БҮЛЭГ 11. ХӨГЖМИЙН СУРГАЛТЫН ОНОЛ, АРГА ЗҮЙ

Ц.Эрдэнэтуяа

Ч.Отгонбаяр

Г.Заяабат

Суралцахуйн зорилтууд:

  • Хөгжмийн урлагийн үндсэн ойлголтуудыг тайлбарлах.
  • Хөгжим нийгэмд хэрхэн нөлөөлдөг болохыг тодорхой жишээгээр тайлбарлах.
  • Хөгжим хүний хөгжил, төлөвшилд хэрхэн нөлөөлдөг болохыг тодорхой жишээгээр тайлбарлах.
  • Хөгжмийн сургалтын агуулгыг боловсруулахад ашиглах баримт бичгүүдийг мэдэх.
  • Хөгжмийн сургалтыг хэрхэн зохион байгуулах арга зүйг эзэмших.
  • Хүүхдийг хөгжим сонсох, дуулах, хөгжимдөх, бүжиглэх, хөгжмийн бүтээлч үйл ажиллагааг чиглүүлэх.
  • Хөгжмийн түүх, онол, урсгал чиглэл, хөгжимдөх суурь мэдлэг чадваруудыг олж авах.

11.1. ХӨГЖМИЙН УРЛАГ ГЭЖ ЮУ ВЭ?

Агуулга:

11.1.1. Хөгжмийн урлаг, түүний үндсэн ойлголтууд

Хөгжим бол ая аялгын урлаг, бодит байдлыг дуу авиагаар илэрхийлсэн уран сайхны тусгал юм. Хөгжмийн урлагийн үйл ажиллагаа нь гадаад ертөнцийн төлөв байдал, үйл явц, хүний дотоод мэдрэмжийг сонсголын сэтгэгдэлтэй холбосон тусгай дүрслэлийн сэтгэлгээг тусгах зорилгоор эгшгийн өндөрлөг, уртасгал, өнгө будаг, чанга, аяар болон бусад байдлаар зохион байгуулагдсан дуугаралтад чиглэгддэг (Музыка, 1998, х.359).

Хөгжмийн урлаг нь хүний сэтгэл хөдлөл мэдрэмж, ажил хөдөлмөр, ахуй соёл, зан заншилтай салшгүй холбоотой.

Хөгжмийн урлаг нь өвөрмөц шинж чанартай: дуу авианы тусламжтайгаар хөгжмийн зохиолчийн бодол санаа, мэдрэмжийг уран сайхны дүр төрхөөр илэрхийлдэг. Мэдээж сонсогч бүр өөрийн үзэл бодол, мэдрэмж, туршлагадаа тохируулан хөгжмийн зохиолыг өөр өөрийнхөөрөө хүлээн авч, ойлгож, агуулга, илэрхийлэх хэрэгслийн талаар өөрийн гэсэн үзэл бодлыг бий болгодог.

Хөгжмийн төрөл гэдэг нь хөгжмийн олон янз байдлыг төрөл, төрлөөр нь хуваарилахыг тодорхойлдог ойлголт юм. Хөгжмийн төрлийг гарал үүсэл, гүйцэтгэлийн нөхцөл, ойлголт, бусад олон шинж чанар (агуулга, бүтэц, илэрхийлэх хэрэгсэл, уран бүтээлчдийн бүрэлдэхүүн гэх мэт) -ээр ангилдаг.

Хөгжмийн урсгал чиглэл, төрөл зүйл

Хөгжмийн төрлийг зориулалтаар нь дуулаачийн болон хөгжмийн зэмсгийн гэж ангилдаг. Хэрэглээгээр нь аж байдлын болон мэргэжлийн гэж ангилдаг. Үүнээс гадна ардын, сонгодог, орчин үеийн гэх зэрэг хөгжмийн төрлүүдэд хуваан авч үздэг. Монголд дараах байдлаар ерөнхийд нь авч үздэг хэдий ч маш олон төрлүүд байдаг. Music genres list https://www.musicgenreslist.com/

Зураг 11.1. Хөгжмийн төрөл зүйл, урсгал чиглэл

Дээрх төрлүүдээс баруун европын сонгодог хөгжмийн төрөл нь дэлхийн олон орны сургалтын агуулгад багтдаг. Сургуулийн өмнөх, бага, суурь боловсролын түвшинд суралцагчид хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс сонсож, мэдрэмж сэтгэгдлээ хуваалцаж дүн шинжилгээ хийдэг. Сонгодог хөгжмийн бүтээлүүд нь хүн төрөлхтний хөгжмийн урлагийн үнэт зүйлст багтдаг.

Зураг 11.2.Баруун европын сонгодог хөгжмийн урсгал, чиглэлийн он цагийн тоолол

Зураг 11.2. Баруун европын сонгодог хөгжмийн урсгал, чиглэлийн он цагийн тоолол

Нэмэлтээр судлах агуулга үзэх бол энд дарна уу

11.1.2. Хөгжмийн урлагийн нийгэмд үзүүлэх нөлөө

Хөгжим нь дэлхий даяарх соёл, нийгмийг бүрдүүлж, үеэс үед уламжлагдан ирсэн. Энэ нь хүний сэтгэл санааг өөрчлөх, ойлголтыг өөрчлөх, өөрчлөлтийг өдөөх хүчтэй. Хүн бүр хөгжимтэй хувийн харилцаатай байдаг ч бидний эргэн тойрон дахь соёлд үзүүлэх нөлөө нь шууд харагдахгүй байж магадгүй юм.

