см болж өссөн байна.
- 10 настай эрэгтэй хүүхэд 1977 онд 132,3 см байсан бол 2018 онд 138,1 см, эмэгтэй хүүхдийн өндөр 130,7 см-ээс 137,1 см болж өссөн байна.
Хүүхдийн өсөлт нэмэгдэж байгаа нь дээрх судалгааны үр дүнгээс ажиглагдаж байна.
Хүүхдийн хөдөлгөөний хэрэгцээ
Хүүхдийн хөдөлгөөний хэрэгцээг ойлгож, шийдвэрлэх нь хүүхдийн цогц хөгжил, амьдралын чанарт чухал нөлөөтэй.
6 настай хүүхэд хүнд үүргэвч үүрэх, нэг байрлалд удаан хугацаагаар ширээний ард суух зэрэг хүнд ачааллыг аажмаар даван туулах чадвартай. Зарим хүүхдүүдийн хувьд гар нь бичихээс болж өвдөх, чилэх зэрэг шинжүүд илэрдэг хэдий ч булчингийн идэвхтэй хөгжлөөс болж үүссэн ачаалалд хурдан дасан зохицох боломжтой. Хүүхэд гэртээ ихэнх цагаа хөдөлгөөнгүй байрлалд ( ширээний ард суух, утас, ТV) өнгөрөөдөг нь нууц биш. Энэ нь булчингийн хүч чадал, гүйцэтгэл, хурд, уян хатан байдал, хүч чадлыг бууруулдаг. Нүд, гарын хосолсон үйл ажиллагаа буюу бичих, гутлын үдээс үдэх зэрэг хөдөлгөөн хөгжсөөр хүүхдийн жижиг хөдөлгөөнүүд хөгжиж эхэлнэ. Бие махбодын идэвх нь хөдөлгөөний туршлагатай уялдан хүүхдийн шинжлэх ухаан, нийгмийн судалгаа, математик болон бусад хичээлийн академик ойлголтуудыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Тиймээс сургуулийн бага насны хүүхдийн хөгжилд хөдөлгөөн чухал үүрэгтэй болж байна. Хүүхдийн хөдөлгөөний хэрэгцээг судалж илрүүлснээр тэдний хөгжлийг дэмжих боломжтой юм.
Дасгал 1: Дараах кейсийг уншаад эргэцүүлэл хийгээрэй.
Багш 7 настай Амгалан хүүгээс хийх дуртай 5 зүйлээ тодорхойлохыг хүсэхэд спортын 5 чиглэлийг сонгосон байна. (Хөл бөмбөг, волейбол, нисдэг таваг, сагс, бүх тоглодог тоглоомууд)
Асуулт:
- Амгалангийн сонирхол, дуртай зүйлээ сонгоход юу нөлөөлсөн гэж та бодож байна вэ?
- Спортын төрлүүдийг сонгосон нь түүний нийгмийн харилцаа, үе тэнгийнхэнтэйгээ харилцах харилцаанд хэрхэн нөлөөлж болох вэ?
- Амгаланд цаашид биеийн тамирын дасгал хийх сонирхлыг нэмэгдүүлэх, хөдөлгөөний хэрэгцээг нь дэмжих ямар боломжуудыг олгох вэ?
Хөдөлгөөний хэрэгцээ, ач холбогдол
6-7 насанд хүүхэд сургуульд орноор шинэ зүйлийг сурах хүсэл их бөгөөд үүнийг дагаад хөдөлгөөн ихтэй, үсэрч харайх дуртай, хөгжмийн хэмнэлийг ялган сонсдог. 8-9 насанд шилжих үед хөвгүүд биеийн тамир, спортод сонирхолтой болж эхэлдэг. Дээрх кейс судалгаанаас ажиглагдаж буй зүйл нь сагс, волейболын төрлүүдийг хүүхэд дурдаж байгаа нь энэ төрлөөр хичээллэх дур сонирхолтой байж магадгүй юм. Тиймээс нарийн ур чадвар шаардсан хөдөлгөөнийг дэмжих, спорт дугуйланд хамруулах, сонирхлыг нь дэмжих бүрэн боломжтой.
Биеийн өсөлт, хөдөлгөөний хэрэгцээг судалгаанд тулгуурлан хөгжүүлэх чиглэл
- Өдөр бүр тоглоомын үйл ажиллагаанд оролцуулах, мөн багш хичээлийн завсарлагаагаар хүүхдийн чилээ гаргах дасгал хийлгэж, дидактик ач холбогдолтой тоглоомууд тоглуулах
- Төрөл бүрийн спорт, биеийн тамирын тоглоомын анхан шатны мэдлэг, ойлголтыг өгөх
- Зохион байгуулалттай спортын хөтөлбөрт оролцохыг дэмжих
- Жижиг булчингийн хөдөлгөөний ур чадварыг хөгжүүлэх
- Хурууны дасгал хийх. (товчийг тайлах, товчлох, гутлын үдээсийг зангидах)
- Үр тариа, бөмбөлгүүд, товч, жижиг чулуу зэргийг ялгаж ангилах
- Элсэн дээр бүтээл хийлгэх (дотоод хурцадмал байдлаас гарах боломж олгодог)
- Хайчаар хайчлах дасгал (дүрс, хээ, цасан ширхэг)
- Цаастай ажиллах –Оригами, сүлжих, нэхэх (даавуу сүлжих, оригами нь энгийнээс нарийн төвөгтэй рүү шилждэг)
- Зураг зурах, будах дасгалууд (нүд гарын хосолсон үйл ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй)
6-11 насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжихийн тулд олон төрлийн биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг дэмжих, спортын боломжуудын ялгааг арилгах, өдөр тутмын тоглоомыг дэмжихийн чухлыг онцолж байна. (9 дүгээр бүлгээс дэлгэрүүлэн судлаарай)
Сургуулийн насны хүүхдийн бие бялдрын хөгжлийн онцлог
Сургуулийн насны (6-11 нас) хүүхдийн бие бялдрын хөгжил нь биеийн өндөр, жин тогтвортой өсөж, хөдөлгөөний зохицуулалт, хөдөлгөөний чадвар сайжирч, хүч чадал, тэсвэр тэвчээр нэмэгддэг.
Хүүхдийн бие бялдрын онцлог ялгааг доорх агуулгаас харьцуулж судлаарай.
Зураг 6. Хүүхдийн (6-11) бие бялдрын хөгжлийн онцлог
Нэг наснаас нөгөө насанд шилжих бүрд нарийн хөдөлгөөний ур чадвар сайжирч байдаг. Энэ үе шатанд хүүхдүүд хөдөлгөөнөө хянах чадвараа хөгжүүлж, илүү төвөгтэй биеийн тамирын дасгал хийж, бие бялдар, эрүүл мэндээ сайжруулдаг. Хүүхэд бүрийн хувийн онцлогоос шалтгаалан өсөлт өөр байж болно гэдгийг санах хэрэгтэй. Хүүхдийн ерөнхий хөгжил, нарийн ур чадвар хөдөлгөөний ахиц дэвшлийг хянах, сайжруулах шаардлагатай хэсгийг тодорхойлохын тулд бие бялдрын хөгжлийн тогтмол үнэлгээг хийж хэвших нь чухал. Хүүхдийнхээ бие бялдрын хөгжлийн талаар эцэг эхчүүдтэй нээлттэй харилцаж, идэвхтэй амьдралын хэв маягийг сурталчлахад тэдний оролцоог дэмжиж байх нь хүүхдийн өсөлт хөгжил, амьдралын чанарт эерэг нөлөө үзүүлнэ.
Сургуулийн бага насны хүүхдийн бие бялдрын хөгжилд нөлөөлөх хүчин зүйл
Нийгмийн хөгжил нь хүүхдийн бие бялдрын өсөлт, хурдад хэрхэн нөлөөлдөг вэ?
Нийгэмшихүй (socialization) Хувь хүн нийгэм болон тодорхой бүлэгт үр дүнтэй ажиллах, дасан зохицоход шаардлагатай нийгмийн ур чадвар, итгэл үнэмшил, үнэт зүйл, зан үйлийг эзэмших үйл явц. Тухайлбал багийн спорт нь хүүхдийн нийгмийн ур чадварыг хөгжүүлэхэд тусалдаг. (Бусад хүмүүстэй амархан харилцах, багаар хамтран ажиллах чадвар) (Press, 2023). Бусадтай харилцах, харилцаа тогтоох, сэтгэл хөдлөлөө ойлгох, илэрхийлэх чадварыг багтаасан нийгмийн болон сэтгэл хөдлөлийн ур чадварын өсөлт, боловсронгуй байдлыг хамардаг. Энэ нь хүүхдийн ерөнхий хөгжлийн чухал хэсэг юм.
Зураг 7. Бие бялдрын өсөлт хөгжилд нөлөөлөх хүчин зүйл
Хоол тэжээл: Хүний анхдагч хэрэгцээ яах аргагүй хоол хүнс юм. Хоол хүнсгүйгээр хүний амьдралыг төсөөлөхөд бэрх билээ. Хоол тэжээлийг зөв зохистой хэрэглэхээс шалтгаалж хүний эрүүл урт удаан наслах нөхцөл бүрддэг. Хүүхдийн хоол тэжээл нь тэдний бие бялдрын өсөлт, тархины хөгжил, зан үйл, төлөвшилд нөлөөлдөг. Тэдний хоолны дэглэм нь эрч хүч, анхаарал төвлөрөл, эрүүл мэндийн урт хугацааны асуудалд чухлаар нөлөөлдөг. Нийгмийн эмзэг орчинд байгаа хүүхдүүд зөв хооллолтгүй байх тохиолдол элбэг байдаг бөгөөд энэ нь хүүхдийн бие бялдрын өсөлтөд нь сөргөөр нөлөөлдөг байна. МУ-ын хүн амын хоол тэжээлийн тулгамдаж буй асуудлыг үндэсний судалгааны тайлан V-аас дэлгэрүүлэн судалж үзээрэй. (https://www.unicef.org/mongolia/media/1121/file/NNS_V_Sedevchilsen_tailan_MN.pdf)
Сэтгэл зүйн тэнцвэрт байдал: Нийгмийн халамж, дэмжлэг тусламж үйлчилгээ үзүүлэх орчин нь стрессийг бууруулж, өсөлтийн гормоныг тэнцвэртэй ялгаруулахад эерэг нөлөө үзүүлдэг. Хүүхдийн сэтгэл зүй нь эмзэг бөгөөд маш мэдрэмтгий байдаг. Энэ үед эерэг болон сөрөг зүйлсийг нь огт үгүйсгэхгүй хүлээж авах хэрэгтэй. Аз жаргалтай байхыг нь хүлээн зөвшөөрч байгаатай яг адил уурлаж бухимдахыг нь мөн адил хүлээн зөвшөөрөх. Ингэснээр хүүхдийн сэтгэл зүйн асуудал бие махбодын хувьд тэнцвэртэй байдлаар аливаа асуудалд хандах зөв суурь бий болно.
Үе тэнгийнхний нөлөө: Үе тэнгийнхэнтэйгээ нийгмийн эерэг харилцаанд оролцох нь бие бялдрын идэвхжил, ур чадварыг хөгжүүлэхэд түлхэц болдог. Үе тэнгийнхний нөлөөлөл нь суралцах, урам зориг өгөх, үлгэр дуурайлал үзүүлэх, нийгмийн хэм хэмжээг дагаж мөрдөх, сэтгэл санаан тэсвэр тэвчээр, зөв дадал зуршлыг бий болгоход маш чухал. Эдгээр талууд нь бие бялдрын ур чадвар эзэмших, бие бялдрын хувьд идэвхтэй амьдралын хэв маягийг сурталчлах, хувь хүнийг бүхэлд нь хөгжүүлэхэд хувь нэмэр оруулдаг байна.
Эцэг эх, асран хамгаалагчийн дэмжлэг: Хүүхдээ дэмжих эцэг эх, асран хамгаалагчид байгаа нь тэдний аюулгүй байдал, бие бялдрын өсөлтийг сайжруулахад хүчтэй нөлөө үзүүлдэг байна. Эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхдүүддээ үлгэр дуурайлал болохоос гадна хүүхэд бүр бусдаас суралцдаг. Эцэг эхчүүд нь биеийн тамирын дасгал хөдөлгөөн чухалчилдаг бол хүүхдүүд ижил төстэй амьдралын эерэг дадал хэвшлийг бий болгох магадлал өндөр байдаг. Энэ нь хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилтөд эергээр нөлөөлнө.
Боловсрол, хөгжил: Хүүхэд бүр сургалтаар, амьдрал дундаас, хийж турших явцдаа боловсролыг олж авдаг. Биеийн тамир, спортоор хичээллэх соёлыг төлөвшүүлэхэд боловсрол, хөгжлийн хүртээмжтэй байдал маш чухал юм. Боловсролоор дамжуулан хувь хүн эрүүл мэнд, амьдралын чанар, сайн сайхан байдлын талаар шаардлагатай мэдлэг, ур чадвар, ухамсрыг олж авдаг. Энэ нь эргээд идэвхтэй амьдралын хэв маягийг сурталчлахад нийгэмд өөрийн хувь нэмрээ оруулна.
Нийгэм эдийн засгийн ялгаа: Хүүхдийн нийгмийн орчин дахь янз бүрийн элементүүд хоорондоо харилцан уялдаатай, Эдгээр хүчин зүйлсийг цогцоор нь авч үзэх нь хүүхдийн ерөнхий өсөлт хөгжил, амьдралын сайн сайхан байдал, эрүүл өсөх боломжуудыг бий болгоход тусална. Хүүхдэд ээлгүй, тохиромжгүй орчинд өссөн хүүхдүүд эрүүл мэндийн архаг хэлбэрт өртөх, боловсролын түвшин буурах, эдийн засгийн боломж хомсдох зэрэг эрсдэл өндөртэй байдаг. Жишээ нь : Орлого багатай гэр бүлийн хүүхдүүд эрүүл, тэнцвэртэй хооллолтыг хэрэглэх боломж хязгаарлагдмал байж болох бөгөөд энэ нь зөв өсөлт, хөгжилд чухал үүрэгтэй. Хоол тэжээлийн дутагдал эсвэл хангалтгүй хооллолт нь эрүүл мэндийн янз бүрийн асуудалд хүргэж, танин мэдэхүйн болон бие бялдрын хөгжилд саад болж болзошгүй юм.
1.1.3.Бага насны хүүхэд стресст өртдөг үү?
Стрессийн онол, үзэл баримтлал
СТРЕСС (stress) Стресс нь хүний амьдралд тохиолдож нөлөөлж байсан үйл явдлууд гэхээсээ илүүтэйгээр харин хүн тэдгээрийг хэрхэн хүлээн авч чадаж байна гэдэг асуудал юм.
Сүүлийн жилүүдэд стресс хэмээх ухагдахуун түгээмэл тархаж байна. Хүн бүр стресст өртөж, бүгд л стрессийн тухай ярьж байгаа боловч чухам стресс гэж юу юм бэ? гэдгийг тэр бүр сонирхдоггүй нь нууц биш.
Стрессгүйгээр бид амьдарч чадах уу?
Шинжлэх ухаан боломжгүй гэсэн хариултыг өгч байна. Амьдрал нэгэн хэвийн бөгөөд тогтонги байдлыг тэвчдэггүй, стрессийг үүсгэгч гол хүчин зүйл амьдрал өөрөө. Стрессгүй амьдрал бол үхэлтэй адил. Ингэхээр хүнийг стрессээс бүрэн чөлөөлөгч нь зөвхөн үхэл юм гэж Г.Селье үзсэн байна. (Selye. H., 1956) Мэдээж хүн төрөлхтний түүхэнд стресс байсан бөгөөд хүчилтөрөгч ч мөн 17-р зуунд нээгдсэн гэж үздэг. Анхны стрессийн тухай бүтээлүүд стресс үүсгэх өдөөгчид (стимул) бие махбод хэрхэн хариу үйлдэл үзүүлдэгт гол анхаарлаа хандуулж байв. Каннон (1932) стресст үзүүлэх хариу үйлдэл “тэмцэл эсвэл нислэг” (тэмцэх эсвэл зугатах) (fight-or-flight) гэсэн нэр томъёог анх гаргаж ирсэн бол орчин үеийн стресс судлалын эцэг гэгддэг. Канадын эрдэмтэн Нобелийн шагналт Ганс Селье (1907-1982) тэрхүү тодорхойлолтыг эмнэлгийн ажиглалт болон лабораторийн туршилтаар баяжуулан судалсан байна. Тэрээр бүх амьд организм стресс үүсгүүрт хариу үйлдэл үзүүлэхдээ “General Adaptaion Syndrome - GAS” (Дасан зохицлын ерөнхий шинж) гэх гурван үе шатыг дамждаг гэсэн санааг дэвшүүлжээ. (Selye. H., 1956)Энэ гурван үе шат нь:
Зураг 8. General Adaptaion Syndrome - GAS
Үе шат болгон нь бие махбодын болоод сэтгэцийн хариу үйлдлүүдийг сэдэлжүүлж байдаг. Стрессийг эдгээх арга хэмжээ авахгүй бол биеийн ба сэтгэл зүйн эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Ганс Селье "Стресс нь ямар ч хор, бактериас илүү аюултай бөгөөд хавьгүй олон төрлийн өвчин эмгэг үүсэх суурь шалтгаан болдог" гэсэн байна. (Selye. H., 1956)
1936 онд Ганс Селье техникийн шинжлэх ухаанаас “даралт”, “шахалт”, ”хүчдэл” хэмээх ухагдахууныг эмнэлгийн шинжлэх ухаанд хэрэглэсэн ба угтаа энэ нь стресс гэсэн үг юм гэж үзсэн байна. Тухайн үедээ уг ойлголт нь хүнд хамаатай бус харин өөрийнхөө лабораторид туршилт хийж байсан хулгануудад хамаатуулж байлаа. Торонд байгаа хулганы хаалгыг нээхэд хулганууд тал бүр тийшээ зугтан гүйлдэж хэсэг хугацааны дараа барьж аван буцааж торонд нь хийж байв. Туршилтын явцад хулгануудын дотоод эрхтэнд эмгэг өөрчлөлт ажиглагджээ. Ийнхүү зугтаж баригдаж байгаа байдал нь Сельегийн үзэж байгаагаар эмгэг өөрчлөлтийн шалтгаан болж байна гэжээ. Г.Селье туршилтуудаа улам хүндрүүлж хулгануудыг айлгаж байв. Хулгана байгаа торонд гэнэт цахилгаан хүчдэл өгөх, усаар дүүргэх эсвэл хөдөлж чадахгүй болгох, чанга дуу чимээ гаргах гэх мэтээр дарамтыг бий болгож байв. Туршилтыг ямар ч хэлбэрээр хийсэн тэдэнд үүсэж байгаа эмгэг өөрчлөлт нэг л янз байсан байна. Эмгэг үүсэж байгаагийн үндсэн шинж нь ходоодны шарх байсан ба ингэхлээр стресс нь гаднаас үзүүлж буй нөлөөнд бие махбодоос үзүүлж байгаа өвөрмөц хариу үйлдэл юм гэсэн дүгнэлтэд Г.Селье хүрчээ.