Хөгжим бол хүн төрөлхтний бүх соёл иргэншлийн салшгүй хэсэг бөгөөд нийгэмд сэтгэл хөдлөл, ёс суртахуун, соёлын нөлөө үзүүлэх хүчтэй байдаг. Нэг соёлын хүмүүс өөр хоорондоо хөгжим солилцоход өөр амьдралын хэв маягийн талаар үнэ цэнтэй ойлголттой болдог.

Хөгжим нь соёлын эрхийн хувьд хүний бусад эрхийг сурталчлах, хамгаалахад тусалдаг. Дэлхий даяар хөгжмийг нийгмийн өөрчлөлт, олон нийтийг нэгтгэх хэрэгсэл болгон ашиглаж байна. Хөгжимтэй холбоотой өдөр тутмын туршлагын гол цөм нь бид үүнийг амрах, өөрийгөө илэрхийлэх, сэтгэл хөдлөлөө зохицуулах, ерөнхийдөө сайн сайхан байдлыг сайжруулахад ашигладаг. Энэ нь эдгээх, өөрийгөө илэрхийлэх хэрэгсэл болон хувирч, хувь хүмүүс бид нийгэмд хэрхэн нөлөөлөх алхмуудыг ихэвчлэн зааж өгдөг.

Хөгжим яагаад нийгэмд ашигтай байдаг вэ?

Хөгжим нь бусад харилцааны хэлбэрээс онцгой ялгаатай байдлаар хүмүүстэй холбогдож, тэдэнд нөлөөлөх хүчтэй. Хүмүүс ихэвчлэн "хэн ч тэднийг ойлгодоггүй" эсвэл "үнэхээр юу мэдэрч байгааг" мэддэггүй гэж боддог. Ихэнх хүмүүс өөрсдийгөө илэрхийлэхийн тулд бусадтай холбоо тогтоох эсвэл үе тэнгийнхнийхээ дунд ойлголцох мэдрэмжийг олохын тулд хөгжимд ханддаг. Хөгжмийн урлагаар дамжуулан нийгмийн асуудлуудыг дэвшүүлж олон нийтэд түгээдэг. Үүгээрээ сайн сайхан зүйлсийг тодотгон, буруу шударга зүйлсийг шүүмжилдэг.

11.1.3. Хөгжмийн урлагийн хүний хөгжил, төлөвшилд үзүүлэх нөлөө

Хөгжим хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хөгжим хүнд асар их нөлөө үзүүлдэг. Энэ нь нийгмийг зугаацуулж, эсвэл эсрэгээрээ сонсогчийг өөрийн туршлага, мэдрэмжийн хувийн, үл мэдэгдэх ертөнц рүү илгээдэг. Тэнд тэрээр бүх уй гашуу, баяр баясгаланг мэдэрдэг. Хөгжим нь ямар нэгэн ид шидийн чадвартай. Хөгжим нь хүний сэтгэцийн байдалд гүн гүнзгий нөлөөлж, сэтгэл санааг нэмэгдүүлэх чадвартай. Шаардлагатай үед хөгжим бидэнд эрч хүч, урам зориг өгдөг. Санаа зовсон үед энэ нь биднийг тайвшруулж чадна, ядарсан үед, шантарч байгаа үед урам зориг өгдөг. Тэр ч байтугай өндөр хэмнэлтэй хөгжим сонсох үед биеийн хүч нэмэгдэж, сэтгэл санаа өөдрөг болж илүү сайн ачааллыг дааж биеийн эрүүл мэндийг сайжруулдаг. Хүмүүс хөгжмөөр дамжуулан бусадтай, ялангуяа түүнийг бүтээж, гүйцэтгэдэг хүмүүстэй холбогддог. Уран бүтээлчдийн дууны үг, аялгууг сонсож, аянд нь бүжиглэж, өөрийгөө илэрхийлэх замаар холбогдох мэдрэмжийг бий болгодог. Дуу, аялгуу нь хүмүүст урам зориг өгөх, тэдний үйлдлийг удирдан чиглүүлэх, мөн амьдралын чанарыг бий болгоход туслах хүчтэй байдаг. Хөгжим хүмүүсийг нэгтгэж чадна – ганцаардалдаа ууссан ч гэсэн өөрийн төсөөллийг өөртөө шингээж, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх боломжтой. Хөгжимд ууссан хүн ганцаараа биш. Тэд нийгэмд эзлэх байр сууриа олж, бусадтай холбоо тогтоохыг хичээдэг нийгмийн нэг хэсэг болдог.

Хөгжим хүний бодол санаа, үйлдэлд нөлөө үзүүлэх нь

Хөгжим хүний ой санамж, далд ухамсар, сэтгэл хөдлөл, сонирхолд нөлөөлдөг. Бүтээлдээ сэтгэл, зүрхээ зориулж буй хөгжмийн уран бүтээлчдийн ачаар бид бусад хүмүүстэй, тэдний бэрхшээл, сорилт, сэтгэл хөдлөлтэй холбогддог. тархины хөгжил, сэтгэл судлалын судлаачид хөгжим хүмүүст хэрхэн нөлөөлдөг талаар, тархины талаар маш их зүйлийг олж илрүүлсээр байгаа ч нээгдээгүй олон нууцууд байсаар байна.