Стрессийн нөлөөлөл хүн бүрд харилцан адилгүй байдаг. Зарим хүн сэтгэл зүйн маш хүнд нөхцөлд амьдарсан ч бэрхшээлийг зоволгүй даван туулж, нэг ч өвчин тусдаггүй. Түүнчлэн хорт хавдар туссан хүмүүс дээр хийсэн судалгаанаас үзэхэд стресстэй үйл явдлуудаас эерэг утгатай сургамж авч, бие хүний хувьд өсөж хөгждөг хүмүүс ч олон байдаг ажээ (Карвер ба Антони, 2004). Үүнээс үзэхэд хүн стресстэй нүүр тулж, түүнийг даван туулах ямар арга барилтай байгаагаас сэтгэл зүйн ба бие махбодын үр дүн шалтгаалдаг ажээ. (Antoni M.H, 2003. 8. 40-51.)
Стресс нь эхлээд бидний мэдрэлийн болон дотоод шүүрлийн тогтолцоог цочроосноос хүн түрэмгий, цочмог ууртай, сэтгэл хөдлөлөө удирдаж чадахаа байдаг. Ингээд энэ нь бие махбодыг эцээн сульдааж дур хүсэл урам зориг буурч депресст хүргэж болзошгүй. (1990 онд хойд Каролинд хийсэн судалгаагаар стресст өртсөн хүмүүс нь хөдөлмөрлөх чадвараа 4,8 дахин их алддаг болохыг тогтоожээ.) Стрессийг тайлбарласан онолууд нь эрт дээр үеэс бий болжээ. Эртний хүй нэгдлийн үеийн хүмүүс хүртэл хэт их халууцдаг, эсвэл даарах, их айх, хүнд хүчир ажил хийх, эцэж тамирдах, өвчлөх зэрэг өөр өөр үзэгдлийг зөн совингоороо ойлгон мэдэрч байсан. (Кокс.Т, 1981, х 156) Зарим судлаачид Стрессийг эртний Франц дундад зууны үеийн “дистресс” гэсэн үгнээс үүсэлтэй гэж үзжээ. Дистресс нь уй гашуутай, аз жаргалгүй эцэж цуцсан зовлон гэсэн үг юм. Бүр өвчин эмгэг үүсгэх аюултай, хүч нөлөө ихтэй бие махбодод хортой энэхүү стрессийг анагаах ухаанд дистресс гэх боловч бид ихэвчлэн стресс гэдгээр нь л нэрлэж заншжээ. Дистрессийн эхний үе “ди” нь аажимдаа гээгдэх замаар “стресс” гэдэг үг бий болжээ. Стрессийн үйл явц нь тааламжтай байхаас гадна, тааламжгүй ч байж болно. Харин дистресс нь ямагт тааламжгүй байдаг. Өөрөөр хэлбэл, эмгэг өөрчлөлтийг бий болгож байгаа шалтгаан нь гадны нөлөөлөл бус (цахилгаан хүчдэл, дуу чимээ г.м) харин гадны нөлөөлөлд бие махбод хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаа явдал юм. Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа энэ бол стресс үүсгэх нөхцөлийг үүсгэж байгаа зориудын орчин юм хэмээжээ. Стресс гэж сэтгэл түгшин байнгын сэтгэлийн дарамттай байхыг хэлнэ. Тиймээс стресс, стресс ба, сэтгэл түгшилт, сэтгэлийн түгшүүрийг ялган таних нь чухал юм.
Хүснэгт 2. Стресс ба сэтгэлийн түгшүүр
Стресс үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс, үр дагавар
Дэлхий дээр 400 гаруй төрлийн өвчин байдгийн 80 гаруй хувь нь стрессээс үүдэлтэй гэдгийг эрдэмтэн судлаачид тогтоосон байна. (Цэвэлмаа Н, 2009)
Стресст нийгмийн бүхий л давхаргын бүх насны хүмүүс өдөр бүр ордог боловч, стресст өртсөнөө ихэнх хүмүүс тэр бүр мэддэггүй. Стресс нь нас, хүйс, анги, давхарга, арьс өнгө зэргийг үл хамааран нөлөөлж байдаг.
- Зургаагаас дээш насны хүүхдүүдэд сургуульд ороход сургуулийн орчинд дасах, сургуульд явах замд муу хүмүүстэй таарах, гэр бүлийн эцэг эхийн хэн нэгний дарамт шахалт, сүрдүүлгийн дор байх зэрэг олон зүйлүүд стрессийн хүчин зүйлс болж байдаг.
- Оюутан залууст амьдралын шинэ орчин, шинэ үе тэнгийн хүүхдүүдийн дунд орох, санхүүгийн бэрхшээлүүд, хайр сэтгэлтэй учрах, бэлгийн харилцаанд орох зэрэг нөлөөлдөг.
- Өтөл насны үед тэтгэвэрт суух, хамт олноосоо хөндийрөх, санхүүгийн байдал нь буурахаас эхлээд, эрүүл мэнд муудах, түүндээ санаа зовох, хань ижлээ алдах, хүүхдүүд нь өрх тусгаарлан гарах зэрэг өдөр тутмын аар саар явдлуудаас эхлээд, амьдралд гарах томоохон эргэлт өөрчлөлтүүд бүгд стрессийг үүсгэж байдаг байна
Хэдий тийм боловч, нэг ижил төрлийн стресс үүсэх нь хүн бүрд харилцан адилгүй нөлөөлдөг учир хүн бүрийн стресс өөр өөр байдаг.
Тухайлбал: 10 хүний стресс 10 өөр арга замаар тайлбарлагддаг хэдий ч ижил нөхцөл байдалд , ижил дарамт шахалт, ижил золгүй тохиолдол ижил стрессоруудыг хүн бүр өөр өөрийнхөөрөө хүлээн авч өөр өөр урвал өгдөг. Энэ нь тухайн хүний хувийн зан араншин, амьдралын байдал, амьдралыг үзэх үзэл зэрэг олон зүйлээс шалтгаалдаг. Зөвхөн нэг л өдөр гэхэд бидэнд олон янзын үйл явдлууд тохиолддог. Тэдний заримд нь бид баярлан хөөрч, урам зоригтой сэтгэл өөдрөг байдаг, заримд нь гунин гутарч, уурлаж бухимдах тохиолдол бишгүй гардаг ба энэ бүхэн бүгд стресс юм.
Судлаачид стресс үүсгэдэг дараах хүчин зүйлүүд байна гэж үзэж байна:
- Дутуу цадах болон химийн гаралтай бодисын солилцооны тэнцвэрт байдал алдагдуулдаг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн
- Архаг өвчин болон өвчлөлтүүд
- Айдас \оюун санаан дах зөрчилдөөн\
- Итгэл алдрах мэдрэмж
- Орчны нөлөөллүүд
- Ёс зүйтэй холбоотой өөрийн болон бусдын шинжүүд
- Кофеин, никотин г.м
Уйтгарлах, догдлох болон бусад сөрөг сэтгэлийн хөдөлгөөнүүд тархины баруун хэсэгт үүсдэг бөгөөд үүнийг анх Пирре Флор-Генри (Pierre Flor-Henry) 1980-аад оны дундуур нээсэн байна. Тархины баруун хэсэгт үүсдэг эдгээр сэтгэлийн хөдөлгөөн нь тархины баруун талаас зүүн хэсэг рүү ирэх хөдөлгөөний мэдрэлүүд огтлолцоход булчинд дарамт үүсгэснээс илэрдэг. Судалгаагаар хойд Америкийн хүн амын дийлэнх хэсэг нь онцгой түгшүүрийн байдалд (урт хугацаанд үргэлжилсэн үндэслэлгүй түгшүүр) түгшин амьдардаг нь тогтоогджээ. Өдөр нь өдөр тутмын стресстэй байдлаасаа болж кофе (кофеин) их хэрэглэж орой нь тэд цэцэгсийн үнэр үнэртэхгүй, шувуудын жиргээн, нар тэнгэрийг харахгүйгээс ихээхэн стресстэй байдаг ажээ. Түгшүүрийн энэ хэлбэр хүний эрүүл мэнд төрх байдалд хүчтэй нөлөөлдөг байна. (Хүснэгт 3) (Элкин, 2006. — С. 320.)
Хүснэгт 3. Стрессийн илрэл (бие махбод, сэтгэл зүй, зан байдал)
Стресс аажмаар хуримтлагдан даамжирч, гүнзгийрч архаг шинжтэй болж ирвэл энергийн шавхагдалд орж, хүний эрүүл мэнд, ажиллах чадвар, сэтгэл санаанд, танин мэдэхүйн үйлдэлд сөргөөр нөлөөлж эхэлнэ. (Берн Э, 1992) ДЭМБ-ын тодорхойлсноор “Эрүүл байна гэдэг нь зөвхөн өвчин эмгэггүй байх төдийгүй, оюун санаа, нийгэм, сэтгэл зүйн хувьд сайн сайхан байхыг хэлнэ” гэсэн байдаг. Ийм учраас бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах ДЭМБ-ын зорилгод хүрэхийн тулд өвчлөлийг бууруулахаас гадна нийгмийн болон сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж буй сөрөг хүчин зүйлсийг бууруулах хэрэгтэй. (Ганцэцэг.Т., 2010)
Хүүхэд стресст өртдөг үү?
Хүүхэд сэтгэлээр унах, бухимдах, сэтгэл түгших, уурлах гэх мэт сэтгэл хөдлөлийн олон хэлбэрийг мэдэрч байдаг. Гэхдээ хэрхэн илэрхийлэхийг төдийлөн сайн мэддэггүй. Энэ нь сэтгэл хөдлөлийн оюун ухаан, үгийн баялаг хараахан хөгжөөгүй байгаатай холбоотой юм. Тиймээс томчууд бидний хийх ёстой зүйл бол тэднийг ажиглаж, анхаарах нь чухал. Багш, эцэг эх, асран хамгаалагч нар нь хүүхэдтэйгээ төдийлөн сайн ярилцдаггүй, мөн өөрсдөө сэтгэл хөдлөлөө төдийлөн сайн зохицуулж чаддаггүй бол түүнийг харж, ажиглаж буй хүүхдүүд өөрт үүсэж буй таатай болон таагүй мэдрэмжүүдийг зохицуулахад бага зэргийн хүндрэл тулгардаг.
Хүүхдийн стрессийн талаар судалгаа бидэнд юу өгүүлэв?
- Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгийн 2019 онд АНУ-ын өсвөр үеийнхний 27% нь хичээлийн жилийн туршид хэт их стресст орсон гэж мэдээлсэн бөгөөд сургуулийн аюулгүй байдал, сурлагын дарамт, хувийн аюулгүй байдлын талаарх санаа зовнилыг ихээхэн стресстүүлэгч гэж үзжээ. https://www.apa.org/news/press/releases/stress/2018/stress-gen-z.pdf
Хүүхдүүдийн байнгын стресс нь тэдний танин мэдэхүйн чадвар, сурлагын гүйцэтгэлийг бууруулдаг болохыг тогтоожээ. Энэ нь төвлөрөл, ой санамж, асуудал шийдвэрлэх чадварт хүндрэл учруулж, эцэст нь тэдний сурлагын амжилтад сөргөөр нөлөөлдөг. https://link.springer.com/article/10.1007/s10802-014-9920-4 - Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр бага насны архаг стресст өртөх нь хожим насандаа сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямрал, гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD) зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн эмгэг үүсгэх эрсдэлтэй холбоотой байдаг. https://www.nimh.nih.gov/health/publications/stress/index.shtml
- Харвардын Их Сургуулийн хүүхдийн хөгжлийн төвөөс хийсэн судалгаагаар бага насны архаг стресс нь түрэмгийлэл, биеэ авч явах байдал, үе тэнгийнхэнтэйгээ эерэг харилцаа тогтооход бэрхшээлтэй зэрэг нийгэм, зан үйлийн асуудалд хүргэдэг болохыг судалсан байна. https://developingchild.harvard.edu/science/key-concepts/toxic-stress/
- МУИС-ийн ШУС-ийн Нийгмийн ухааны салбар, Боловсролын хүрээлэнгийн судлаачдын баг сургуулийн бага, дунд ангийн 6-13 насны сурагчдад стресс бухимдал хэвийн үзүүлэлтээс өндөр бөгөөд сурагчдын дийлэнх нь КОВИД-19 цар тахлаас, сурлагаар хоцрогдохоос айж байгаа тул айдсыг багасгахад дэмжлэг туслалцаа үзүүлэх шаардлагатай байна. Мөн сурлагаар хоцрогдох, КОВИД-19 вирус халдах, өвчлөх, хичээл эхлэхэд шалгалт өгөх, сургууль дээрээ эргэн очихдоо зожиг болсон байх, анги улирахаас айх, санаа зовних зэрэг байдал сурагчдын дунд нийтлэг байна гэсэн дүгнэлтүүдийг хийжээ. https://www.unicef.org/mongolia/
Стресс хэзээ хор хөнөөл болдог вэ?
Хэт хүчтэй, ноцтой, удаан үргэлжилсэн эсвэл гэнэтийн стресс нь хүүхдийн даван туулах чадварыг дарангуйлдаг. Хүүхэд стрессээ тайлаагүй, эсвэл тэдэнд шаардлагатай дэмжлэг үзүүлээгүй, даван туулах чадвар дутмаг үед стресс хор хөнөөлтэй байдаг. Цаг хугацаа өнгөрөх үед хэт их стресс нь хүүхдийн сэтгэц, бие махбод, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Стресс ашиг тустай юу?
Бага хэмжээгээр хүүхдүүдэд зөв дэмжлэг үзүүлэх үед стресс нь эерэг нөлөө үзүүлнэ. Энэ нь бэрхшээлийг даван туулахад тусалдаг. Тэдэнд зорилгодоо хүрэх, хүчин чармайлт гаргах, анхаарлаа төвлөрүүлэх, ур чадвараа хөгжүүлэх боломж олгодог.
Хүүхдийн стрессийн шинж тэмдэг
Тархины ачаалал ихдэх үед ядарч, ажиллах ёстой булчин хүртэл зогсонги болдог. Уур хүрэх, сэтгэл санааны тогтворгүй байдал, нойр хүрэхгүй байх, уйтгар гуниг юунаас үүсдэг зэрэг нь бүгд л стрессийн шинж тэмдэг. Хүүхдийн стресс нь дараах байдлаар илэрдэг.
Зураг 9. Хүүхдийн стрессийн шинж тэмдэг
Хүүхдэд стресс үүсгэдэг хүчин зүйлүүд
- Өөрийнхөө тухай сөрөг бодол, мэдрэмж
- Бэлгийн бойжилтын эхэн үе
- Сургуулийн шаардлага болон шалгалт
- Гэрийн даалгавар их байх
- Сургууль дээр найз нөхөдтэйгээ харилцах, нийгэмших зэрэг асуудлууд
- Гэр нүүх, сургуулиа солих
- Эцэг эх салах зэрэг томоохон өөрчлөлтүүд
- Архаг өвчин, гэр бүл дэх санхүүгийн асуудал
- Хайртай хүний үхэл, хагацал
- Аюултай орчин нөхцөл
Асуулт даалгавар
- Хүүхдийн тархины хөгжлийн гол үе шатуудыг тайлбарлана уу. Эдгээр үе шатууд нь суралцах чадварт хэрхэн нөлөөлдөг вэ?
- Хүүхдүүдийн сурах үйл явцыг идэвхжүүлэх тархины үүргийг тодорхойлж, тайлбарлах.
- 6-11 насны хүүхдийн бие бялдрын өсөлтийн гол үе шатууд юу вэ? Эдгээр үе шатууд нь тэдний хөдөлгөөний ур чадварт хэрхэн нөлөөлдөг вэ?
- Бага ангийн хүүхдүүдийн тархины хөгжил, суралцахад хүрээлэн буй орчны хүчин зүйлс (хоол тэжээл, нойр, гэр бүл... гэх мэт) хэрхэн нөлөөлдөг тухай богино эсээ бичээрэй.
- Бага сургуулийн хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд биеийн тамирын дасгалын ач холбогдлыг тайлбарлана уу.
- Сургуулийн насны хүүхдүүдийн бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндэд хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг ямар үр дагавартай болохыг ярилцаарай.
- Бага сургуулийн хүүхдүүдэд стрессийн нийтлэг шинж тэмдэг юу вэ?
- Сургуулийн насны хүүхдүүдийн стресст нөлөөлдөг гурван үндсэн хүчин зүйлийг тодорхойлж, ярилцаарай.
Ашигласан ном зүй:
- Antoni M.H. (2003. 8. 40-51.). “Stress Management and Psychoneuroimmunology in HIV Infection” CNS Spectrums.
- https://www.apa.org/. (2018, 10).
- Ormrod, T. M. (2007). Child Development and Education . Upper Saddle River, New Jersey Columbus, Ohio: Kevin M. Davis.
- Press, O. U. (2023, 12 09). www.oxfordlearnersdictionaries.com. Retrieved from OxfordLearnersDictionaries: https://www.oxfordlearnersdictionaries.com/definition/english/physical_1?q=physical
- Selye. H. (1956). The Stress of Life. New. York: McGraw-Hill.
- Teresa M. McDevitt, J. E. (2007). Child Development and Education. USA : McDevitt.
- Анударь, Ч. (2023). Хүүхэд өсвөр насныханд стрессээ даван туулахад хэрхэн туслах вэ? 36.
- Батсайхан, Б. Д. (2013). Ерөнхий сэтгэл судлал. УБ.
- Берн Э. (1992). Трансакционный анализ и психотерапия. СПБ.
- Бурмаажав. Б., К. Ж. (2011). Хүүхдийн эрүүл ахуй-нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал судалгаа. УБ: Бурмаажав. Б., Купул. Ж.
- Ганцэцэг.Т., Л. (2010, 09 18). Стрессийг үүсгэх шалтгаан ба оношлогоо, тусламж. Улаанбаатар. Retrieved from www.shud.mn: https://www.shud.mn/a/17
- Кокс.Т. (1981, х 156). Стресс . М.,.
- Н. Бэгз., С. С. (2023). Монгол хүүхдийн бие бялдар, нийгэмшил, танин мэдэхүйн хөгжлийн онцлог. УБ: Н.Бэгз, С.Санжаабадам. Цэвэлмаа Н. (2009). Стрессийн орчин үеийн ойлголт. Өрхийн анагаах ухаан., 5.
- Цэвээнлхазал. Я., Э. Д. (2010). Бага боловсролын сурган хүмүүжүүлэх зүй. УБ: Цэвээнлхазал. Я., Энхээ. Д.,.
- Элкин, А. (2006. — С. 320. ). Стресс для "чайников" Stress Management For Dummies. М., Вильямс,.
1.2. Сургуулийн бага насны хүүхдийн нийгэмшихүйн хөгжил
Суралцахуйн зорилт:
- Хүүхдийн нийгэмшихүйн хөгжил, түүний бүрдлүүдийг ойлгож, нийгэмшихүйн тухай зарим онолын үзэл баримтлалтай танилцах
- Хүүхдийн нийгэмшихүйн хөгжилд нөлөөлдөг хүчин зүйлсийг тодорхойлох
- Сургуулийн бага насны хүүхдийн нийгэмшихүйн хөгжлийн онцлогийг мэдэх
1.2.1.Сонирхолтой туршилт
Америкийн сэтгэл зүйч Р.Розентал дараах туршилтыг явуулжээ. Хүүхдийн оюун ухааны хөгжлийн түвшинг тодорхойлох сорилын судалгааг явуулж, судалгааны бодит үр дүнг үл харгалзан судалгаанд хамрагдсан таван сурагч дутмаас нэгийг нь таамгаар сонгон авч эд бол оюун ухааны хөгжлийн түвшин хамгийн өндөртэй, авьяаслаг, оюуны нөөц чадавхи сайтай, цаашид сайн суралцах магадлал ихтэй хүүхдүүд болох нь батлагдлаа гэж багш нарт мэдээлжээ. Хичээлийн жилийн төгсгөлд дахин судалгаа авч үзэхэд судлаачийн тохиолдлоор сонгон авсан дээрх сурагчид үнэхээр бусдаас сайн суралцсан байв.
Энэ судалгааны дүнг хэрхэн тайлбарлах вэ? Хүүхдийн хөгжилд орчны хүмүүсийн, тухайлбал, багш сурган хүмүүжүүлэгчдийн хандлага нөлөөлдгийг харуулж байна. Сэтгэл зүйчээс багш нарт өгсөн мэдээлэл нь багш сурагчдын харилцаанд нөлөөлжээ.
Нэгдүгээрт нь багш нар эдгээр сурагчид бол үнэхээр авьяаслаг сурагчид юм гэж итгэж тэдэнд хандах хандлага нь эрс өөрчлөгдөн, урьд өмнө олж хараагүй байсан чадавхи нөөцийг тэднээс олж харах болсон. Сурагчийнхаа аль нэг сайн талыг олж харсан үедээ магтаж, урамшуулж байсан нь лавтай. Энэ нь тухайн сурагчдын өөртөө, өөрийн хүч нөөцөндөө итгэхэд нь нөлөөлсөн.
Хоёрдугаарт нь багш дээрх сурагчидтай харилцахдаа бусдаас илүү чадвар авьяастай юм гэсэн байр сууринаас хандаж тэрхүү чадавхийг илэрхийлэн сорих, хөгжүүлэхэд тохирох даалгавруудыг өгч байсан ажээ.
Нэг хүүхэд өсгөхөд бүхэл бүтэн тосгоны дайтай олон хүн хэрэгтэй. Африк ардын зүйр үг
1.2.2.Хүүхдийн нийгэмшихүйн хөгжил, түүний бүрдэл хэсгүүдээс
Хүн нийгмийн харилцан үйлчлэлийн системд оршдогийн хувьд бага насны нийгэмшихүйн хөгжил нь хүний цаашдын хөгжлийг тодорхойлогч чухал хүчин зүйл болно. Хүүхдийн эцэг, эх, багш нар, үе тэнгийнхэнтэйгээ үүсгэсэн нийцтэй харилцаа нь өөрийгөө илэрхийлэх, өөртөө итгэлтэй болох, хамт олны өмнө хариуцлага хүлээх, бусдыг ойлгох, мэдрэх чадварыг нэмэгдүүлнэ. Товчхондоо сургуулийн бага насны хүүхдийн нийгэмшихүйн хөгжил нь анги, сургуулийн дүрэм журамд захирагдсан, багш, эцэг эхийн үүрэг даалгаврыг биелүүлдэг, үе тэнгийнхэнтэйгээ эвтэй, нийтэч харьцдаг, тэднийг ойлгож, тусалж чадаж байна уу? гэдгээр тодорхойлогдох юм. Хүүхдийн эдгээр чадварууд нь нэг дор бий болчихгүй, насанд хүрэгч, үе тэнгийнхэнтэйгээ харилцах харилцаа, тэдний туршлагатай уялдан суух бөгөөд тухайн хүүхдийн танин мэдэхүй, бие бялдрын хөгжил, эрүүл мэндтэй шууд холбоотой юм.
Энэ тухай “Хүний хөгжлийн нэг тал нь нийгэмшлийн чадвар ба олон улсад харилцаа-сэтгэлийн хөдөлгөөний чадвар хэмээн нэрийдэх боллоо. Хүний харилцаа-сэтгэлийн хөдөлгөөний хөгжил нь нийгмийн орчны үр дүн төдийгүй эргээд нийгмийн орчиндоо нөлөөлж байдаг тасралтгүй үйл явц юм”(Н.Бэгз, С.Санжаабадам болон бусад) хэмээн өгүүлжээ.
Харилцаа-сэтгэлийн хөдөлгөөний хөгжлийг судлаачид өөрийн ухамсар, харилцаа, сэтгэлийн хөдөлгөөний чадвар, эцэг эхтэйгээ харилцах чадвараар авч үзэж байна(https://www.youtube.com/watch?v=4Ademd1m_qI)
Нийгэмшихүйн хөгжлийн бүрдэл хэсгүүдээс дурдвал:
Зураг 10. Нийгэмшихүйн хөгжлийн бүрдэл хэсгүүд
Нийгмийн харилцааны чадвар
Сургуульд элсэн орж сурагчид хөгжлийн хувьд харилцан адилгүй байдаг. Тухайлбал, зарим хүүхэд өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцаа тогтоох чадвар өндөр байдаг бол зарим нь эсрэгээрээ байдаг. Тухайн хүүхдийн өссөн орчин, сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан эсэх зэрэг нийгмийн нөлөөллөөс гадна сурагчийн темперамент, зан төлөв, авьяас билэг зэрэг хувийн онцлог түүнд нөлөөлөх юм. Ямартай ч бусадтай нээлттэй харилцаж чадах нь тухайн хүүхдийн өөртөө итгэх итгэл, хамтач байдлыг нэмэгдүүлж, суралцах хүсэл сонирхлыг нь нэмэгдүүлдэг бол харилцааны чадвар сул, өөрийгөө илэрхийлэхдээ тааруу бага ангийн сурагчид сургууль, ангидаа дасан зохицох, ангийн хүүхдүүдтэй харилцахтай холбоотой асуудлуудтай нүүр тулдаг байна.
Нийгэм – сэтгэл зүйн дасан зохицол
Хүүхэд сургуулиас өөр сургууль руу шилжих, сургууль дотроо ангиа солих зэргээр анги хамт олноо солих, ойртож дотноссон үе тэнгийнхэн нь өөрчлөгдөж, шинэ анги, хамт олондоо дасан зохицох шаардлагатай болдог. Энэ үед хүүхдийн асран хамгаалагчид, хүлээж авсан багш тусгайлан тухайн хүүхдэд анхаарал хандуулж, шинэ хамт олонтой дасан зохицоход нь туслах хэрэгтэй. Үүнтэй холбоотой дурдахад аливаа шинэ орчинд дасан зохицож, хамт олны нэгээхэн хэсэг болох нь хүний нийгэмшихүйн чухал бүрдэл юм. “К.Рожерс, Р.Даймонд нар хүн нийгэмдээ хэрхэн төлөвшиж, нийгэм сэтгэл зүйн хувьд дасан зохицож байгаад бие хүний хөгжлийн хөдөлгүүр хүч болох өөрийн үнэлэмж, өөрийгөө болон бусдыг хүлээн зөвшөөрөх чадвар, нийгэм дэх чиг баримтлал, манлайлах тэмүүлэл мөн бусдыг даган дуурайх хандлага зэрэг чухал нөлөөлдөг гэж үзсэн байдаг (Dymond R. 1954).
Сэтгэлийн хөдөлгөөн
Сэтгэлийн хөдөлгөөн гэдэг нь бие физиологийн болон танин мэдэхүйн аль аль алиныг нь агуулсан, зан үйлд нөлөөлдөг мэдрэмж юм . Товчхондоо бидний баярлаж, хөөрч, уурлаж, гомдох зэрэг мэдрэмжүүдийн цогцыг сэтгэлийн хөдөлгөөн гэнэ. Түүнийг өөрийн сэтгэлийн хөдөлгөөнөө мэдэх, удирдах, бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох гэх мэтээр задлан авч үзвэл сургуулийн бага насны үеэс хүүхэд өөрийн сэтгэл хөдлөлөө удирдах, ойлгох чадвар нь онцгой сайжирдаг(Cunningham, Kliewer, & Garner, 2009). Түүний зэрэгцээ, тэд стресстэй нөхцөл байдалтай нүүр тулахад сорилтыг даван туулах чадвартай болно.
Сэтгэлийн хөдөлгөөний тухай ойлголт сайжирна. Сургуулийн бага ангийн сурагч бишрэх, ичих гэсэн төвөгтэй сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох чадвар нь нэмэгдэнэ. Эдгээр сэтгэлийн хөдөлгөөнүүд бусад хүний хариу үйлдэлтэй холбогдох нь харьцангуй бага байдаг. Тэд илүү өөрийгөө боловсруулсан, цогц хувийн хариуцлагын мэдрэмжтэй болно.
Онцгой нөхцөл байдал нэгээс илүү сэтгэлийн хөдөлгөөнийг бий болгодог гэдгийг ойлгодог болно. Гуравдугаар ангийн сурагч, тухайлбал ямар нэг зүйлийг эзэмшиж, түүнд хүрэхэд зовинол, баяр хөөрийн мэдрэмжийн аль аль нь төрнө гэдгийг ойлгоно.
Сэтгэлийн хөдөлгөөн бүхий хариу үйлдэл үзүүлэх үйл явдлуудыг ойлгох чадвар нэмэгдэнэ. Дөрөвдүгээр ангийн сурагч өөрийн гуниглаж буйгаа өнгөрсөн долоо хоногт найз нь өөр тосгон луу нүүсэнтэй холбон тайлбарлана.
Сөрөг сэтгэлийн хөдөлгөөний хариу үйлдлээ дарах эсвэл нуух чадварт суралцана. Тавдугаар ангийн сурагч ангийнх нь хүүхэд түүнийг өдөхөд уураа барих нь чухал гэдэгт суралцсан байна.
Мэдрэмжийг өөрчлөхийн тулд өөрийгөө удирдах стратеги ашиглана. Бага ангийн сурагч өөрийн сэтгэл хөдлөлийн амьдралаа илүү эрэгцүүлдэг болох ба өөрийн сэтгэлийн хөдөлгөөнөө удирдах чадвараа нэмэгдүүлнэ. Бухимдсныхаа дараа өөрийгөө тайтгаруулах гэх мэтээр өөрийн сэтгэл хөдлөлөө ухамсартайгаар, илүү үр дүнтэй удирддаг болж ирнэ.
Өөрийгөө чин сэтгэлээсээ бусдын оронд тавих(empathy) чадвартай болно. Жишээ нь дөрөвдүгээр ангийн сурагч сэтгэлийн түгшүүр, зовнилтой байгаа хүний оронд өөрийгөө тавих ба тухайн хүний мэдэрч буй мэдрэмжийг өөр дээрээ их таагүй, гунигтайгаар мэдэрнэ.
6-10 настай монгол хүүхдүүдийн сэтгэлийн хөдөлгөөний хувьд өөрийн болон бусдын эерэг болон сөрөг сэтгэлийн хөдөлгөөнийг мэддэг, уурлаж бухимдсан үедээ тайван байдлаа хадгалах чадвар сайн байна. Түүнчлэн юунд баярлаж, юунд гомдсоноо сайн мэддэг, сэтгэлийн хөдөлгөөндөө автан сөрөг зан үйлийг бараг гаргадаггүйг илэрхийлж байна.
Нийгмийн хэм хэмжээнд захирагдах, үнэт зүйлийг баримжаалах чадвар
Нийгмийн хэм хэмжээнд захирагдах нь олон нийтийн газар биеэ авч явах, дүрэм журмыг дагаж мөрдөх, ёс суртахууны хэм хэмжээг баримтлах зэргээр тодорхойлогдох бол үнэт зүйлийг баримжаалах нь ёс суртахуун, үзэл суртал, оюун санаа, нийгэм, гоо сайхны чиглэлээр төлөвшинө. Тухайлбал: хүүхэд сургуульд орсноор анги, сургуулийн дүрэмд захирагдах, түүнийг дагаж мөрдөх шаардлагатай болдог. Хэрэв тэдгээрт захирагдахгүй, дагаж мөрдөхгүй байвал бусад хүүхдээс илүү багш, эцэг эх, үе тэнгийнхний анхаарлыг татаж, түүнийг дагасан зэмлэл, буруушаалыг хүртэх нөхцлийг бүрдүүлнэ.
1.2.3.Хүүхдийн нийгэмшихүйн хөгжлийн талаарх зарим үзэл санаа, хандлагуудаас
Экологийн тогтолцооны загварын үзэл санаа
Америкийн сэтгэл зүйч Юри Бронфенбреннер “экологийн тогтолцооны загвар”-таа “хөгжлийн орчин нь хоорондоо шүтэлцээ бүхий дөрвөн тогтолцооноос бүрдэнэ. Эдгээр нь бичил, дунд, гадаад ба их тогтолцоо зэрэг юм. Орчин хүүхдэд нөлөөлөхөөс гадна, хүүхэд орчноо хувирган өөрчилж байдаг”-ийг дурдсан.
Ю.Бронфенбреннер хүүхдийн өөрийнх нь биологи үндэс түүний хөгжлийг өдөөх анхдагч орчин гэж үзжээ. Хүүхдийн биологи тогтолцоо(танин мэдэхүйн, сэтгэл хөдлөлийн болон бие эрхтний) нь гэр бүл, хамт олон, нийгмийн бусад институцтай харилцан үйлчилж, түүний хөгжлийг жолооддог. Аль нэг тогтолцоонд гарсан өөрчлөлт эсвэл зөрчил нь бусад тогтолцоондоо нөлөөлдөг гэж үзсэн бөгөөд тогтолцоо бүр тодорхой дүрэм, хэм хэмжээ, үүрэгтэй төдийгүй тэдгээр нь хүн хүмүүжин төлөвшиж хөгжихөд чухал нөлөө үзүүлдгийг онцолжээ(Хүснэгт 4).