Хөгжмийн гоо үзэсгэлэн, хэмнэл, зохицол нь хүний мэдрэмжид ихээхэн нөлөөлдөг гэдгийг бүгд мэднэ. Хөгжим хүний сэтгэл санаанд нөлөөлж, мартагдсан дурсамжид хүрч, хүний сэтгэлийн холбоосыг эргэн сануулдаг. Хөгжмийн эмчилгээг ихэвчлэн анхаарал, ой санамжийг сайжруулахад ашигладаг бөгөөд дементиа эсвэл Альцгеймер өвчтэй хүмүүст эерэг нөлөө үзүүлдэг болохыг олон судлаачид судалгааны ажилдаа дурдсан байдаг. Хөгжим нь янз бүрийн арга замаар хүчирхэг эдгээх хэрэгсэл болох чадвартай бөгөөд бидний оршин тогтнох бүх талбарт нэвтэрдэг. Хөгжмийн бүтээлийн хүний тархинд үзүүлэх нөлөө нь мэдрэл судлалын ололт амжилт, тархи судлалын салбарын онцгой судлагдахууны нэг хэсэг болсон. Биднийг хөгжим сонсох эсвэл тоглох үед тархины бараг бүх хэсэг нэгэн зэрэг идэвхтэй байдаг нь тархины сканерын тусламжтайгаар батлагдсан. Хөгжим сонсох, тоглох, хөгжмийн үйл ажиллагаанд оролцох нь хүний тархины хөгжлийг дэмждэг. Жишээлбэл, төгөлдөр хуурч тоглохдоо баруун, зүүн гар өөр хөдөлгөөн хийдэг, нүдээрээ 10 хуруу тус бүрийн ноотны зураглалыг харж, хэмнэлээ сонсож, аялгууны чанга аяар, хурдны өөрчлөлтийг тохируулан хэдэн арван хуудас хөгжмийн бүтээлийг тоглодог. Энэ нь баруун, зүүн тархийг жигд хөгжүүлэх онцгой нөхцөл болдог. https://growing-sound.com/the-impact-of-music-on-cognitive-development-in-children/

Хөгжмийн соёлын нөлөө

Дэлхийд алдартай хөгжим тухайн үеийн соёлыг илэрхийлдэг. Өнгөрсөн зуунд хөгжим хэрхэн өөрчлөгдсөн бэ? Эрин үе бүрийн дууны үг, дуу авианаас бид тухайн үеийнхээ ул мөрийг ялгаж, бүтээж буй түүхийг харж болно. Мөн энэ цаг үед соёл урьд урьдынхаас илүү хурдацтай өөрчлөгдөж, олон төрлийн хөгжмийн хэлбэрүүд хөгжсөөр байна. Хүн бүр шинэ хөгжмийн урсгал эсвэл хөгжмийн тодорхой төрөлд дургүй байж болох ч өөр өөр урсгал төрлүүд бий болж өвөрмөц хөгжмийн соёлыг бүтээсээр байна.Дэлхийн зарим хэсэгт хөгжим тийм ч хялбар хүртээмжтэй байдаггүй. Хөгжим үргэлж илэрхийллийн хил хязгаарыг давах хэрэгсэл байсаар ирсэн ч дэлхий ертөнц яг ийм байдлаар өөрийгөө илэрхийлэхгүй байгаа нь тодорхой. Монголын нүүдэлчин аж амьдралын хэв маяг, соёлыг монгол дуу хөгжмөөс ойлгож хүлээж авах боломжтой. Монголын давтагдашгүй хөгжмийн соёлыг үнэлэн Юнеско олон улсын байгууллагаас соёлын биет бус өвөөр бүртгэсэн бүтээлүүд олон байдаг. Эдгээр соёлын биет бус өвийн тухай хүүхэд залуучууд заавал мэдэх шаардлагатай.

Манай улс 2008 оноос хойш Соёлын биет бус өвийн конвенцын Яаралтай хамгаалах шаардлагатай болон Төлөөллийн жагсаалтад 15 өвийг бүртгүүлснээс хөгжмийн соёлтой холбоотой дараах өвүүдийг дурдаж болохоор байна. https://unesco.mn/

  1. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008)
  2. Монгол ардын уртын дуу (2008)
  3. Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг (2009)
  4. Монгол тууль (2009)
  5. Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009)
  6. Монголын уламжлалт Хөөмийн урлаг (2010)
  7. Монгол баяр наадам (2010)
  8. Монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил – битүү амьсгаа (2011)
  9. Монгол шагайн харваа (2014)
  10. Ботго авхуулах зан үйл (2015)

Хөгжим өөрчлөлт, шинэчлэлийн төлөөлөгч болох нь

Хөгжим хүний эрхийн хөдөлгөөнд нөлөөлж, өөрчлөлт, шинэчлэл, асуудал, байгалийн гамшиг, хүний буруу үйлдэл зэргийг шүүмжлэх, сайн сайхан луу уриалан дуудаж нэгтгэж чаддаг. Үүний нэг жишээ бол 1985 онд Майкл Жексоны “We are the World” дуунд АНУ-ын 45 уран бүтээлчид оролцон Африкийн өлсгөлөнд нэрвэгдсэн ард түмэнд туслах сайн санааны ажлыг хийсэн нь уламжлал болсон. Монголд 1990 оны ардчилсан хувьсгалын үед зохиогдсон “Хонхны дуу”-ны нөлөө юм. Эдгээр дуунууд бусдын сайн сайхны төлөө, саад бэрхшээлийг давж, хүмүүсийг эрх чөлөө, ардчилалд уриалан дуудсан. Хөгжим өнөөдөр дэлхий даяарх хүмүүсийн тулгарч буй тэгш бус байдлыг харуулсаар байгаа бөгөөд хэзээ ч өөрчлөлт, шинэчлэлийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэхээ зогсоохгүй нь ойлгомжтой.

11.2. ХӨГЖМИЙН СУРГАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Агуулга:

11.2.1. Хөгжмийн сургалтын агуулгыг боловсруулах үндсэн баримтлах бичиг

Албан ёсны хөгжмийн сургалтыг зохион байгуулахад Монгол улсын боловсролын ерөнхий хууль (legalinfo. Боловсролын ерөнхий хууль) Монгол улсын Болвсрол, шинжлэх ухаанны яамнаас боловсруулан гаргасан сургалтын хөтөлбөрийг үндэс болгон зохион байгуулна.

Дээрх сургалтын хөтөлбөр нь тодорхой хугацааны давтамжтай сайжруулагдан шинэчлэгддэг. Сургуулийн өмнөх сургалтын хөтөлбөрт “Хөгжим, дүрслэх урлаг”, бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөр дотор “Урлаг” гэсэн судлагдахууны хүрээнд “Хөгжим” хичээлийн агуулга багтсан байдаг. Суралцагчдын сургалтаар эзэмших мэдлэг, чадвар, хүрэх үр дүнг түвшин болон анги тус бүрээр гаргасан байдаг. Эдгээр агуулга дээр үндэслэн сургалтыг зохион байгуулна.

11.2.2. Хөгжмийн сургалтын зорилго, зорилтууд

Урлагийн хичээл гэсэн утгаараа хөгжим, дүрслэх урлаг хичээлийн зорилго, зорилтыг нэгтгэсэн байдлаар томьёолсон байдаг. Сургалт нь хоорондоо уялдаа холбоотой байх шаардлагатай учраас сургуулийн өмнөх, бага, суурь боловсролын зорилго, зорилт, хүрэх үр дүн, харилцаа хамаарлыг мэдэх шаардлагатай.

Зураг 11.3.Хөтөлбөрийн зорилго, зорилт, хүрэх үр дүн, эзэмших мэдлэг чадварын уялдаа холбоо

Зураг 11.3. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хүрэх үр дүн, эзэмших мэдлэг чадварын уялдаа холбоо

11.2.3. Хөгжмийн сургалтын зохион байгуулалт

Хөгжмийн албан ёсны сургалтыг зохион байгуулахад боловсролын газраас баталсан агуулга, судлах улирал, цагийн багтаамжийг харгалзан үзнэ. Багш хөгжмийн сургалтын жилийн төлөвлөгөө, улирал, ээлжит хичээлийн агуулга, зорилго, зорилт, хүрэх үр дүн, үнэлгээг гаргахдаа тухайн түвшний сургалтын хөтөлбөртэй уялдаа холбоотойгоор боловсруулна.

Хөгжмийн сургалтыг зохион байгуулах багш нь ерөнхий сурган, сэтгэл судлалын онол, арга зүйн үндсэн дээр сургалтыг зохион байгуулна. Үүний зэрэгцээ хөгжмийн сургалтын онол, арга зүйн онцлогийг харгалзан үзнэ. Хөгжмийн сургалтад дараах ойлголтууд чухал үүрэгтэй:

Арга зүйн хувьд БАГА боловсролын сургалтын хөтөлбөрт дараах байдлаар тусгасан байна.

БАГА БОЛОВСРОЛ. Урлаг.

Сурагчийн эзэмшвэл зохих тодорхой мэдлэг, чадвар, хандлагад баримжаалан сурах арга барилын эзэмшилт болон авьяас чадварыг хөгжүүлэхтэй холбогдуулж, дараах зүйлийг анхаарч ажиллана. Үүнд:

Хөгжмийн хичээлийн онцлог, бүтэц:

Хөгжмийн хичээлийн бүтцэд бусад хичээлтэй ижил төстэй хэсгүүд байдаг. Төлөвлөлт хийх бүтцийн хувьд хичээлийн сэдэв, зорилго, зорилт, агуулга, хичээлийн хэрэглэгдэхүүн, ашиглах материал, хичээлийн явц, дүгнэлт, бататгал, даалгавар гэсэн хэсгүүдийг агуулж болно. Хөгжмийн хичээлийг танхимд, танхимаас гадуур зохион байгуулах боломжтой. Хөгжмийн театр, концертын байгууллага, сургуулийн урлагийн зааланд хүүхдэд зориулсан тоглолтуудыг зохион байгуулж тайлбарт концерт байдлаар хийх боломжтой. Хөгжмийн хичээлийн өөр нэг онцлог нь хөгжмийн тухай нэр томьёотой танилцах, бодит хөгжмийн дуугаралтыг сонсох, хүүхэд бүр гоцлол болон хамтаар өөрийн биеэр хийж гүйцэтгэх, дуулах, хөгжимдөх, бүжиглэх зэрэг тусгай хөгжмийн чадваруудыг эзэмшдэг. Монгол үндэсний өв соёл болон дэлхийн хүн төрөлхтний үнэт бүтээлүүдтэй танилцах боломжтой.