Хүснэгт 4. Хүний хөгжилд нөлөөлөх орчны тогтолцоо
Нийгмийн орчны хүрээ, тогтолцоо | Нөлөөлөх хүчин зүйлс |
---|---|
Микро (Хүүхэд-түүний ойрын хүрээллийн харилцан үйлчлэл) | Хүүхэдтэй хамгийн ойр байгаа, түүнтэй шууд холбогдож байгаа харилцаж байгаа хүмүүс, байгууллага. Гэр бүл, цэцэрлэг, сургууль, ангийн хүүхдүүд болон найз, үе тэнгийнхэн, цэцэрлэг болон сургуулийн багш |
Мезо (Хүүхэдтэй шууд харилцаж буй орчин хоорондын харилцан үйлчлэл) | Сургууль, цэцэрлэг, гэр бүл, найз нөхөдтэй холбоотой үйл явдал. Микро тогтолцооны хоёр түүнээс дээш орчны нөлөөллийн харилцан үйлчлэлийг агуулна. Жишээ нь: мэргэжлийн мэдлэг, ур чадвартай, туршлагатай багш нарын харилцаа, хандлага нь хүүхдийн сурлага, хүмүүжил, төлөвшилд сайнаар нөлөөлж энэ байдалд эцэг эхчүүдийн сэтгэл ханамж өндөр байдаг. Багш, эцэг эхийн хоорондын эерэг харилцаа нь хүүхэд амжилттай суралцахад, багшийн талаарх эерэг ойлголтоо батжуулах нөхцөл болох юм. |
Экзо (Хүүхдийн хөгжилд шууд бус дам нөлөөлдөг, нийгмийн томоохон тогтолцоо) | Эцэг эхийн ажил, хэвлэл мэдээлэл, хөрш айлууд, хуулийн болон нийгмийн халамжийн байгууллагууд. Жишээ нь: Зарим аж ахуй нэгжүүд жилдээ нэг удаа гэр бүлийн өдөрлөгийг зохион байгуулж, өдөрлөгийн хүрээнд хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт, үзүүлбэр, хоол бэлтгэн эцэг, эхтэйгээ амралтын өдрийг сонирхолтой өнгөрөөх нөхцлийг бүрдүүлдэг байна. Энэ нь хүүхдэд сонирхолтой, аав, ээжтэйгээ хамт бусадтай өрсөлдөх, хамт байх чанартай цагийг нэмэгдүүлдгээрээ ихээхэн таатай сэтгэгдэл үлдээдэг байна. |
Макро | Улс төр, намын тогтолцоо, төрийн бодлого, уламжлал, ёс заншил, тухайн үндэсний нийгэм-соёлын үнэт зүйлс, хууль дүрэм |
Ээнэгшлийн онол
Хүүхдийн эрт үеийн нийгмийн хөгжил нь насанд хүрсэн үеийн нийгэмшихүйн хөгжлийн суурь нь болдог хэмээн эрдэмтэд үздэг. Нялх бага насны ээнэгшил(attachment)-ийн тухай онолыг эрдэмтэн Харри Харлоу хөгжүүлсэн. Сармагчны нялх зулзагыг төмөр утсаар хийсэн сүү өгдөг “эх”, зөөлөн эдээр хийсэн “эх”-тэй хамт амьдруулсан. Судалгаанаас харахад, сармагчны зулзага төмөр утсаар хийсэн, сүүгээр “тэжээдэг” эхээс илүү зөөлөн эдээр хийсэн “эх”-тэй илүү ойр дотно байж, илүү их цагийг хамт өнгөрөөсөн(Harlow & Zimmerman, 1959). Тэр ч бүү хэл хоёр ээжийг нь ойрхон байрлуулсны дараа зулзаганууд төмөр утсан ээжийгээ хөхөх үедээ ч зөөлөн эдээр хийсэн ээжтэйгээ зууралдсаар байв. Учир нь нялх сармагчны хувьд зөвхөн сүү өгдөг биш харин зөөлөн эдээр хийсэн “эх”-тэй илүү тав тухтай байснаас ээнэгшил үүссэн байна.
Харлоугийн дараа дараагийн судалгаануудаас сармагчны өнчин зулзагуудад шаардагдах бүх хоол тэжээлийг нь өгч байсан боловч тэд сэтгэл санааны хувьд хямралтай болж өссөн нь тодорхой болов. Тэд сармагчнуудынхаа дунд байж чадахгүй, бусад сармагчнуудтай харьцахдаа зүдэрч, маш их ууртай, догшин загнаж байв.
Үүнээс үндэслэн хүнд материаллаг хэрэгцээнээс гадна сэтгэл зүйн хэрэгцээ чухал болохыг онцлох болсон бөгөөд ээнэгшилт нь халуун, дулаан таатай уур амьсгал бүхий сэтгэлийн хөдөлгөөний холбоо юм. Хүүхдийн нийгэмшихүйн хөгжил тэнцвэр, тогтвортой явагдахын үндэс нь хүүхэд, түүний асран хамгаалагч хоорондын харилцаа байдаг. Энэхүү харилцааны загвар нь хүний насан туршид хадгалагдаж, тухайн хүний зан үйлийг тодорхойлно(Bowlby, 1969). https://www.youtube.com/watch?v=OrNBEhzjg8I&t=34s
Хүний хөгжлийн “Эго” онол
“Хүүхэд нас ба нийгэм”(1963) номондоо Америкийн сэтгэл зүйч Эрик Эриксон\1904-1994\ хүний хөгжлийг найман үе шат болгон загварчилсан байдаг. Хөгжлийн үе шат бүрт өвөрмөц зөрчил үүсэх нөхцөл бүрэлддэг бөгөөд уг зөрчлийг хэрхэн шийдвэрлэснээс тухайн шатны эцсийн үр дүн эерэг байх уу, сөрөг байх уу гэдэг нь шалтгаална гэж Эриксон үзсэн. Тэрээр 6-12 насны хүүхдийг сургуулийн насныхан хэмээн авч үзээд энэ насанд маш олон төрлийн чадвар, дадал эзэмшдгийг онцолсон. Үүнд сургууль, гэр бүл, үе тэнгийнхэн нь маш чухал нөлөөтэй. Хүүхдийн нэр хүнд нөлөөлөл төрөл бүрийн орчинд бодитойгоор өссөний улмаас түүний “Би үзэл баримтлал, өөрийн “Би”-гээ мэдрэх мэдрэмж” ойлголт нь ихэд өсдөг байна.
Сургалт системтэй зөв, орчных нь хүмүүсийн үлгэр дуурайлал сайн, хүүхдийн эрхэмсэг чанарыг нь хүндэтгэн харилцаж, байр сууриа зөв олоход нь тусалж чадвал тэд хөдөлмөрлөх дур сонирхол сайтай болдог. “Би юунд суралцсан бэ?” гэдгээр өөрийн хөдөлмөрлөх дур сонирхлоо хэмжих нь олонтой. Харин өөрийгөө бусадтай харьцуулан чамлаж эхэлбэл хүүхдийн энэ үеийн хөгжилд багагүй саад учирдаг байна. Өөрөөр хэлбэл хүүхэд өөрийн чадвар боломж, үе тэнгийнхэн дотроо эзлэх байр суурьтаа эргэлзэж эхэлбэл өөрийгөө чамлан, бусдаас дутуу дулимаг юм шиг мэдрэмж түүнд төрдөг байна.
1.2.4.Хүүхдийн нийгэмшихүй-харилцааны хөгжилд нөлөөлөх зарим хүчин зүйлс
Эцэг, эхчүүдийн хүүхэдтэйгээ харилцах харилцаа, хандлага хүүхдийн хөгжилд нөлөөлөх нь: Найзлах, бусадтай аливааг хуваалцах мөн бусад хүүхдийг удирдах эсвэл нөлөөлөх нь чухал чадвар гэж үздэг ээжийн хүүхдүүд бусад ээжийн хүүхдийг бодвол илүү өөртөө итгэлтэй, тусч, асуудлыг шийдвэрлэх чадвар өндөр байдаг байна.
Эцэг эх байна гэдэг чухал мэргэжил, гэхдээ хүүхдийн хүсэл сонирхолд тохирч буй эсэхийг нь хэзээ ч шалгадаггүй. Жеорж Бернард Шав
Хүүхдийн нийгмийн чадвар мөн эцэг, эхийнх нь сэтгэлийн хөдөлгөөнтэй холбоотой байдаг(Denham, Bassett, & Wyatt, 2007) . Тухайлбал, нэгэн судалгаагаар хүүхдэдээ эерэг сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлдэг эцэг эхийн хүүхдүүд илүү өндөр чадамжтай байв(Boyum & Parke, 2008). Хүүхэд эцэг, эхтэйгээ харилцан үйлчлэлцснээр өөрийн сэтгэлийн хөдөлгөөнөө зохих замаар илэрхийлэх аргад суралцана.
Тухайн гэр бүлийн эцэг, эхийн хүүхдээ өсгөх арга барилууд хүүхдийн хөгжилд ихээхэн үүрэг нөлөөтэй. Сэтгэл судлаач Diana Baumrind(1971, 1980) хүүхдээ өсгөх арга барилыг захиран тушаах, хүлцэнгүй, нэр хүндээр нөлөөлөгч, ардчилсан гэх дөрвөн хэв шинжид авч үзсэн(хүснэгт №5). Захиран тушаасан харилцааны хэв маяг бүхий эцэг эх хүүхдэд хязгаар, хяналтыг тавьж, хүүхдийн үзэл бодлоо хуваалцахыг төдийлөн зөвшөөрдөггүй. Жишээ нь “чи миний хэлснээр хийх юм уу, яахын...” гэж хэлэх магадлалтай. Тэд үгээр тайлбарлахгүй хэрнээ хүчээр дүрэм мөрдүүлэх гэж хичээнэ. Захиран тушаах хэв маяг бүхий хүүхдүүд бусад хүүхэдтэй харьцуулахад баяр хөөргүй, айдастай, ууртай байх ба энгийн үйл ажиллагаанд алдаа гаргах ба харилцааны чадвар сул байна. Захиран тушаах хэв шинж бүхий эцэг, эхийн эрэгтэй хүүхэд түрэмгий байх магадлалтай(Hart & болон бусад, 2003). Харин нэр хүндээр нөлөөлөгч хэв шинж эцэг эх хүүхдээ тэврээд “Үүнийг ингэж хийх ёсгүй гэдгийг чи мэдэж байгаа. Дараагийн удаа нөхцөл байдлыг илүү сайжруулах тухай ярилцъя” гэж хэлнэ. Энэ хэв шинжийн эцэг, эхчүүд хүүхдийнхээ бүтээлч зан үйлд баярлаж, дэмжиж буйгаа илэрхийлдэг. Харилцааны үл ойшоох хэв маяг бүхий гэр бүлд хүүхдэд тавих хайр халамж, хяналт удирдлага аль нь дутагдаж байдаг бол ардчилсан хэв маяг бүхий харилцаатай эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ зан үйлд хязгаарлалт маш бага тавьдаг учраас хүүхдүүд хэтэрхий сул чөлөөтэй байдаг байна.
Зураг 11. Хүүхэд, түүний эцэг эхийн харилцан үйлчлэл: шууд болон шууд бус нөлөөлөл
Хүснэгт 5. Хүүхэд өсгөх арга барилууд
Сэтгэл зүйч А.Адлер “Хувьслын хөгжлөөр ээжийн хайр бол хүүхдэд бусадтай хамтдаа байх туршлагыг өгдөг хамгийн тохиромжит өгөгдөл юм. Ээж нийгмийн харилцааг нь хөгжүүлэх алхмыг эхлүүлнэ. Тэр үеэс бий болсон эрт үеийн хүсэл эрмэлзэл нь хүүхдэд бүхлээс хэсэгчилсэн байдлаар амьдралыг харах, өөрийн ертөнцдөө бусад хүмүүстэй холбоо тогтоох эрмэлзлийг бий болгоно ” хэмээн “Нийгмийн сонирхол” номондоо дурдаж, хэрэв ээж бусадтай харилцааны асуудалтай, аливаад эв хавгүй ханддаг бол хүүхэд хөнгөн, хуумгай, эв хавгүй болно гэдгийг онцолсон.
Ах, эгч, дүүсийн харилцаа хүүхдийн хөгжилд нөлөөлөх нь: Хүүхдийн харилцаа, нийгэмшихүйн хөгжилд тухайн хүүхэд гэртээ аав, ээжээс гадна хэн хэнтэйгээ амьдарч байна гэдэг ихээхэн нөлөөлнө. Гэр бүл дэх ах, эгч, дүүсийн хоорондын эелдэг, зөөлөн, бие биенээ ойлгож, мэдэрсэн харилцаа нь хүүхдэд өөртөө итгэлтэй, бусдыг хайрлаж энэрэх, хүндлэх, хүлээн зөвшөөрөх зэрэг харилцааны эерэг чадваруудыг суулгадаг бол ах, эгч, дүүсийн харилцаанд бие биенээ үгүйсгэсэн, үл хүндэтгэсэн харилцаа давамгайлвал харилцааны сөрөг чадварууд хүүхдэд төлөвших сөрөг талтай.
Ах, эгч, дүүсийн харилцаа нь өргөн хүрээтэй, хүүхдэд олон талаар харилцаанд орох боломж олгодог өвөрмөц, хөгжлийн олон талын ач тустай харилцаа юм. Энэ тухай “Ах, эгч, дүүсийн харилцаа нь бие биедээ туслах, хуваалцах, заах, тэмцэх, тоглохыг багтаах бөгөөд ах, эгч, дүүс нь сэтгэл хөдлөлийн дэмжигч, өрсөлдөгч болоод харилцааных нь партнер байж чадна(East, 2009)” хэмээн өгүүлжээ.
Judy Dunn(2007), ах, эгч, дүүсийн харилцааны тэргүүлэх судалгааг хийж, тэдний харилцааны гурван онцлогийг тодорхойлсон юм:
- Харилцааны сэтгэл хөдлөлийн шинж. Ах, эгч, дүүс нь бие биедээ эерэг болон сөрөг сэтгэлийн хөдөлгөөний аль алиныг нь гүнзгий илэрхийлдэг. Олон хүүхэд, өсвөр үеийнхэн тэдний ах, эгч, дүүс бие биеийнхээ талаар янз бүрийн бодолтой байдаг.
- Ойр дотно, гүнзгий харилцаа. Ах, эгч, дүүс бие биенээ маш сайн мэддэг бөгөөд нөхцөл байдлаас хамааран бие биенээ дэмжиж эсвэл үгүйсгэн, доош хийдэг.
- Ах, эгч, дүүсийн харилцаан дах ялгаа. Зарим ах, эгч, дүүс хоорондын харилцаагаа хэн хэнээс илүү эерэгээр тодорхойлдог бол зарим нь хоорондын харилцаагаа залхмаар хэмээн тодорхойлдог.
Сэтгэл зүйч А.Адлер “төрөлтийн эрэмбэ” гэх үзэл санааг дэвшүүлж, хүүхдүүд айлын хэддэх хүүхэд болж төрсөн гэдгээсээ хамаарч, зан харилцааны хувьд ялгаатай байдгийг өгүүлсэн юм. Хүснэгт 6-аас төрөлтийн эрэмбэ болоод хүүхдийн онцлогуудыг харна уу?. https://www.youtube.com/watch?v=vM_3v6Iersg
Хүснэгт 6. Төрөлтийн эрэмбэ болоод хүүхдийн онцлогууд
Айлын том | Айлын дунд | Айлын бага | Айлын ганц |
---|---|---|---|
Төрөлхийн лидер, Зохион байгуулалт сайн, Цаг барьдаг, “Их мэдэх”, Захирангуй , Хариуцлагатай, Настнуудад хүндлэлтэй, Дүрмийг баримтлагч | Уян хатан, Нийтэч, Олон нийттэй ойр, Найзуудыг эвлэрүүлэгч, Биеэ даасан, Нууцлаг , Амьдралыг шударга бус гэж боддог, Хэлэлцээр хийхдээ сурамгай, Эелдэг | Эрсдэлд дуртай,Нээлттэй, Бүтээлч , Би-төвтэй, Санхүүгийн хувьд тогтворгүй, Өрсөлдөөнч , Аливаа зүйлээс амархан уйддаг, Эрхлэх, халамжлуулах дуртай, Хошин шогийн мэдрэмжтэй | Эцэг, эхтэйгээ ойр, Өөрөө өөртөө эзэн болдог, Удирдагч , Томоотой, Итгэл даахуйц, Шаардангуй , Уучлахдаа муу, Хувийн нууц ихтэй, Эмзэг, мэдрэмтгий |
Үе тэнгийнхэн, үе тэнгийнхэндээ нөлөөлөх нь:
Кейс №1.Би булцгар, мяраалаг талдаа охин байсан. Дөрөвдүгээр ангид байхад манай ангийнхан автобусаар нэг тийшээ явах болж, замдаа хөгжилтэй юм ярьж байгаад ангийн “хамгийн хамгийн”-аа шалгаруулах болов. Гэтэл автобусны ард сууж байсан банди “манай ангийн хамгийн тарган нь Б ш дээ” гэж чангаар хашгирсан. Ангийнхан тэр чигтээ инээлдэж, харин би өөртөө маш их уур хүрсэн. Тэр үеэс хойш “би яагаад ийм тарган юм бол оо” гэж байнга бодох болсон. Зун охид юбка, плаж өмсөнө. Харин би тарган харагдана гэж бодоод дандаа өмд өмсдөг байв...
Кейс №2.Би арьс цайрах эмгэгтэй, хөмсөг хэсэг маань цагаан. Сургуульд ороод удаагүй байхад багш “наад нүд, ам чинь яасан юм бэ? Зүгээр үү? Яагаад цайрчихсан юм” гэж загнангуй хэлж билээ. Жаахан байсан болохоор “багшаа, энэ өвчин” гээд хэлчихсэн. Түүний дараа миний хажууд суудаг охин “чиний өвчин надад халдах уу?” гэж асууж билээ. Би тухайн үедээ юу ч хэлж чадаагүй. Учир нь миний өвчин ангийнханд халдчих вий гэдгээс айж, аль болох хүүхдүүдтэй ойрхон байхгүйг хичээдэг болсон...