11.2.4. Хөгжмийн сургалтын орчин, сургалтын хэрэглэгдэхүүн, ашиглах материал

Хөгжмийн сургалтыг зохион байгуулахад тусгай анги танхим, орчин нөхцөл, сургалтын хэрэглэгдэхүүн, ашиглах материал шаардагддаг. Энэ нь хөгжмийн урлагийн онцлогоос шалтгаалдаг. Бага боловсролын сургалтын хөтөлбөрт сургалтын орчныг дараах байдлаар тодорхойлсон байна (Бага боловсролын сургалтын хөтөлбөр х.75).

Сургалтыг хөтөлбөрийн зорилго, зорилт, агуулгыг хэрэгжүүлэхэд нийцсэн анги, кабинетад зохион байгуулна. Анги, кабинетын гэрэлтүүлэг, өнгөний зохицол нь сурагчдын сэтгэл зүйд нийцсэн, талбай нь хүртээмжтэй байна. Урлагийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараах сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг бүрдүүлсэн байна. Үүнд:

Хөгжмийн сургалтын орчин, тавигдах шаардлага нь бусад оронд харилцан адилгүй байдаг байна. Хөгжмийн хүмүүжлийн орчныг бий болгох нь орон зайг төлөвлөх, хүүхдийн хөгжмийн хөгжил, бүтээлч байдлыг дэмжих нөөцөөр хангахад чиглэгддэг. Энэ орчин нь хөгжим сонсох, гүйцэтгэх, бүтээх, ойлгох зэрэг хөгжмийн хөгжлийн янз бүрийн талыг дэмждэг. Гол бүрэлдэхүүн хэсгүүдээс дурдвал:

Физик орон зай Нөөц ба хэрэгсэл Хөгжмийн технологитой холбоотой материал хэрэгсэл

Хөгжүүлэгч хөгжмийн орчин нь эдгээр элементүүдийг багтааснаар хүүхдийн хөгжмийн чадвар, бүтээлч байдал, хөгжимд дурлах чадварыг үр дүнтэй хөгжүүлэх боломжтой. Хүүхдийн энгийн хөгжмийн зэмсэгт дараах хөгжмийн зэмсгүүд багтдаг байна. Олон улсын нэршлээр оруулсан ба монголд албан ёсны орчуулга байхгүй байна. Үүнийг ЕБС-д сургалтад хэрэглэхэд багш тоглох аргачлалыг мэдэхээс гадна хөгжмийн зэмсгүүд шаардлагатай болно.

Зураг 11.4.Хүүхдийн энгийн хөгжмийн зэмсгийн төрөл зүйл

Зураг 11.4. Хүүхдийн энгийн хөгжмийн зэмсгийн төрөл зүйл

Эдгээр хөгжмийн зэмсгүүд нь хүүхэд тоглоход энгийн хялбар бөгөөд тэдний хөгжмийн хэмнэлийн сонсгол, өндөрлөг буюу өнгө сонсох, олон хоолойн сонсголыг хөгжүүлэх боломжтой юм. Монголд бага сургуулийн хөгжмийн хичээл дээр энгийн хөгжмийн зэмсгүүд, ардын хөгжмийн зэмсгүүд, сонгодог болон бусад хөгжмийн зэмсгийн дуугаралтыг хөгжмийн бүтээл сонсох байдлаар танилцдаг. Мөн хүүхдүүд өндөрлөгтэй, өндөрлөггүй цохивор хөгжмүүд болон бишгүүр хөгжим дээр ноот бичвэрийн дагуу тоглож сурдаг. Энгийн хөгжмийн зэмсэг дээр тоглож сурахад хэмнэлийн мэдрэмжийг хөгжүүлэхээс гадна, ноотны тухай суурь мэдлэг шаардлагатай.

Зураг 11.5. Энгийн хөгжмийн зэмсгүүд

11.3. ХҮҮХДИЙН ХӨГЖМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЯМАР ОЙЛГОЛТУУД БАГТАХ ВЭ?

Агуулга:

11.3.1. Хөгжим сонсох үйл ажиллагаа

Хөгжим сонсох үйл ажиллагааны онцлог нь хөгжмийн бүх үйл ажиллагаатай хавсарч явагддаг. Дуу дуулахдаа, бүжиглэхдээ, хөгжимдөхдөө хөгжмийн хэмнэл, аялгууг сонсох, өөрийгөө болон бусадтай хамтарч дуулах, хамсраа хөгжмөө сонсдог. Хөгжим сонсох нь үйл ажиллагаа нь бусад үйл ажиллагаатай хавсарч явахын зэрэгцээ бие даасан хэлбэрээр зохион байгуулагддаг. Хөгжим сонсох үйл ажиллагааг зохион байгуулахад ямар зорилгоор тухайн уран бүтээлийг сонсгох гэж байгаагаас хамааран урын санг сонгоно. Хөгжмийн хурдан удаан, чанга аяар, хөгжмийн зэмсгийн дуугаралт, тухайн зохиолын дүрслэл, илэрхийлэл, зохиолын шинж төрх, характерын онцлогийн тухай ярилцах боломжтой. Хүүхдийн насны онцлог, сонирхол, сэдэвтэй холбоотойгоор урын санг сонгоно. Хөгжим сонсоод өөрт төрсөн мэдрэмж сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, анхааралтай сонсох, хөгжмийг ойлгох, хөгжим сонсох туршлагатай болоход анхаарч ажиллах хэрэгтэй.

11.3.2. Дуулах үйл ажиллагаа

Дуулах нь хүүхдийн хамгийн дуртай үйл ажиллагааны нэг бөгөөд ямар ч нөхцөлд хүүхдийн хөгжмийн авьяас чадварыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлдэг онцлогтой. Гоцлол, цөөхүүл болон найрал дуугаар дуулах, хөгжимгүй болон төрөл бүрийн хөгжмийн хамсраатай дуулах боломжтой. Хөгжмийн хамсраа нь төгөлдөр хуур, даралтат хөгжим, ардын хөгжим, орчин үеийн хөгжим, фонограмм зэрэг байж болно. Хүүхэд дуулахдаа хөдөлгөөн хийх, бүжиглэх болон өөрсдөө хөгжим тоглож дуулах боломжтой. Хүүхдийн дуулах үйл ажиллагааг зохион байгуулахад тухайн насны хүүхдийн дуулах боломж, дуулах чадвар, хоолойн цараа, хоолойн эрүүл мэнд, дууны сэдэв, сонирхол зэргийг харгалзан үзэх шаардлагатай. Хоолойн дасгал дуулуулах нь хүүхдийн хоолойн эрүүл мэндийг хамгаалахаас гадна дуулах ур чадварыг хөгжүүлдэг. Дуу заахдаа дууны тухай, зохиолчдын тухай ярилцах, багш өөрөө бодитоор дуулж үзүүлэх, бичлэг сонсгож болно. Дууг заахад дууны аялгуу, хэмнэл, үгийн дуудлага, амьсгаа, сэтгэл хөдлөлөө илэрхийлэн дуулах чадварууд дээр ажилладаг.

11.3.3. Хөгжимдөх үйл ажиллагаа

Хөгжмийн зэмсгээр тоглох нь хүүхдийн хөгжмийн сонсгол, тоглох ур чадвараас гадна тархины хөгжил, жижиг булчингийн хөгжил, ой тогтоолт, анхаарлын хуваарилалтт гээд олон талын хөгжлийг дэмждэг. Хөгжим тоглож сурахад хүүхдийн сонирхол чухал үүрэгтэй. Хөгжим тоглож сурахад багшаас, сурагчдаас тэвчээр, ур чадвар, олон цагийн давтлага, уйгагүй хөдөлмөр шаарддаг. Хөгжимчин болохгүй хэдий ч хүүхдийн хөгжилд онцгой ач холбогдолтой. Хөгжим тоглож сурахад эхлээд тухайн хөгжмийн дуугаралтыг сонсох, тоглох аргачлалыг мэдэх, гарын барил тавил, хэмнэлийн болон өндөрлөгийн мэдрэмж чухал үүрэгтэй оролцдог. Багш хөгжим тоглох үйл ажиллагааг зохион байгуулах арга зүйг эзэмших шаардлагатай.

11.3.4. Бүжиглэх, хөгжимт хөдөлгөөний үйл ажиллагаа

Бага насны хүүхдийг хөдөлгөөнгүйгээр төсөөлөх боломжгүй. Хүүхэд хөдлөх, тоглох явцдаа олон зүйлд суралцдаг. Энэ үйл ажиллагаа нь хүүхдийн бие бялдрын хөгжлийг дэмжихээс гадна эрдэмтдийн үзэж байгаагаар тархины хөгжлийг онцгой байдлаар дэмждэг байна. Мөн хөгжмийн үйл ажиллагааны суурь болох хэмнэлийн мэдрэмж, авьяасыг хөгжүүлэх онцлогтой юм. Сургуулийн орчинд хичээлийн үеэр тэр бүр чөлөөтэй хөдлөөд байдаггүй. Харин хөгжимт хөдөлгөөн, бүжиг нь хүүхдэд өөрийгөө илэрхийлэх боломжийг олгож чаддаг. Сургалтын агуулгад тусгасан хөгжимт хөдөлгөөн, бүжгийг хүүхдэд заахдаа багш тухайн хөдөлгөөнүүдийг зөв сурсан байх шаардлагатай. Хөгжмийн аялгуунд тохируулан хэмнэлийг сонсож хөдөлгөөний гүйцэтгэлийн чанарыг анхаарч, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлж сурах хэрэгтэй.

11.3.5. Хөгжмийн бүтээлч үйл ажиллагаа

Орчин үед сургалтыг зохион байгуулахдаа хүүхдийн академик чадвараас илүүтэй зөөлөн ур чадвар, сэтгэл хөдлөлийн чадамж зэргийг онцгойлон авч үзэх болсон. Хөгжмөөр хичээллэх нь дээрх чадамжийг хөгжүүлэх үндсэн суурь нөхцөл болдог ба хөгжмөөр дамжуулан хүүхдийн цогц хөгжил болох оюун ухаан, бие бялдар, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих боломжтой. Хөгжмийн бүтээлч үйл ажиллагаа нь хүүхдийг багаас нь бүтээлч, санаачилгатай, манлайлагч, өөртөө итгэлтэй болоход чухал үүрэгтэй гэдгээрээ онцлог юм. Бага боловсролын сургалтын хөтөлбөрийн урлаг хэсэгт хүүхдийн эзэмших чадвар дотор бүтээх, бүтээлч эрэл хайгуул хийх гэж оруулсан. Хөгжмийн бүтээлч үйл ажиллагаа, бүтээх, зохион найруулахдаа хөгжим сонсох, дуулах, хөгжимдөх, бүжиглэх үйл ажиллагаатай холбодог. Хэмнэл зохиож түүнийгээ хөгжмийн зэмсэг дээр тоглох, аялгууны шинж төрхийг сонсоод хөдөлгөөн зохиох зэрэг даалгаврыг гүйцэтгэх боломжтой. Дээрх бүх үйл ажиллагааны явцад хөгжмийн нэр томьёотой танилцуулах ба бага насны хүүхдэд хөгжимт тоглоомын хэлбэрээр сургалтыг зохион байгуулах нь үр дүнтэй.