Хүүхдийн үе тэнгийнхнийх сайн харилцаа тэдний нийгэмшихүйн хэвийн хөгжилд чухал нөлөөтэй(Brown & Larson, 2009). Жан Пиаже(1932) болон Harry Stack Sullivan(1953) нарын эрдэмтэд хүүхдүүд үе тэнгийнхэнтэйгээ харилцан үйлчлэлцснээр харилцааны чухал талуудыг эзэмшдгийг онцолсон. Үе тэнгийнхэний харилцаа нь хүүхдийн хөгжилд эерэг болон сөрөг аль аль талуудаар нөлөөлдөг.
Хүүхэд сургуульд орсноор үе тэнгийнхэнтэйгээ хамтарч ажиллах нь чухал болж ирнэ . Хүүхдүүд үе тэнгийнхэнтэйгээ өнгөрөөх цаг нь аажмаар нэмэгддэг. Судлаачид үе тэнгийнхэнтэй өнгөрөөх цагийг хэмжиж үзэхэд хоёр настай байхдаа 10 орчим хувь байсан бол сургуулийн насанд 30-аас дээш хувь болж өссөн байна(Rubin, Bukowski, & Parker, 2006).
5 наснаас эхлэн хөвгүүд охидоос илүү олноороо бүлэг үүсгэх хандлагатай байдаг бол охид хоёр, гурван хүний бүрэлдэхүүнтэй бүлэг үүсгэдэг. Хөвгүүд тоглоомдоо илүү ноцолдож, өрсөлдөж, зөрчилдөж, эрсдэл хүлээсэн, давуу байхыг эрхэмлэдэг бол охид хамтдаа ярилцахыг эрхэмлэнэ(Leman, Ahmed, & Ozaraw, 2005).
Үе тэнгийнхэндээ үл зөвшөөрөгдөх нь нийгмийн эсрэг зан үйлийг агуулсан, удаа дараагийн дасан зохицлын асуудалд нөлөөлнө. Жон Кое
Сургууль дээр үе тэнгийнхэнтэйгээ таагүй харилцаатай байх, үе тэнгийнхэндээ гадуурхагдах, шоолуулах нь хүүхдэд маш хүнд цохилт болдог. Доромжлол, дээрэлхэл нь бие махбодийн хохирхол учруулах, үг хэлээр доромжлох, заналхийлэх зэрэг олон хэлбэрээр илэрнэ. Мөн сүүлийн үед хүүхдүүд цахим сүлжээнд гадуурхагдаж, үгүйсгэгдэх хандлага ч олшрох болов. Дээрэлхэл, доромжлолд өртсөн хүүхдүүдийн хэлж буйгаар тэд маш их ганцаардаж, найз нөхөдтэй болоход саад бэрхшээлтэй тулгардаг бол ихэнхдээ дүнгийн хоцрогдолтой, элдэв хорт зуршилд өртсөн хүүхдүүд бусдыгаа дээрэлхэж, доромжилдог байна. Судлаачдын олж тогтоосноор түгшиж, нийгмээс тусгаарлагдсан, түрэмгий хүүхдүүд ихэнхдээ дээрэлхэл, доромжлолын хохирогчид болдог байна(Hanish & Guerra, 2004). Түгшиж, нийгмээс тусгаарлагдсан хүүхдүүд дээрэлхэлтийн хохирогч нь болох магадлалтай. Учир нь тэд сүрдүүлэгч биш бөгөөд хэрвээ дээрэлхүүлвэл хариу авдаггүй. Харин түрэмгий хүүхдүүд дээрэлхэгчийн уурыг хүргэдэг тул хохирогч болох магадлалтай байна(Rubin, Bukowsi, & Parker, 2006).
Үе тэнгийнхний доромжлол, дээрэлхэл нь академик чадвар сул байхтай бага боловч салшгүй холбогддогийг олон судалгааны нэгтгэлээс харжээ(Nakamoto & Scwartz, 2010). Бусад хүүхдүүдийг бодвол үе тэнгийнхний дээрэлхэл, доромжлолд өртсөн мөн дээрэлхэж, доромжилсон хүүхдүүдийн аль аль нь сэтгэл зүйн хувьд ганцаардаж, өөрийгөө тусгаарлаж, түгшиж, сандрахаас гадна толгой өвдөх, толгой эргэх, нойрны асуудалтай болох зэрэг эрүүл мэндийн асуудалтай нүүр тулдаг байна. Цаашлаад үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртсөн хүүхэд, өсвөр үеийнхэн амиа хорлох оролдлого хийх, амиа егүүтгэх зэрэг алхам цөөнгүй хийсэн байдаг нь эцэг, эх, багш нарын хувьд тэдэнд онцгойлон анхаарал хандуулж, мэргэжлийн хүмүүстэй уулзуулах, зөвлөгөө авах арга зэргээр тусламж үзүүлэх шаардлага үүсдгийг хэзээ ч мартаж болохгүй.
Нөгөө талаас үе тэнгийнхний дээрэлхэл, доромжлолоос гадна багш(кейс №2-ыг уншина уу), эцэг эхийн санаандгүй хэлсэн зарим үг хүүхдэд маш хүндээр тусаж, хүүхэд бусдаас өөрийгөө тусгаарлах, ганцаардах, өөрийгөө үгүйсгэх, өөртөө итгэлгүй болоход нөлөөлдөг байна.
Дүгнэлт
Хүн нийгмийн харилцан үйлчлэлийн системд оршдогийн хувьд бага насны нийгэмшихүйн хөгжил нь хүний цаашдын хөгжлийг тодорхойлогч чухал хүчин зүйл болно. Хүүхдийн эцэг, эх, багш нар, үе тэнгийнхэнтэйгээ үүсгэсэн нийцтэй харилцаа нь өөрийгөө илэрхийлэх, өөртөө итгэлтэй болох, хамт олны өмнө хариуцлага хүлээх, бусдыг ойлгох, мэдрэх чадварыг нэмэгдүүлнэ. Товчхондоо сургуулийн бага насны хүүхдийн нийгэмшихүйн хөгжил нь анги, сургуулийн дүрэм журамд захирагдсан, багш, эцэг эхийн үүрэг даалгаврыг биелүүлдэг, үе тэнгийнхэнтэйгээ эвтэй, нийтэч харьцдаг, тэднийг ойлгож, тусалж чадаж байна уу? гэдгээр тодорхойлогдох юм. Хүүхдийн эдгээр чадварууд нь нэг дор бий болчихгүй, насанд хүрэгч, үе тэнгийнхэнтэйгээ харилцах харилцаа, тэдний туршлагатай уялдан суух бөгөөд тухайн хүүхдийн танин мэдэхүй, бие бялдрын хөгжил, эрүүл мэндтэй шууд холбоотой юм.
Нөгөө талаас ээж хүүхдээ бусдад туслах, хамтрахыг чухал биш гэж ойлгуулах, үйлдэл, бодол, яриа бүртээ хүүхдээ хэтэрхий ихээр эрхлүүлж, бөөцийлж боломжит бүх хөгжлийг нь хязгаарласнаар хүүхэд хаана ч байсан аливааг бусдаар хийлгүүлэхэд дадамгай болж, нийгмийн үүрэг хариуцлага биелүүлэхгүй, нийгэмд өөрийн ач тусаа өгсөн хүн болохгүй гэдгийг онцлон дурджээ. Түүний үзснээр “Зоригтой, өөртөө итгэлтэй хүмүүсд бэрхшээл байдаг. Тэд ямар ч асуудалтай тулгарахад бэлэн байдаг. Хүн байхын тулд нийгмийн зан үйлд зайлшгүй бэлэн байх ёстой. Хэт эрх дураараа, гадуурхагдсан, өрөөл дутуу гэсэн гурван хэв шинжийн хүүхдүүдэд нийтлэгийн мэдрэмж тун бага түвшинд байдаг уугуул хэв шинж бий болдог ” байна.
Цаг үе, нийгэмтэй холбоотой орчин цагийн гэр бүлийн харилцаанд багагүй өөрчлөлтүүд орж байна. Энэ тухай “гэр бүлийн өөрчлөлтөд мэдээллийн хэрэгсэл, технологи чухал үүрэг гүйцэтгэх болов”(Murray & Murray, 2008) хэмээн дурджээ. Эцэг эхчүүд завгүй эсвэл хүүхдийнхээ хажууд таблет, утас г.м дэлгэцийн хэрэглээгээ хязгаарлаж чадахгүй байгаагаас үүдэн хүүхдүүд дэлгэцийн өмнө цөөнгүй цагийг өнгөрөөх болов. Үр дүнд нь хүүхдүүд багаасаа дэлгэцийн хамааралтай болж, гэр бүлийнхэнтэйгээ ярилцах, тэдэнтэй үзэл бодлоо хуваалцах, идэвх сонирхолгүй болж байна.
Түүнчлэн нийгэмд сэтгэл ханамжгүй байдал, тайван бус байдал өсөн нэмэгдэж буй нь гэр бүлд өөрчлөлтийг бий болгож байна. Тайван бус байдлын үр нөлөөнд урьд өмнө байгаагүйгээр салалт, дахин гэрлэлт тоо өсөн нэмэгдэж байна(Lansford, 2009). Энэ мэтчилэн гэр бүлийн харилцаанд гарч буй өөрчлөлтүүд нь хүүхдийн нийгэмшихүйн хөгжилд сөргөөр нөлөөлж байна.
Асуулт даалгавар
- Танай аав, ээж хүүхдүүдээ ямар арга барилаар өсгөсөн бэ? Тэдний харилцааны арга барил чамд хэрхэн нөлөөлсөн вэ?
- Сургуулийн бага ангийн суралцагчдын үе тэнгийнхэн хоорондын харилцааны бусад насныхнаас ялгарах онцлогийг тодорхойлно уу?
- Хүүхэд багаасаа сэтгэлийн хөдөлгөөнөө нээлттэй илэрхийлэх чадвартай болох нь яагаад чухал вэ? Жишээ гарган тайлбарлана уу?
Энд интерактив дасгал оруулна!!!
Ашигласан ном зүй:
- Alfred Adler (2011). Social Interest. London: Martino Publishing
- Алфред Адлер (2008). Амьдрах ухаан. Орч:Ш.Батболд. Улаанбаатар: Жиком Пресс
- Бэгз, Н, Санжаабадам, С болон бусад (2018). Хүүхэд залуучуудын хөгжлийн онол, аргазүй. Улаанбаатар: Соёмбо Принтинг
- Бэгз, Н, Санжаабадам, С болон бусад (2023). Хүүхэд залуучуудын хөгжлийн онол, аргазүй. Улаанбаатар: Соёмбо Принтинг
- Мягмар, О. (2008). Сэтгэл судлал. Улаанбаатар: Ган принт
- Robert S.Feldman (1999). Understanding Psychology. United States of America: McGraw-Hill
- Santrock, John W (2011). Child development. New York: McGraw-Hill
1.3. СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ХӨГЖИЛ
Суралцахуйн зорилго:
- Каннон-Бард, Жеймс-Ланж, Шахтер-Сингер хоёр хүчин зүйлийн онол болон бусад сэтгэл хөдлөлийн онолуудыг ялгах, харьцуулах
- Сэтгэл хөдлөл үүсэхэд лимбийн систем ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг тайлбарлах
- Сэтгэл хөдлөлийг хэрхэн таньж, илэрхийлэхийг ангилж, тайлбарлах
- Сургуулийн бага насны хүүхдийн сэтгэл хөдлөлийн хөгжил, түүнийг хөгжүүлэх
1.3.1. Сэтгэл хөдлөлийн тухай онолууд
Сэтгэл хөдлөлийг /Emotions/ ихэвчлэн мэдрэмж, сэтгэл санааны байдалтай андуурдаг ч энэ гурван нэр томъёо нь хоорондоо ялгаатай юм. Сэтгэл хөдлөл нь хамгийн эхэнд үүснэ. Америкийн сэтгэл судлалын нийгэмлэг (APA) сэтгэл хөдлөлийг "туршлага, зан үйл, физиологийн элементүүдийг хамарсан цогц хариу үйлдэл" гэж тодорхойлдог . Сэтгэл хөдлөл гэдэг нь хувь хүний хувьд чухал гэж үзсэн асуудал эсвэл нөхцөл байдалд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг хэлдэг. Сэтгэл хөдлөлийн туршлага нь субьектив туршлага, физиологийн хариу үйлдэл, зан үйл эсвэл илэрхийлэлтэй хариу үйлдэл гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй.
Мэдрэмж /Feelings/ нь сэтгэл хөдлөлийн туршлагаас үүсдэг. Мэдрэмж бол сэтгэл хөдлөлийн үр дүн бөгөөд дурсамж, итгэл үнэмшил болон бусад хүчин зүйлүүд нөлөөлж болно. Олон сэтгэл хөдлөлийг мэдэрч эхлэхэд мэдрэмж төрж эхлэнэ. Дараагаар цаг хугацаа өнгөрөхөд бидэнд үүссэн мэдрэмжүүд нэгдэж сэтгэлийн байдал /Moods/ болдог ба энэ нь удаан хугацаанд үргэлжилнэ.
Бүдүүвч 1. Сэтгэл хөдлөл, мэдрэмж, сэтгэлийн байдал гурван нэр томъёоны харьцуулалт.
Сэтгэл хөдлөлийг хараахан бүрэн дүүрэн судлаж дуусаагүй байгаа ба олон судлаачид бидний сэтгэл хөдлөлийг юу бүрдүүлдэг тухай онолыг санал болгосоор байгаа билээ. Сэтгэл хөдлөл нь олон талт бөгөөд маргаантай байдаг. Тиймээс сэтгэл хөдлөлийн олон онолууд байдаг ба зарим онол бусдыг шууд үгүйсгэдэг ч олонх нь бие биендээ тулгуурладаг. Энэ талбарыг хөгжүүлэхэд тусалсан сэтгэл хөдлөлийн зарим үндсэн онолуудыг авч үзье.
Зураг 12. William James by Notman Studios (photographer) Carl Georg Lange by Peter Most https://commons.wikimedia.org/ эх сурвалжаас авч ашигласан бүтээлийн өөрчлөлт.
Жеймс-Ланжийн сэтгэл хөдлөлийн онол нь орчин үеийн сэтгэл судлалын хамгийн эртний сэтгэл хөдлөлийн онолуудын нэг юм. 19-р зуунд Уильям Жеймс, Карл Ланж нарын боловсруулсан онол нь физиологийн сэрэл нь автономит мэдрэлийн системийн хариу үйлдэл /физиологийн өөрчлөлт буюу хариу үйлдэл/ үзүүлэхэд хүргэдэг бөгөөд энэ нь эргээд хувь хүний сэтгэл хөдлөлийг мэдрэхэд хүргэдэг гэсэн таамаглал юм. Физиологийн хариу үйлдэл нь зүрх хурдан хурдан цохилох, булчин чангарах, хөлрөх гэх мэт байж болно.
Зураг 13. Энэ зураг нь Жеймс-Ланжын онолоор сэтгэл хөдлөл үүсэх нөхцөл. Зургууд нь дараах эх сурвалжаас авч ашигласан бүтээлийн өөрчлөлт.
Жеймс-Ланжийн онолоор сэтгэл хөдлөл үүсэх нөхцөл нь физиологийн хариу үйлдэл үүссэний дараа сэтгэл хөдлөлийн туршлага бий болно.Өөрөөр хэлбэл физиологийн хариу үйлдэл нь сэтгэл хөдлөлийн өмнө явагдана гэж үздэг.
“Бидэнд юм инээдэмтэй санагдаж бид инээж байгаа биш юм. Харин бид инээж байгаа болохоор тэр юм инээдэмтэй санагдаж байгаа юм” Жеймс, Ланж нар үүнийг тайлбарлахдаа “Гараа атга, шүдээ тас зуу, хөмсөгөө зангид, нүүр царай хөдөлгөөнөөрөө уур хилэгнэл илэрхийлвэл та үнэхээр л уурлах болно” гэжээ.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Жеймс-Ланжийн онол үгүйсгэгдэж, бусад олон онолууд улам өргөжин тэлж, сэтгэл хөдлөл нь физиологийн болон сэтгэл зүйн хариу урвалын холимог гэдгийг харуулж байна.
Кэннон-Бардын онол /англ. Cannon-Bard theory/Зураг 14. Зургийг дараах эх сурвалжаас авч ашигласан бүтээлийн өөрчлөлт. Walter Bradford Cannon. Photograph by Bachrach, 1934.
1920-иод онд Уолтер Кэннон, Филип Бард нарын дэвшүүлсэн сэтгэл хөдлөлийн тухай онол нь Жеймс-Ланжийн сэтгэл хөдлөл нь өдөөгч үйл явдалд үзүүлэх бие махбодийн хариу үйлдлийн үр дүн юм гэдэг үзэл санааг шууд эсэргүүцсэн юм. Кэннон, Бардын онол нь уйлах, чичрэх зэрэг бидний физиологийн хариу үйлдэл нь бидний сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй буюу гадны үйл явдлууд нь сэтгэл хөдлөлийн болон бие махбодийн хариу үйлдлийг нэгэн зэрэг үүсгэдэг гэж үздэг. Уолтер Кэннон сэтгэл хөдлөл ба бие махбодид гарч байгаа өөрчлөлт нь хоорондоо төстэй явагддаг гэсэн санааг гаргасан бол түүний дараа Филип Бард бие махбодийн өөрчлөлт ба сэтгэл хөдлөл нь бараг нэгэн зэрэг үүсдэг гэж үзсэн. Энэхүү онолоор мэдрэхүйн болон хөдөлгөөний үйл ажиллагаатай холбоотой тархины хэсэг болох таламус /thalamus/ нь өдөөгчийн хариуд тархинд мэдээлэл илгээж, физиологийн хариу үйлдэл үүсгэх үед сэтгэлийн хөдлөл зэрэг үүсдэг гэж тайлбарладаг. Энэхүү онолыг мөн сэтгэл хөдлөлийн таламик онол /thalamic theory of emotion/ гэж нэрлэдэг.
Зураг15. Энэ зураг нь Жеймс-Ланжын онолоор сэтгэл хөдлөл үүсэх нөхцөл. Зургууд нь дараах эх сурвалжаас авч ашигласан бүтээлийн өөрчлөлт.
Энэ онол нь бие махбодийн хариу үйлдэл, сэтгэл хөдлөл нь нэгэн зэрэг тохиолддог гэж үздэг. Энэ онолыг биологийн шинжлэх ухаан баталж байгаа бөгөөд нэгэнт өдөөгч үйл явдал илэрсэн тохиолдолд мэдээлэл нь амигдала болон тархины бор гадаргын аль алинд нь нэгэн зэрэг дамждаг.
Шахтер-Сингер 2 хүчин зүйлийн онол / Schachter-Singer two-factor theory /Шахтер-Сингэр 2 хүчин зүйлийн онол нь сэтгэл хөдлөлийг бусад хоёр онолоос илүү бүрэн тайлбарладаг. Энэ онолын дагуу сэтгэл хөдлөл нь физиологийн болон танин мэдэхүйн гэсэн хоёр хүчин зүйлээс бүрддэг. Өдөөгч нь физиологийн хариу үйлдлийг бий болгодог бөгөөд дараа нь танин мэдэхүйн үүднээс тайлбарласнаар сэтгэл хөдлөлийн туршлага үүсдэг.
Зураг 16. Энэ зураг нь Шахтер-Сингер 2 хүчин зүйлийн онолоор сэтгэл хөдлөл үүсэх нөхцөл. Зургууд нь дараах эх сурвалжаас авч ашигласан бүтээлийн өөрчлөлт.
Ч.Дарвины онол /англ. Facial Feedback theory/Нүүрний хувирал, сэтгэл хөдлөлийн онол нь сэтгэлийн хөдөлгөөнийг мэдрэхэд нүүрний хувирал маш чухал болохыг тайлбарладаг. Энэ онол нь Чарльз Дарвин, Уильям Жеймс нарын судалгааны ажилтай холбоотой бөгөөд нүүрний хувирал нь сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл биш харин сэтгэлийн хөдөлгөөнд нөлөөлдөг гэсэн таамаглал дэвшүүлсэн юм. Энэ онол нь сэтгэл хөдлөл нь нүүрний булчин дахь биеийн өөрчлөлттэй шууд холбоотой гэж үздэг. Тиймээс өөрийгөө хүчээр инээмсэглэж байсан хүн хөмсөг зангидсан хүнээс илүү аз жаргалтай байх болно гэж үзжээ. Сэтгэл хөдлөл нь хүнийг хувьсан өөрчлөгдөж, амьд үлдэхэд тусалдаг. Сэтгэл хөдлөлийн хүрдийг бүтээсэн Экманы хэлснээр “Хэрэв бидэнд сэтгэл хөдлөл байхгүй бол энэ нь маш аюултай байх байсан. Энэ нь бас их уйтгартай амьдрал байх болно. Учир нь үндсэндээ бидний сэтгэл хөдлөл биднийг хөдөлгөдөг. Ийм учраас сэтгэл хөдлөл нь бидний биеэ авч явахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг учраас бид тэдгээрийг ойлгох чадвартай байх нь чухал юм.
1.3.2.Сэтгэл хөдлөлийн физиологи үндэс
Сэтгэл хөдлөл хэрхэн үүсдэг вэ?
Neurology буюу мэдрэл судлалын шинжлэх ухаан талаас хүний тархийг 3 хэсэгт хуваан авч үздэг. Эхнийх нь анхдагч тархи буюу энэ нь бидний анхдагч үйл амьсгалах, бодисын солилцоо, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо зэрэг бидний удирдаж чаддаггүй хэсгийг хариуцдаг. Дараагийн нь эмоциональ хэсэг буюу лимбик систем юм. Сэтгэц ухамсрын төвшинд явагддаг сэтгэлийн хөдөлгөөнүүд болох уурлах айх, цочих, санаа зовних зэрэг үйлдлийг хариуцдаг. Гурав дахь нь рационал тархи буюу бидний логик, анализ хийх гэх мэт үндэслэлтэй шийдвэр гаргадаг тархины неокортекс хэсэгт байрладаг. Үүнээс дарааллаар нь авч үзвэл анхдагч тархи бол хамгийн эхэнд үүссэн, дараагаар эмоциналь тархи, хамгийн сүүлд рациональ тархи үүссэн байна.
Сэтгэл судлалын талаас хүний оюуныг эмоциональ ба рационал хэмээх үндсэн хоёр хэсэгт хуваан авч судалдаг. Эмоциональ тархи нь рационал тархийг бодвол илүү хурдан хариу үйлдэл гаргадаг төдийгүй секундыг 12/1000-той тэнцэх хурдаар хариу үйлдэл гаргадаг. Энэ нь рационал тархийг логиктой бодон шийдвэр гаргахаас өмнө түрүүлж шийдвэр, хариу үйлдэл үзүүлдэг байна.
Ихэнх эрдэмтэд хүний сэтгэл хөдлөлийг судалж бүрэн амжаагүй оньсого хэвээр байна. Магадгүй одон орон судлал одоо хэрэн судлагдаж байгаа бол түүнээс ч илүү цаг хугацааг зарцуулж байж бид бүрэн гүйцэд судалж дуусах байх гэж үздэг. Тэгэхээр хүний сэтгэц ухамсар, сэтгэлийн хөдөлгөөн нь ийм комплекс ярвигтай зүйл ажээ.
Лимбийн систем (англ.limbic system)Лимбийн системд гипоталамус, таламус, амигдала, гиппокамп орно. Гипоталамус нь аливаа сэтгэл хөдлөлийн урвалын нэг хэсэг болох симпатик мэдрэлийн системийг идэвхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Таламус нь мэдрэхүйн реле төвийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд мэдрэлийн эсүүд нь амигдала болон дээд кортикал хэсгүүдэд цаашдын боловсруулалтанд ордог. Амигдала нь сэтгэл хөдлөлийн мэдээллийг боловсруулж, энэ мэдээллийг кортикал бүтцэд илгээх үүрэг гүйцэтгэдэг (Фоссати, 2012). Гиппокамп нь сэтгэл хөдлөлийн туршлагыг танин мэдэхүйтэй нэгтгэдэг. (Femenía, Gómez-Galán, Lindskog, & Magara, 2012).
Зураг 17. Лимбийн систем. https://www.brainframe-kids.com/emotions/facts-brain.htm эх сурвалжаас авч ашигласан бүтээлийн өөчлөлт
Гипоталамус, таламус, амигдала, гиппокамп багтаасан лимбийн систем нь сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл, ой санамжийг зохицуулахад оролцдог. 3D тархины бүтцийг дараах линкээр орж үзнэ үү: Энд дарна уу.
Амигдала (англ. Amygdala)
Амигдала нь лимбийн систем гэж нэрлэгддэг тархины бүтцийн нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд сэтгэл хөдлөл, зан үйлд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. Энэ нь айдсыг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгээрээ алдартай, судлаачид ихээхэн анхааран судалж буй тархины хэсэг юм. (Blackford & Pine, 2012; Goosens & Maren, 2002; Maren, Phan, & Liberzon, 2013).
Хүрээлэн буй орчин дахь айдас төрүүлж болзошгүй зүйлсийн талаарх мэдээлэл нь бид айх зүйл байдгийг ухамсарлахаас өмнө амигдалад хүрдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Таламусаас амигдал руу дамждаг зам байдаг бөгөөд айдас төрүүлэх өдөөлтүүдийн талаарх мэдрэхүйн мэдээллийг тархины бор гадаргаар ухамсартайгаар боловсруулахаас өмнө энэ замын дагуу амигдал руу илгээдэг. Энэ нь юу нь аймшигтай болохыг бодохоос өмнө айдсын хариу урвалыг эхлүүлэх боломжийг олгодог. Энэ төрлийн рефлексийн хариу үйлдэл нь үнэхээр их аюулд орсон тохиолдолд хэрэг болдог.
Амигдала нь тархины түр зуурын дэлбэнгийн гүнд байдаг. "Амигдала" гэдэг нэр томьёо нь Латин хэлнээс гаралтай бөгөөд "бүйлс" гэж орчуулагддаг, учир нь амигдала нь бүйлс самарны хэлбэртэй юм. Амигдала нь баруун, зүүн тархины тал бөмбөлөг бүрт байдаг.
Эрсдэлтэй бүлгийн болон сэтгэл санааны эсвэл түгшүүрийн эмгэгтэй гэж оношлогдсон өсвөр насны хүүхдүүдийн амигдалагийн бүтэц, үйл ажиллагаа өөрчлөлттэй байгааг харуулсан. (Miguel-Hidalgo, 2013; Qin et al., 2013).
Амигдала тухай энэхүү видеоноос дэлгэрүүлэн үзнэ үү: Энд дарна уу.
Гиппокампус (англ. Hippocampus)
Өмнө дурьдсанчлан, гиппокамп нь сэтгэл хөдлөлийг боловсруулахад оролцдог. Амигдалагийн нэгэн адил гиппокампын бүтэц, үйл ажиллагаа нь янз бүрийн сэтгэлийн байдал, түгшүүрийн эмгэгүүдтэй холбоотой болохыг судалгаагаар нотолсон. Гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD) өвчтэй хүмүүст гиппокампусын хэд хэдэн хэсгийн хэмжээ мэдэгдэхүйц багасдаг. (Wang et al., 2010).
Корреляцийн судалгаагаар учир шалтгааны талаар дүгнэлт хийх боломжгүй ч PTSD өвчтэй хүмүүсийн фармакологийн болон танин мэдэхүйн зан үйлийн эмчилгээний дараа зан үйл сайжирч, гиппокампийн хэмжээ нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоосон. (Бремнер & Верметтен, 2004; Леви-Жиги, Сабо, Келемен, Кери, 2013).
1.3.3. Нүүр царайны илэрхийлэл ба сэтгэл хөдлөлийг таних
1970-аад онд антропологич Пол Экман хүн төрөлхтөн уур хилэн, айдас, гайхшрал, зэвүүцэл, баяр баясгалан, уйтгар гуниг гэсэн үндсэн зургаан сэтгэл хөдлөлийг мэдэрдэг гэж санал болгосон. Түүнээс хойш эрдэмтэд хүний сэтгэл хөдлөлийн нарийн тоотой маргаж, зарим судлаачид ердөө дөрөвхөн байдаг гэж үздэг бол зарим нь 27 байдаг ч гэж үздэг.
1980-аад онд сэтгэл судлаач Роберт Плутчик найман үндсэн сэтгэл хөдлөлийг тодорхойлж, баяр баясгалан ба уйтгар гуниг, уур хилэн ба айдас, итгэл ба жигшил, гайхшрал ба хүлээлт зэрэг эсрэг тэсрэг сэтгэл хөдлөлүүдийг нэгтгэсэн сэтгэл хөдлөлийн хүрдийг гаргаж ирсэн. Тэрээр сэтгэл хөдлөлүүд хоорондоо холилдож шинэ нарийн төвөгтэй сэтгэл хөдлөлийг бий болгодог гэж үзсэн.
Зураг 18. Сэтгэл хөдлөлийн өнгөт дугуй нь төврүүгээ нийлсэн найман дэлбээ хэлбэртэй бүтцээс бүрдсэн дугуй диаграмм юм. Дугуйны мөчир бүр нь өөр өөр үндсэн сэтгэл хөдлөл илэрхийлэх бөгөөд түүнтэй илүү төстэй сэтгэл хөдлөлүүд зэрэгцэж байрладаг. Үндсэн сэтгэл хөдлөл бүрийн эсрэг талд тухайн сэтгэл хөдлөлийн эсрэг сэтгэл хөдлөл байдаг.
Саяхан 2014 онд Глазгоугийн их сургуулийн Мэдрэл судлал, сэтгэл судлалын хүрээлэнгийн хийсэн шинэ судалгаагаар зургаа биш харин амархан танигдах дөрвөн үндсэн сэтгэл хөдлөл байж болохыг тогтоожээ. Судалгаагаар уур хилэн, зэвүүцэл нь гайхах, айдас зэрэг ижил төстэй нүүрний хувиралтай болохыг тогтоосон. Энэ нь эдгээр сэтгэл хөдлөлийн ялгаа нь биологийн бус социологийн үндэслэлтэй болохыг харуулж байна.
Нарийн төвөгтэй сэтгэл хөдлөлүүд нь өөр өөр дүр төрх, нүүрний илэрхийлэлтэй байдаг бөгөөд уй гашуу, атаархал, харамсал гэх мэт сэтгэл хөдлөлүүд нь амархан танигдахгүй, ялгагдахгүй байж болдог. Нарийн төвөгтэй сэтгэл хөдлөлийг "хоёр ба түүнээс дээш сэтгэл хөдлөлүүдийн нийлбэр" гэж тодорхойлдог . Жишээ нь: Америкийн сэтгэл судлалын нийгэмлэг /APA/ үзэн ядалтыг айдас, уур хилэн, зэвүүцлийн нэгдэл гэж тодорхойлдог. Харин үндсэн сэтгэл хөдлөл нь хоорондоо холилдохгүй, төрөлхийн байдаг. Бусад нарийн төвөгтэй сэтгэл хөдлөлүүд нь /хайр, ичгүүр, атаа жөтөө, талархал, гэм буруу, бардамнал, санаа зовнил гэх мэт/ хүний нүүрний илэрхийлэл нь амархан танигдаж, ялгагдахуйц илэрхийлэлгүй байдаг. Соёл болон хувь хүмүүсийн хооронд уй гашуу нь огт өөр харагддаг. Атаархал гэх мэт зарим нарийн төвөгтэй сэтгэл хөдлөлүүд нь нүүрний илэрхийлэлгүй байж болдог.
Нүүрний хувирал нь сэтгэлийн хөдөлгөөнд тохирсон хариу үйлдэл үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Л.Н.Толстой хүний сэтгэл санааны байдлыг нүдний харцны 85, инээх 97 өнгө аясаар зохиолдоо дүрслэн бичсэн байдаг гэнэ. Леонардо да Винчи “Янз бүрийн шалтгаанаас болж уйлахад хөмсөг ба амны байдал өөр өөр байдаг” гэжээ. Нүүрний тодорхой илэрхийлэлд оролцдог булчингийн хөдөлгөөн нь түүнд тохирсон сэтгэл хөдлөлийг үүсгэдэг. Жишээ нь: Хөмсөг зангирахдаа гунигтай болдог, орилж хашгирах үед илүү ууртай болдог, инээх үед илүү аз жаргалтай болдог.
Хамелеон эффект (англ.Chameleon Effect) гэж бий. Хүмүүс бие биенийхээ нүүрний хувирлыг ухамсаргүйгээр дуурайдаг. Үүнийг хамелеон эффект гэж нэрлэдэг. Энэ нь сэтгэл хөдлөл нь халдвартай гэсэн үг юм. Бусдын сэтгэл хөдлөлийг дуурайх нь тэдний сэтгэл хөдлөлийг хуваалцахад хэрхэн тусалдаг болохыг доорх видеоны эхний 3 минутыг үзээрэй.
Энэхүү видеоноос дэлгэрүүлэн үзнэ үү: Энд дарна уу.
Нүүр царайны байдал хүний сэтгэлийн хөдөлгөөний өөрчлөлтөөс болж янз бүр болдгийг доорх зураг дээр харж болно.
Зураг 19. Нүд хөмсөг, уруулын байдлаар нүүрний ерөнхий дүр төрх танигдана. https://medium.com/@abhayakumar169/facial-expression-recognition-cf6a61f8045f эх сурвалжаас авч ашигласан бүтээлийн өөрчлөлт
Үнэн хэрэгтээ төрөлхийн хараагүй хүмүүс ч гэсэн бусад хүмүүсийн нүүрэн дээрх сэтгэл хөдлөлийн илрэлийг хэзээ ч ажиглаж чаддаггүй ч гэсэн ижил төстэй нүүрний илэрхийлэлийг гаргадаг. Энэ нь сэтгэл хөдлөлийн илэрхийлэлийг бий болгоход оролцдог нүүрний булчингийн үйл ажиллагааны хэв маяг нь бүх нийтийн шинж чанартай болохыг харуулж байгаа мэт санагдаж болох бөгөөд энэ санааг 19-р зууны сүүлчээр Чарльз Дарвины "Хүн ба амьтдын сэтгэл хөдлөлийн илэрхийлэл" (1872) номонд дурдсан байдаг. Инээмсэглэл таныг аз жаргалтай болгодог уу? Эсвэл аз жаргалтай байх нь таныг инээмсэглүүлдэг үү? Нүүрний хувирал нь бидний сэтгэл хөдлөлд нөлөөлж, инээмсэглэх нь таныг илүү аз жаргалтай болгодог гэсэн үг юм (Buck, 1980; Soussignan, 2001; Strack, Martin, & Stepper, 1988).
Сүүлийн үеийн судалгаагаар нүүрний булчинг саатуулж, нүүрний илэрхийлэлийг хязгаарладаг ботокс нь сэтгэлийн хөдөлгөөнд хэрхэн нөлөөлж болохыг судалжээ. Хавас, Гленберг, Гутовски, Лукарелли, Дэвидсон нар (2010) сэтгэлээр унасан хүмүүс ботокс тариулснаар хөмсөг зангирах булчингууд нь саажилттай болсны дараа сэтгэл гутрал багасдаг болохыг тогтоожээ.
Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл дэх хүйсийн ялгааг судлах нь эргэлзээтэй боловч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэл хөдлөлийн зохицуулалтын хувьд ялгаатай байж болох зарим нотолгоо байдаг. (McRae, Ochsner, Mauss, Gabrieli, & Gross, 2008).
Мэдээжийн хэрэг, сэтгэл хөдлөл нь зөвхөн нүүрний хувирлаар илэрдэггүй. Мөн дуу хоолойны өнгө, янз бүрийн зан байдал, биеийн хэлэмжийг сэтгэл хөдлөлийн байдлын талаарх мэдээллийг дамжуулахдаа ашигладаг. Биеийн хэл гэдэг нь биеийн байрлал, хөдөлгөөнөөр сэтгэл хөдлөлөө илэрхийлэх илэрхийлэл юм. Судалгаанаас харахад бид ухамсартайгаар мэдээгүй ч гэсэн биеийн хэлээр дамжуулж буй сэтгэл хөдлөлийн мэдээлэлд маш мэдрэмтгий байдаг (de Gelder, 2006; Tamietto et al., 2009).
Аутизмын хүрээний эмгэг (ASD) нь давтагдах зан үйл, бусадтай харилцах, нийгэмшихүйн асуудлуудаар тодорхойлогддог өргөн хүрээний эмгэг юм. Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүд бусдын сэтгэл хөдлөлийн байдлыг танихад хүндрэлтэй байдаг ба энэ нь сэтгэл хөдлөлийн илэрхийллүүдийг (жишээ нь, нүүрний хувирал) бие биенээс нь ялгаж салгаж чадахгүй байгаагаас үүдэлтэй болохыг судалгаагаар нотолсон. (Хобсон, 1986). Нэмж дурдахад, аутизмтай хүүхдүүд дуу хоолойны өнгө, нүүрний хувирал зэргээр сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд бэрхшээлтэй байдаг (Macdonald et al., 1989).
1.3.4.Сургуулийн бага насны хүүхдийн сэтгэл хөдлөлийн хөгжил, түүнийг хөгжүүлэх
Сургуулийн бага нас бол хүүхдийн сэтгэл хөдлөлийг хөгжүүлэх чухал үе юм. Зарим чухал талуудыг тойловол:
- Өөрийгөө танин мэдэхүй:
Сургуулийн бага насны хүүхдүүд өөрсдийн сэтгэл хөдлөл, давуу болон сул талуудыг багтаасан өөрийгөө илүү сайн ойлгож эхэлдэг. Тэд өөр өөр нөхцөл байдалд юу мэдэрч байгаагаа илүү сайн ойлгож, тэр мэдрэмжээ илэрхийлж сурдаг.
- Нийгмийн ур чадвар:
Энэ насны хүүхдүүд нийгмийн илүү төвөгтэй харилцааг удирдаж эхэлдэг. Тэд үе тэнгийнхэнтэйгээ хамтран ажиллах, хуваалцах, ээлжлэн ажиллах, зөрчилдөөнийг шийдвэрлэхэд суралцдаг. Ангийн бусад сурагчид болон багш нартайгаа эерэг харилцаа тогтоох нь тэдний сэтгэл санааны сайн сайхан байдалд чухал ач холбогдолтой.
- Бусдыг ойлгох /эмпати/:
Сургуулийн бага насны хүүхдүүд бусадтай харилцаж байхдаа бусдын мэдрэмжийг ойлгох, хуваалцах чадварыг хөгжүүлж эхэлдэг. Тэд үе тэнгийнхнийхээ сэтгэл хөдлөлийг таньж, эелдэг, энэрэнгүй байдлаар хариулж сурдаг.
- Сэтгэл хөдлөлөө удирдах, зохицуулах:
Сургуулийн бага насны хүүхдийн энэ насандаа сэтгэл хөдлөлөө зохицуулж сурах нь аажмаар явагддаг үйл явц юм. Хүүхдүүд гүнзгий амьсгаа авах, арав хүртэл тоолох, хэт их ачаалалтай үед насанд хүрэгчдээс дэмжлэг авах гэх мэт мэдрэмжээ удирдах стратегиудад суралцдаг.
- Дасан зохицох чадвар:
Бага сургууль нь хүүхдүүдэд бэрхшээл, бэрхшээлийг даван туулах боломжийг олгодог. Эрдмийн тэмцэл, нийгмийн зөрчилдөөн эсвэл гэртээ өөрчлөлт хийх зэрэг туршлагаар дамжуулан тэд бэрхшээлийг даван туулж, тэсвэр тэвчээрийг хөгжүүлж сурдаг.
- Өөрийгөө таниулах:
Сургуулийн бага насны хүүхдүүд өөрсдийгөө хэн бэ, эргэн тойрныхоо ертөнцөд хэрхэн нийцэж байгаа тухай ойлголтыг хөгжүүлж эхэлдэг үе юм. Энэ нь ихэвчлэн өсвөр наснаас эхэлдэг бөгөөд дотоод болон гадаад олон зүйл нөлөөлж болно.
- Даван туулах ур чадвар:
Бага ангийн хүүхдүүд стресс, түгшүүрийг даван туулах чадварыг аажмаар эзэмшдэг. Тэд хоббитой болж, тоглоом тоглож эсвэл хүнд хэцүү сэтгэл хөдлөлийг үр дүнтэй удирдахын тулд асран хамгаалагч, насанд хүрэгчдээс тайтгарлыг эрж хайж болно.
- Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл:
Хүүхдэд сэтгэл хөдлөлөө эрүүл, зөв арга замаар илэрхийлэхэд түлхэц өгөх нь маш чухал юм. Урлаг, үлгэр ярих, харилцан яриагаар ч бай бага ангийн хүүхдүүд өөрсдийн мэдрэмж, туршлагаа үр дүнтэй илэрхийлж сурдаг.
Ерөнхийдөө бага сургууль бол сэтгэл хөдлөлийг хөгжүүлэх, эрүүл харилцаа холбоо, тэсвэр хатуужил, цаашдын амьдралд сайн сайхан байх үндэс суурийг тавьдаг үе юм. Туслах орчинг бүрдүүлж, заавар, урам зориг өгөх нь энэ чухал үе шатанд хүүхдийн сэтгэл хөдлөлийн өсөлтөд ихээхэн нөлөөлнө.
Хүснэгт 4.1. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн судалгааны үр дүн. Сэтгэлийн хөдөлгөөний дундаж үзүүлэлт /6-10 нас/Чадварууд | 6 нас | 7 нас | 8 нас | 9 нас | 10 нас |
---|---|---|---|---|---|
Бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох | 3.73 | 3.76 | 3.62 | 3.56 | 3.59 |
Өөрийн сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох | 3.86 | 3.99 | 3.89 | 3.94 | 3.94 |
Өөрийн сэтгэлийн хөдөлгөөнийг удирдах | 3.62 | 3.68 | 3.55 | 3.56 | 3.56 |
Энэхүү судалгааны үр дүнгээс харахад 6-10 насны хүүхдүүдийн сэтгэлийн хөдөлгөөний чадварт онцгой ялгаа байхгүй, дунджаас дээш үзүүлэлттэй байгаа нь өөрийн болон бусдын эерэг болон сөрөг сэтгэлийн хөдөлгөөнийг мэддэг, уурлаж бухимдсан үедээ тайван байдлаа хадгалах чадвар сайн байгааг илтгэж байна. Түүнчлэн юунд баярлаж, юунд гомдсоноо сайн мэддэг, сэтгэлийн хөдөлгөөндөө автан сөрөг зан үйлийг бараг гаргадаггүйг илэрхийлж байна. (Н.Бэгз, С.Санжаабадам, Б.Энхбаяр, Ц.Лхагвасүрэн, Б.Баярмаа, Б.Баярсайхан, 2018).
Сургуулийн бага насны хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөнийг хөгжүүлэх зарим дасгал, тоглоомуудХүүхдэд сэтгэлийн хөдөлгөөнөө таньж, даван туулахад нь туслах нь тасралтгүй үйл явц юм. Хүүхэд сургуульд орсон үеэс эхлэн нийгмийн харилцаанд орж, бусадтай харилцах, өөрийн сэтгэлийн хөдөлгөөнөө таних, ойлгох, удирдах, бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох зэрэг зохицуулалт нь чухал болж ирнэ. Хүүхдэд сэтгэлийн хөдөлгөөний зохицуулалтыг зааж сургах нь тэдэнд мэдрэмжээ илэрхийлэх, тухайн үед ямар зөв зохистой хариу үйлдэл үзүүлэх, өөрийгөө удирдахад ач холбогдолтой юм. Сургуулийн бага насны хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөнийг хөгжүүлэхэд туслах хэд хэдэн аргуудыг санал болгож байна.
1. Миний сэтгэл хөдлөлийн хүрд4-8 хэсэгт хуваагдсан дугуй хэвлэмэл материалыг хэвлэж бэлтгэсэн байна. Хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохируулан хэд хэсэг байхыг сонгоно. Хүрдийг танилцуулахдаа бүх сэтгэл хөдлөлүүд ялгаатай байдаг ба сэтгэлийн хөдөлгөөний хүрд нь бидэнд ямар ч үед ямар мэдрэмж төрж байгааг тодорхойлоход тусалдаг тухай ярина. Хүрд дээрх сэтгэл хөдлөл бүрийг ярилцана. Жишээ нь: Энэ ямар сэтгэл хөдлөл вэ? Бидний бие уурлах/гуниглах/баярлах үед ямар мэдрэмж төрдөг вэ? Бидний царай ямар харагддаг вэ? Уурласан/гунигтай/баяртай байсан үеийнхээ жишээг хуваалцаач? Дугуйны энэ хэсэгт тэр дурсамжийн зургийг зурж болох уу? Зэрэг асуултуудыг асууж ярилцана. Эсвэл хүүхдээсээ сэтгэл хөдлөл бүрийг мэдрэх үеийн нүүр цайрайны илэрхийлэл зурахыг хүсч болно. Эсвэл тэдний бие тэрхүү сэтгэл хөдлөлд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг зуруулах эсвэл бичүүлж болно.
Ангийн нийт сурагчдаас 1 сурагчийг самбарын урд гарч ирэхийг хүснэ. Ямар нэгэн сэтгэл хөдлөлийн нэрийг бичсэн картыг өөрт нь харуулалгүй бусад хүүхдүүдэд харуулсан байдлаар духны хэсэгт тогтооно.
Сэтгэл хөдлөлийн нэрийг тухайн сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн тохирох нүүр царайны эможийг байрлуулах дасгалыг хийлгэж болно.
Сэтгэлийн хөдөлгөөн нь бидний зан байдал, эрүүл мэндэд бүхэлд нь нөлөөлдөг. Цаашилбал, бусдын зан үйлийн хариу үйлдлийг ойлгох чадвар нь бидний сэтгэл хөдлөлийн оюун ухаанд асар их үүрэг гүйцэтгэдэг бөгөөд үүнийг дараа дараагийн бүлгүүдэд илүү дэлгэрэнгүй авч үзэх болно. /……-бүлгээс дэлгэрүүлэн үзнэ үү. /
Дүгнэлт
Сургуулийн бага насны хүүхдүүдийн сэтгэл хөдлөлийн хөгжил хөгжих чухал үе шат юм. Энэ үеэс хүүхдүүд нийгмийн чухал ур чадвар, өрөвдөх сэтгэл, тэсвэр тэвчээрийг хөгжүүлж, хожим насандаа сэтгэл санааны сайн сайхан байх үндэс суурийг тавьдаг. Мөн сэтгэл хөдлөлөө удирдан зохицуулж, стрессээ удирдаж, өөрчлөгдөж буй нөхцөл байдалд дасан зохицож сурдаг. Нэмж дурдахад бага сургууль нь хүүхдүүдэд өөрийгөө танин мэдэхүй, сонирхол, давуу талыг олж илрүүлэх, өөрийгөө болон өөрийн байр сууриа илэрхийлэх боломжийг олгодог.
Асуулт даалгавар
- 1. Сэтгэл хөдлөл, мэдрэмж хоёр ямар холбоотой вэ?
- 2. Сэтгэл хөдлөл хаанаас үүсдэг вэ?
- 3. Сургуулийн бага насны хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөнийг хөгжүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?
ДАСГАЛ, ДААЛГАВАР
- 1. Сэтгэл хөдлөлийн чадамжуудыг тохирох тайлбартай нь тохируулна уу.
- 2. Аль зурагт хүний ямар үеийн сэтгэлийн хөдөлгөөнийг дүрсэлснийг олоорой. (Зөвөөр нь байрлуулсан интерактив зургуудын хамт)
Ашигласан ном зүй:
- Н.Бэгз, С.Санжаабадам, Б.Энхбаяр, Ц.Лхагвасүрэн, Б.Баярмаа, Б.Баярсайхан, (2018), Хүүхэд залуучуудын хөгжлийн онол, арга зүй
- https://www.verywellmind.com/an-overview-of-the-types-of-emotions-4163976
- https://online.uwa.edu/news/emotional-psychology/
- https://www.youtube.com/watch?v=OfYUcXNU4FU
- https://commons.wikimedia.org/wiki/File:Differences_between_emotions,_feelings,_and_moods.jpg
- https://psu.pb.unizin.org/psych425/chapter/james-lange-theory/
- https://commons.wikimedia.org/w/index.php?search=William+James&title=Special:MediaSearch&type=image
- https://www.brainframe-kids.com/emotions/facts-brain.htm
- https://medium.com/@abhayakumar169/facial-expression-recognition-cf6a61f8045f
- https://wordwall.net/resource/55299031
- https://youtu.be/JVvMSwsOXPw
- MS Am 1092 (1185), Houghton Library, Harvard University
1.4. Сургуулийн бага насны хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийн үндэс
1.4.1. Сэтгэл хөдлөлийн тухай онолууд
Таних мэдэх гэдэг нь мэдлэг эзэмших болон хөгжүүлэхэд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм. Идэвхтэй үйл ажиллагаа болохынхоо хувьд тасралтгүй явагддаг. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар танин мэдэх үйл явц нь хүүхдийн танин мэдэхүйн чадварыг бүрдүүлэгч нэг бүрдэл болдог гэж үздэг. Оросын нэрт сэтгэл зүйч В.Д. Шадриков (1996) танин мэдэхүйн үйл явын хүрээнд сэрэл, хүртэхүй, анхаарал, ой тогтоолт, сэтгэхүй, төсөөлөл, зохион бодохуй зэргийг багтааж үзсэн байдаг. Эдгээр үйлүүд нь хүрээлэн буй орчны юмс үзэгдлийн талаар мэдээллийг өөр өөрийн үүргийн хүрээнд хүлээн авч дамжуулдгаараа онцлог. Жишээлбэл хүрэтэхүй нь юмс үзэгдэл, бодит байдал, төрөл бүрийн гадаад шинж чанаруудын талаарх анхны мэдээллийг дамжуулж, тэдгээрийн төсөөллийг бий болгож өгдөг. Ой тогтоолт нь сэтгэхүй, зохион бодохуйн тусламжтайгаар эдгээр төсөөллийг хадгалж, кодлон тэдгээрийг цаашид дахин боловсруулах боломжийг олгодог. Сэтгэхүй нь хувь хүний танин мэдэх үйлийн онцлог ялгааг илэрхийлэгч болохынхоо хувьд хүрээлэн буй орчны юмс үзэгдлийг дам хэлбэрээр таних, дүгнэлт, эргэцүүллийн хэлбэрээр тодорхойлогддог. Сэтгэхүйн тусламжтайгаар тухайн бодит юмсын дотоод шинж чанар, холбоо хамаарлыг илрүүлж, түүнийг өөрчлөх, дахин боловсруулах боломжтой шинэ төсөөллийг бий болгодог.
Танин мэдэхүйн чадварыг бага наснаас нь эхлэн хүүхдийн сонирхол, сониуч байдал, танин мэдэх хэрэгцээг зорилготойгоор хөгжүүлэх нь зүйтэй. Бага ангид суралцах хугацаанд хүүхдийн сэтгэцийн тэргүүлэх үйл ажиллагаа нь сурах үйл байдаг учраас танин мэдэхүйн үйлийн бүрдэл нь голлогч байх ба бүхий л судл агдахууны уулзвар дээр цогц байдлаар хөгждөг.
Хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийн талаар нэлээдгүй өргөн судалгаа хийсэн оросын нэрт сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгч Ш.А Амонашвили (2005) хүүхдийн танин мэдэхүйн үйл ажиллагаа нь тодорхой бүтэцтэйгээр хөгждөг гэж үзсэн байдаг.
Танин мэдэхүйн үйл явц
- Сэдлийн бүрдэл: Сэдэл нь хүүхдийн танин мэдэхүйн үйл ажиллагааны хөдөлгөгч хүч юм.
- Танин мэдэхүйн объект: Юуг танихуйд чиглэсэн нарийн зохион байгуулалт бүхий дидактик тогтолцоо.
- Танихуйн объекттой ажиллах арга, хэрэгсэл: Сургалтын агуулгыг хэрхэн илүү сайн ойлгох, эзэмших, түүнийг практикт ашиглах.
- Багшийн үүрэг: Сургалтаар эзэмшүүлэхээр зорьж буй чадвар болон судлах объект хоорондын багшийн холбох үүрэг.
- Танин мэдэх үйлийн үр дүн: Сургалтын эцсийн үр дүн, ойлголтын гүнзгийрэлт.
Үүнээс үзэхэд танин мэдэх үйл ажиллагаа нь нарийн зохион өргөн хүрээний бүрдлийг өөртөө агуулсан үзэгдэл болох нь харагдаж байна .
Бага ангийн сурагчдын сурах үйл ажиллагааны онцлог шинжүүд нь танин мэдэх үйл явцын бүтцийн өөрчлөлт, анхаарлын төвлөрөлт болон тогтворжилт тэдгээрийн зориудын шинж чанарын төлөвшил, хүртэхүй, ой тогтоолтоос эхлээд бодит дүрийн сэтгэхүйгээс хийсвэр сэтгэхүйл шилжих, бичгийн хэлний чадвар эзэмших, математикийн үйлдэл гүйцэтгэх чадвартай болох зэрэг нарийн төвөгтэй үйл гүйцэтгэх хүртэл явагддаг. Тиймээс сургуулийн бага насны хүүхдийн танин мэдэхүйн чадваруудын бүрдлийг хөгжүүлэх нь сургалтын үйл ажиллагааны үндсэн зорилтын нэг мөн.
Танин мэдэхүйн чадварын бүрдлүүдийг дэлгэрэнгүй авч үзье.
Анхаарал бол хүний танин мэдэхүйн чухал бүрдэл юм. Хүн аливаа мэдээлэл, хүрээлэн буй орчны бодит үзэгдлийг анхаралтай тогтож хүлээн авахын тулд тухайн зүйлийг мэдрэх, түүнд зориудаар өөрийгөө удирдан зохион байгуулах гаардлагатай байдаг ч үүгээр хязгаарлагдахгүйээр явагдаж чаддаг чухал үзэгдэл юм.
Тэгвэл анхаарал гэдэг нь тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хугацаанд юмс үзэгдлийг тусган хүлээн авахын тулд түүнд төвлөрөх түвшинг тодорхойлдог ухамсрын хэлбэр юм.
Анхаарлын үндсэн шинжүүд нь түүний багтаамж, хуваарилалт, төвлөрөлт, тогтворжилт, шилжилт зэргүүд хамаарна.
Анхаарлын багтаамж гэдэг нь нэгэн зэрэг хүний хүлээн авч буй обьектуудын тоогоор тодорхойлогдоно. Анхаарлын хуваарилалт гэдэг нь нэгэн зэрэг хэд хэдэн төрлийн үйл ажиллагааг амжилттай гүйцэтгэх чадвараар тодорхойлогдоно. Анхаарлын шилжилт гэдэг нь нэг обьектоос нөгөөд зориудын удирдлагын үр дүнд шилжих хурдыг хэлнэ. Анхаарлын төвлөрөлт нь тодорхой обьект дээр төвлөрөх чадварын түвшин бол нэг обьект дээр төвлөрөх хугацаа нь түүний тогторжилтоор илэрдэг.
Бага ангийн сурагчдын анхаарлын гол онцлог нь зориудын шинж чанарын төлөвшил нь сул байдагтай холбоотой. Учир нь энэ насанд анаарлыг зохицуулагч зоригийн хөгжил хязгаарлагдмал байдагтай холбоотой. Мөн зориудын анхаарал нь богино хугацааны, шууд үүсэх сэдлээр хөтлөгддөг онцлогтой. Эдгээр хүчин зүйлээс үүдэн бага ангийн сурагчдын зориудын бус анхаарал нь илүү хөгжсөн байдаг. Хүүхэд сургалтын үйл ажиллагаанд татагдан орсноор олон төрлийн мэдээллийн эх үүсвэрт удаан тодорхой хугацаанд төвлөрч ажиллах шаардлагатай болдог нь түүний зориудын анхаарал хөгжихөд түлхэц болдог байна.
Сургуульд элсэн орсон эхэн үед сурагчдын анхаарлын төвлөрөлт нь харьцангуй богино байдаг. Тиймээс сурагчид үйл ажиллагаанд төвлөрч ажиллахад хэцүү бөгөөд түргэн хугацаанд сарнимтгай байдаг. Тиймээс багш нарын зүгээс сурагчдын анхаарлыг тогтвортой байлгахын тулд сургалтын материалыг анхаарал татахуйц тод, сэтгэл хөдлөлөөр баяжигдсан байхад анхаарах нь зүйтэй юм.
Бага ангийн сурагчдын хүртэхүй нь түүний нас зүйн хөгжлийн онцлогоос хамаараад сул байдаг. Энэ насанд хүүхдүүдийн хүртэхүйн ялган таних чадвар сул байдаг. Учир нь энэ насны хүүхдүүд мэдээллийг хүлээж авахдаа гүн бат, зохион байгуулалттай, зорилготой дүн шинжилгээ хийх чадвар нь сул байдагтай холбоотой. Хүртэхүй нь тод сэтгэл хөдлөлөөр баялаг үйл үйл ажиллагаагаар тодорхойлогдох нь түгээмэл байдаг. Сургалтын үйл ажиллагаанд түүний энэхүү онцлогийг харгалзаж, зөв зохион байгуулж чадвал бага ангийн сурагчдын хүртэхүй нь зорилготой, өөрийн удирдлагын тогтолцоотой тодорхой үйл ажиллагааны шинж чанартай болж ирдэг.
Сурагчид эхэндээ үйлдэхийн тулд обьектыг хүлээж авдаг байсан бол энэ онцлог нь аажимдаа түүнийг зөв хүлээн авахын тулд ажилладаг болдог. Хүртэхүй нь зорилго чиглэлтэй үйл ажиллагаа болохынхоо хувьд сургалтын явцад олон шинжүүдийг ялгаж хүлээн авах, тэдгээрийг нарийн шинжлэх зэрэг зохион байгуулалттай ажиглалтын шинжийг агуулдаг.
Сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт нь бусад сэтгэцийн үйлийн адил мэдэгдэхүйц өөрчлөлтөд ордог. Тэр нь зориудын болон утгын ой тогтоолтын шинжийг аажмаар төлөвшүүлж байдаг. Сургуульд орсноор олон төрлийн мэдээллийг тогтоох, түүнийг түргэн хугацаанд болон удаан хугацааны туршид сэргээн санах, үүнээс гадна өөрийн үгээр илэрхийлж чаддаг байх ёстой болдог. Хичээлийн агуулгыг тогтоож чадахгүй байх нь сурагчдын сурлагын амжилтад сөргөөр нөлөөлж, цаашлаад сургалтын үйл ажиллагаанд хандах хандлагад нь ч нөлөөлөх эрсдэлтэй байдаг. Үүний зэрэгцээ сурагчдын сонирхол, хэрэгцээ, танин мэдэх өндөр сэдэл, идэвхтэй байдал нь ой тогтоолтын хөгжлийн зайлшгүй нөхцөл нь болдог байна.
Ой тогтоолтын хөгжил нь нарийн төвөгтэй сэтгэцийн танин мэдэхүйн үйл явц бөгөөд тодорхой үе шаттай явагдана (Мягмаржав.Б, Бямбатогтох Г нар. 2024).
Зураг 1. Мэдээлэл хадгалагдах үе шат
Хүн өдөр тутамдаа асар олон мэдээллийн урсгалтай таарч байдаг боловч тэднийг бүгдийг цээжлэх боломжгүй байдаг. Үүний тулд хүний ой тогтоолт хэд хэдэн үе шаттайгаар мэдээллийг шүүн хадгалдаг.
Эхний үе шатанд бидний хүрэтхүйн сувгуудад мэдээлэл хүртэгдэх үйл явц явагдана. Үүнийг сенсор ой гэх бөгөөд хэрэв хүн зорилготойгоор үүнд анхаарлаа хандуулбал түүнийг богино хугцаааны ойд түр хадгалах боломж бүрдэнэ. Үе шатанд мэдээлэл хадгалагдах дараах нөхцлүүд байж болно.
- Мэдээлэл нь чухал ач холбогдолтой: эсвэл ач холбогдол үүсгэх нөхцөлд байгаа.
- Зорилготой үйл ажиллагааны үр дүн: тодорхой зорилго тавьж, түүнд хүрэх үйл явцын эцсийн үр дүн.
- Сэтгэл хөдлөл болоод сэтгэгдэл төрүүлсэн мэдээлэл: хүний мэдрэмжид нөлөөлж, сэтгэгдэл үлдээдэг мэдээлэл.
- Өвөрмөц шинж чанартай: бусдаас ялгарах онцгой шинж чанаруудыг агуулсан мэдээлэл.
Давталтын туламжтайгаар мэдээллийг ажлын ой буюу богино хугацааны ой тогтоолтод хадгалж байх бөгөөд үүнийг ашиглах хугацаанд идэвхтэй хэвээр байна. Богино хугацаанд хадгалагдсан мэдээлэл нь хэдэн секундээс хэдэн минутын хугацаанд үргэлжлэх боломжтой байдаг бөгөөд үүнийг давталтын тусламжтайгаар бий болгож болно.
Богино хугацаанд давталтын үр дүнд хадгалагдсан мэдээллийг удаан хугацаанд хадгалах нь сургалтын үр дүнгийн нэг чухал хэсэг байдаг. Иймийн тулд мэдээлэлд боловсруулалт хийж мөн чанарыг нь ойлгож хадгалах нь чухал. Үүний өөрийн үзэл баримтлал болгон хадгалах нь амаргүй бөгөөд тодорхой арга барилын тусламжтайгаар явагддаг. Жишээлбэл 6718 дугаарыг цээжлэх нь томчууд, насанд хүрэгчдийн хувьд төвөггүй зүйл. Учир нь тэдний хувьд мэдээлэл хадгалах арвин туршлагатайгаас гадна ойн багтаамж нь нэгдүгээр ангийн сурагчидтай харьцуулахад их юм. Бага ангийн сурагчдад тооны тухай ойлголт хөгжихийн хирээр түүнийг ангилж боловсруулах арга нь нэмэгдэж эхэлдэг. Энэ нь мэдээллийг удаан хугацаанд хадгалах нөхцөл болж өгдөг.
Ийнхүү сенсор ойгоос удаан хугацааны ой хүртэл мэдээлэл шилжих нь сурагчдын анхааралын зориудын тогтолцоотой нягт холбоотой байдаг бөгөөд. Үүнд сурагчдын анхаарлын түвшин, сэрэл хүртэхүйн чадвар ч мөн чухал холбоотой байдаг. Ой хөгжлийн энэ тогтолцоо нь сургалтын үйл ажиллагаанд түгээмэл ашигладаг боловч зөвхөн олон удаа давтах байдлаар ашиглах нь сурагчдын идэвхгүй хадгалах байдалруу түлхэх эрсдэлтэй байдаг. Ийм төрлийн мэдээлэл удаан хугацааны ой тогтооолтоос амархан мартагдах эрсдэлтэй байдаг.
Хүртэхүй, анхаарал, ой тогтоолтын хөгжилтэй холбоотой нэг зүй тогтол байгааг нэгтгэж үзвэл сургалтын үйл ажиллагаа нь эдгээр үйл явцыг хөгжүүлэхэд чиглэгддэг ч гэсэн сургалтын эцсийн зориготой төдийлөн тохирдоггүй. Энэ үүднээс зарим сурагчид мэдээллийн агуулгыг хурдан түргэн тогтоож, шинж чанаруудыг ялгааг сайтар олж харж сурсан байхад зарим сурагчид бусдаас сул байдаг байна. Үүнд бусад хүчин зүйл хүчтэй нөлөөлөх нь дамжиггүй тул сайтар судалж оношлох нь зүйтэй.
Сургуулийн бага насны хүүхдийн хувьд логик холбоо хамаарлыг тогтоох, түүнийг бий болгох шаардлагагүйгээр тогтоох чадвартай механик ой тогтоолт сайн хөгжсөн байдаг тул оноосон нэр, гарчиг, тоо зэрэг тодорхой мэдээллийг хадгалахдаа сайн байдаг. Механик тогтоолтоор хадгалагдсан мэдээллийг сэргээн санахдаа түүнийг хүлээн авсан зүй тогтолд нь тулгуурлахыг эрмэлздэг онцлогтой. Жишээлбэл хүүхэд алдаатай мэдээлэл хадгалсан тохиолдолд түүнийгээ сэргээн санахдаа ч мөн байгаагаар нь илэрхийлдэг. Ийнхүү механикаар мэдээллийг хадгалах зүй тогтол нь хүүхдүүдийн утгын ой тогтоолтруу шилжих нөхцөл нь болдог бөгөөд мэдээллийг агуулгыг ойлгох, түүнд боловсруулалт хийж бүтээлчээр ажиллах явцад бий болдог үйл явц юм.
Аливаа мэдээллийг логик зүй тогтолд нь тулгуурлан тогтоох нь сэтгэхүйн үйл явагдах урьтал нөхцөл нь болдог. Хичээлийн агуулгыг логик ойд тулгуурлан тогтоохын тулд түүнд задлан шинжлэх, бүтцийг тодорхойлох, чухал зүйлийг ялгаж таних өөрөөр хэлбэл тогтоох боломжит мэдээллийг таних үйл явц явагддаг гэж ойлгож болно. Бага ангид дараа дараагийн ангируу шилжин сурах бүрт сургалтын агуулгыг эзэмших арга барил нь утгын ой хэлбэр идэвхтэй шилжиж байдаг нь үүнийг илүү эрчимтай хөгжүүлж өгдөг. Тиймээс оюуны идэвхтэй үйл гүйцэтгэх нь нэгэн зэрэг сэтгэхүйн болоод утгын ой тогтоолтой салшгүй холбоотой зүйл юм.
Мэдээллийг хадгалах нь сургалтын үр дүнгийн чухал хэсэг боловч багш нар түүнийг зөвхөн хадгалах болон сэргээн санахад онцгойлон анхаарах нь сургалтын хувьд өрөөсгөл болох учраас түүнийг ойлгож, өөрийн арга барилаар кодлон хадгалах нь чухал гэдгийг санаж байх нь чухал юм.
Хүүхэд сургуульд орж сургалтын эрчимтэй тогтолцоонд шилжсэнээр сэтгэхүй болон хэр ярианы хөгжилд эрс өөрчлөлт гарч ирдэг. Тэдгээр нь салангад байдлаар бус өөр хоорондоо уялдаатай явагддаг. Хичээлийн агуулгыг амжилттай эзэмших сургалтын үндсэн зорилт нь асуудлыг шийдвэрлэх, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, эрэл хайгуул хийх, үнэлэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлж сонгоход хэл ярианы оролцоотой сэтгэхүйн үйлд тулгуурлах зайлшгүй шаардлагатай тулгардаг болдог. Энэ нь сурагчдын олж авсан тодорхой мэдлэгийн тоон өсөлт биш, харин аливаа мэдлэг, чадвар олж авах арга замын (өөрөөр хэлбэл агуулгын хувьд өөр) чанарын өөрчлөлт, улмаар бодож эргэцүүлэх чадварыг хөгжүүлнэ гэсэн үг юм.
Тэгвэл сэтгэхүй нь юмс үзэгдлийн бодит байдлыг түүний шинж чанар, холбоо хамааралд тулгуурлан шууд бус хэлбэрээр таних үйл явцаар тодорхойлогддог сэтгэцийн танин мэдэхүйн үзэгдэл юм. Үүнийг дүн шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх, ангилах, харьцуулах, хийсвэрлэх, тодорхой бүтцэд ерөнхийлөх зэрэг үйлийн тусламжтайгаар гүйцэтгэдэг. Дүн шинжилгээ хийх гэдэг нь тухайн хүлээн авсан обьектын хэсэг болгон хуваах, түүний үндсэн шинжийг тодорхойлох үйл явц юм. Нэгтгэн дүгнэх гэдэг нь хэсгүүдийг нэтгэж нэг бүхэл зүйл болгон тодорхойлохыг хэлнэ. Харьцуулах үйлд бүрдэл хэсгүүдийг хоорондын ялгаа, ижил төстэй шинжүүдийг олж тодорхойлох үйл явц. Харин ерөнхийлөн дүгнэх гэдэг нь юмсыг нийтлэг ба чухал шинж чанаруудад үндэслэн бүлэглэн нэгтгэхийг хэлнэ.
Хүний сэтгэхүй нь зориудын шинж чанартай бөгөөд зориготой үйл ажиллагаа байдаг. Өөрөөр хэлбэл ухамсартай зан үйлийн зохион байгуулалт бөгөөд оюуны үйлд тулгуурласан асуудлыг шийдвэрлэхэд чиглэгддэг.
Бага ангид сурах он жилүүдэд сурагчдын сэтгэхүйн хөгжил идэвхтэй явагдаж байдаг. Сургуульд элсэн орсон эхэн үед тэдний сэгэхүй нь тодорхой үйлдлийн үе шатанд байдаг ба зөвхөн гадаад шинж чанарыг танихад чиглэгддэг байсан бол аажимдаа түүний дотоод шинж чанарыг таньж мэдэхэд чиглэгддэг байна. Энэ үед тэд шинжлэх ухааны өргөн ойлголттой танилцаж эхэлдэг. Үүнийг онолын сэтгэхүй ч гэж нэрлэх нь түгээмэл байдаг ба гол үндэс нь сэтгэхүйн төрөл бүрийн үйлүүдийг идэвхтэй ашиглах явцад улам бүр боловсронгуй болж байдаг зүй тогтолтой.
Ашигласан ном зүй:
- Амонашвили Ш. А. (2005) Спешите, дети будем учиться летать - М.
- Шадриков В.Д (2013), Психология деятельности человека. — М.: Москва
- Мягмаржав Б, Бямбатогтох Г, Энхжаргал Г, Нямсүрэн Ч (2024), Сургуулийн бага насны хүүхдийн сэтгэл судлал