11.4. ХӨГЖМИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАГШ ЯМАР МЭДЛЭГ, УР ЧАДВАРТАЙ БАЙХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

Агуулга:

11.4.1. Хөгжмийн суурь онолын мэдлэг

Хөгжмийн сургалтыг зохион байгуулахад багшид шаардлагатай сурган, сэтгэл судлал, сургалтын онол, арга зүйн мэдлэгтэй байхаас гадна хөгжмийн суурь ойлголт мэдлэг зайлшгүй шаардлагатай. Үүнд:

Хялбаршуулсан хөгжмийн онол нэр томьёо нь сурагчдыг дуулах, хөгжимдөх, бүжиглэх, зохион найруулах, хөгжим сонсох үед хэрэглэгддэг ойлголтууд юм. Иймээс тухайн нэр томьёо нь ямар үед яаж хэрэглэгддэг, ямар хэлбэрээр тэмдэглэгддэг зэргийг мэдэх шаардлагатай. Жишээлбэл: хүүхдийн дуу сурахад аялгууг, үгийн хуваарилалтыг, хэмжээ, хэмнэлийг зааж өгөх хүн байхгүй үед өөрөө бие даан тухайн дууны ноотны тэмдэглэгээг харж сурах боломжтой. Ноот нь ямар хэмнэлтэй, ямар аялгуутай гэдгийг тусгай хөгжмийн тэмдэглэгээгээр ойлгуулж байгаа гэсэн үг юм. Ноот бичвэрт бидний мэдэх 5 шугам дээр тэмдэглэх ба эгшгийн уртасгал, эгшгийн өндөр нам, хурд, хүчдэл, тоглогдох хэлбэр зэргийг тусгасан байдаг. Ноот бичвэрийг тэмдэглэх өөр арга зам байдаг ба тоо ашиглах, өнгө ашиглах, ямар нэг хэлбэр дүрс ашиглах байдлаар сургалтад хэрэглэдэг. Хялбаршуулсан хөгжмийн онолын ойлголтод дараах нэр томьёо багтдаг. Мэргэжлийн хөгжмийн сургалтад илүү нарийн онолын ойлголтуудыг авч үздэг.

Зураг 11.6.Хөгжмийн онолын зарим нэр томьёо

Зураг 11.6. Хөгжмийн онолын зарим нэр томьёо

Хөгжмийн зэмсгийн тухай ойлголт нь сургалтын явцад өргөн хэрэглэгддэг. Хөгжим тоглох, хөгжим сонсох, хөгжмийн дуугаралтыг ялгаж таних зэргийг дурдаж болно.

Хөгжмийн зэмсгийг ерөнхийд нь ардын (үндэсний), сонгодог (симфони), орчин үеийн гэх зэргээр төрөлжүүлж болно.

Улс орон болгоны онцлогоос хамааран хөгжмийн зэмсгүүд нь өөр өөр байдаг. Хөгжмийн зэмсгийг дараах байдлаар ангилан авч үздэг (орчуулга өөр байж болно)

Монголын үндэсний их театрын найрал хөгжмийн бүрэлдэхүүнд дээрх төрлийн хөгжмийн зэмсгүүд бүгд багтсан байдаг. Та бүхэн дараах хаягаас монгол үндэсний хөгжмийн зэмсгийн тухай танилцана уу.

Grand Theatre content үзэх

Зураг 11.7.Үндэсний их театрын найрал хөгжим

Зураг 11.7. Үндэсний их театрын найрал хөгжим

Эх сурвалж: https://eagle.mn/r/116623

Зураг 11.8.Симфони найрал хөгжим

Зураг 11.8.Симфони найрал хөгжим

Эх сурвалж: https://ikon.mn/n/yxc

Зураг 11.9.Симфони найрал хөгжмийн зэмсгүүд

Зураг 11.9.Симфони найрал хөгжмийн зэмсгүүд

Эх сурвалж: https://i.pinimg.com/originals/1c/97/93/1c9793e8d008194c0b030b6cd06ba539.jpg

Симфони найрал хөгжмийн зэмсгийн танилцуулгыг дараах хуудаснаас харна уу! https://www.minnesotaorchestra.org/community-education/educators-families/resources/guide/

Хүүхдэд зориулсан симфони найрал хөгжмийн тухай бичлэгийг дараах хуудаснаас харна уу!https://www.youtube.com/watch?v=JVY4tj-JTBc

11.4.2. Хөгжмийн түүх, хөгжмийн урсгал

Улс орон болгоны хөгжмийн соёл, хөгжмийн уламжлал, хөгжмийн амьдрал дах онцлог үйл явдлууд, хөгжмийн зохиолчид, хөгжмийн бүтээл зэрэг нь хөгжмийн түүхийн үндсэн судлагдахуун болно. Багш хүүхдэд тухай хөгжмийн бүтээлийн тухай ярихдаа ямар үед зохиогдсон, ямар зохиолч зохиосон, тухайн үеийн онцлог нь юу байсан зэргийг хүүхдэд танилцуулдаг.

Монголын хөгжмийн түүхийг ярихдаа 2 талаас нь авч үзэх хэрэгтэй. Нэг талаасаа монгол ардын уламжлалт дуу хөгжим, нөгөө талаас сонгодог барууны мэргэжлийн хөгжмийн урсгал чиглэл монгол улсад хөгжиж эхэлсэн ардын хувьсгалын дараагийн үе, тэр дундаа 1940-өөд оноос хойших үеийг авч үздэг. Энэ үеэс Зөвлөлт холбоот улсад (ОХУ) мэргэжлийн хөгжмийн зохиолчид, удирдаачид, хөгжимчид, бүжгэн жүжгийн бүжигчид, дуурийн дуучин бэлтгэж эхэлсэн нь монголын хөгжмийн урлагт онцгой нөлөө үзүүлсэн.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хөгжмийн урсгал чиглэл, төрөл салбарлан хөгжсөөр байна. Өмнө өгүүлсэн сонгодог хөгжмийн урсгал нь монголд ихээхэн онцгой байр суурь эзэлдэг бол дэлхийн зарим улсад хөгжмийн төрлийн нэгээхэн хэсэг болдог байна.

Зураг 11.10.Хөгжмийн төрөл жанр

Зураг 11.10.Хөгжмийн төрөл жанр

Эх сурвалж: https://abigailpaceyamvcmedia28.wordpress.com/wp-content/uploads/2012/07/genres-1.png

Дээрх хөгжмийн төрөл жанрын ангиллыг харахад үндсэн төрлөөс үүсэж гарсныг ажиглаж болохоор байна. Энэ нь хөгжмийн төрөл жанрын үүсэл, хөгжлийн онцлогийг харуулж байна. Ямар нэг шинэ төрөл жанр хөгжихөд хөгжмийн уран бүтээлчид, хөгжмийн зохиолчдын үүрэг их байдаг. Тэдний бүтээлч сэтгэлгээ, өвөрмөц санаа, уран бүтээлийн эрэл хайгуул нь шинэ төрөл жанр үүсэх нөхцөл болдог.

11.4.3. Хөгжим заах арга зүйн үндсэн онолууд

Хөгжмийн сургалтыг зохион байгуулахад олонд танигдсан сургалтын арга зүйг ашиглахаас гадна хөгжмийн сургалтын онолын гол төлөөлөгчдийн арга зүйг ашигладаг. Хөгжмийн сургалтын онол, арга зүйн суурийг тавьсан сурган хүмүүжүүлэгчдийг харахад ихэнх нь хөгжмийн зохиолчид, уран бүтээлчид байсан. Энэ нь хөгжмийн сургалтыг хамгийн үр дүнтэй, бүтээлчээр зохион байгуулах арга зүйг боловсруулан туршиж хэрэгжүүлэхэд нөлөөлсөн байх боломжтой юм.

Эдгээр гол төлөөлөгчдөөс дурдвал:

Dalcroze, Kodaly, Orff, Suzuki, Gordon нарын хөгжмийн сургалтын арга зүй нь олон оронд түгэн дэлгэрсэн. Дээрх арга зүй нь XX зууны эхэн үеэс эхлэн хөгжиж өнөөдрийн байдлаар хөгжмийн сургалтын үндэс суурь болсон. Оросын хөгжмийн зохиолч, Дмитрийн Кабалевскийн сургалтын арга зүйг Оросын Холбооны улс болон Монгол бусад орнуудад өргөн хэрэглэдэг. Дээрх арга зүй нь өөрийн гэсэн онцлогтой бөгөөд хөгжмийн аль нэг үйл ажиллагааг голчлон хүүхдийн хөгжмийн суурь мэдрэмж, гүйцэтгэл, бүтээлч авьяас чадварыг хөгжүүлдэг. Хөгжмөөс гадна яруу найраг, театрын урлаг, дүрслэх, бусад урлагийн төрлүүдийг хослуулан сургалт явуулах боломжтой.

11.4.4. Хөгжмийн гүйцэтгэлийн ур чадварууд

Хөгжмийн сургалтыг зохион байгуулахад багш ерөнхий сурган сэтгэл судлал, хөгжмийн сургалтын онол арга зүй, хөгжмийн онолын мэдлэгтэй байхаас гадна хөгжмийн гүйцэтгэлийн тодорхой авьяас ур чадвартай байх шаардлагатай.

Хөгжмийн гүйцэтгэлийн ур чадвар гэдэг ойлголтод дуулах, хөгжимдөх, бүжиглэх, удирдах зэрэг ур чадварууд багтдаг.

Гоцлол болон хамтран дуулах чадвар Хөгжмийн зэмсгээр тоглох чадвар Бүжиглэх, хөдөлгөөний ур чадвар Найрал дуу, найрал хөгжим удирдах ур чадвар

Хэлэлцүүлгийн асуулт

Даалгавар

Ашигласан материал: