3.1. Зөөлөн чадвар
Суралцахуйн зорилго:
- Бага ангийн сурагчдад зөөлөн ур чадварыг эзэмшүүлэх
Асуулт:
- Өнөөдрийн суралцагчдад яагаад зөөлөн чадварыг эзэмшүүлэх шаардлагатай вэ?
- Сургалтын ямар аргаар зөөлөн чадварыг эзэмшүүлэх вэ?
- Зөөлөн чадварыг эзэмшүүлэхэд эцэг эх,асран хамгаалагч, багш, нийгэм, олон нийтийн оролцоо чухал уу?
Энэхүү бүлгээс та дараах зүйлсийг олж мэднэ:
Нийгэм сэтгэл хөдлөлд суурилсан сургалтын аргын давуу тал нь сурагчдад зөөлөн чадварыг олгох явдал юм. Олон төрлийн зөөлөн чадвараас бага насанд нь хэрхэн хамгийн чухал чадваруудыг ямар аргаар хэрхэн олгох. Эдгээр чадварыг эзэмших хэрэгцээ шаардлага, нийгмийн болон хувь хүний хөгжилд нөлөөлөх ач холбогдлын тухай өгүүлнэ.
3.1.1.Зөөлөн чадвар яагаад хэрэгтэй вэ?
XXI зууны нийгэм нь маш хурдтай хөгжиж, хувьсан өөрчлөгдсөөр байна. Маргаашийн ирээдүй ямар байх бол? “Тодорхойгүй ирээдүй” гэж чухам юу вэ? Дэлхийн байгаль орчин, нийгэм эдийн засгийн өөрчлөлтөөс улбаалсан олон тулгамдсан асуудлыг эцэстээ зөвхөн “чанартай боловсрол” л өөрчилж чадна хэмээн үзэх боллоо. Өдгөө огт байхгүй мэргэжлүүд, өдгөө байхгүй нөхцөл байдал өнөөдрийн сурагчдыг хэтийн ирээдүйд хүлээж байна. Үүнийг судлаачид “тодорхойгүй ирээдүй” хэмээн тодорхойлсоор байна. Тэгвэл бид энэхүү тодорхойгүй ирээдүйд бэлэн үү? Солонгон хүүхдүүдийн ирээдүй ямар байх вэ? Иймд бид хүүхдүүддээ бага наснаас нь тодорхой мэдлэг олгохын зэрэгцээ зөөлөн чадваруудыг эзэмшүүлэх шаардлагатай болж байна. Олсон мэдлэг, чадвараа амьдралд хэрэглээ болгох, тухайн шинэ нийгэмд дасан зохицох боломжийг нээх нь хувь хүний болон хамтын сайн сайхан, нийгмийн хөгжил цэцэглэлтийн төлөөх чухал эхлэл болно.
Бага насны хүүхдэд танин мэдэхүй, нийгэмшихүй ба сэтгэл хөдлөлийн чадварыг тэнцвэртэй олгох, насанд нь тохирсон чадамжийг эзэмшүүлэх нь хувьсан өөрчлөгдөж буй орчин цагийн нийгмийн шаардлага болжээ.
Ийнхүү XXI зууны эдийн засаг, нийгэм ба технологийн хурдтай хөгжлийн сорилтод уян хатан хариу үйлдэл үзүүлж чадах нийгмийн тэрхүү хэсэг нь сайн сайхан, амжилт дүүрэн, эрүүл энх, аз жаргалтай орших боломжийг илүү эдэлнэ. Харин бид энэхүү сорилт, дуудлагыг хүлээн авахад бэлэн байна уу?
Нэн ялангуяа нийгэмшихүй, сэтгэл хөдлөлийн чадварууд нь гэнэтийн зүйлийг сорих, даван туулах, олон шаардлагыг хангах, өөрийгөө удирдах ба бусадтай үр дүнтэй хамтран ажиллахад чухал хэвээр байна1.(OECD Skills Studies, Skills for Social Progress, The Power of Social and Emotional Skills)
Та сургуулийн насны хүүхдүүдийн 65% нь өдгөө байхгүй ажлын байранд ажиллаж харин 2030 он гэхэд өдгөө байгаа мэргэжлийн 85% нь огт байхгүй болох талаар мэдэх үү? (OECD)
Хүүхэд бүр өөр, ялгаатай. "Хүүхдийн хөгжил нь ген болон хүрээлэн буй орчноос хамааралтай байдаг. Бронфинбриннерсийн экологийн тогтолцооны онол нь эдгээр хамаарлыг цогц загварт нэгтгэж, хөгжил нь хүүхдийг хүрээлж буй орчны олон хүчин зүйлээс шалтгаална хэмээн үздэг"2. (Paul Eggen & Don Kauchak, 2010, p.65)
Хүүхэд бүр төрөлхийн авьяас чадвартай байх албагүй, хүүхэд бүр математикч, зохион бүтээгч аль эсвэл гойд онцгой нэгэн, суут хүн болж төрдөггүй. Харин хүүхдэд төрмөл заяагдсан авьяас чадвар, генийн өгөгдөл байдаг учир хүүхдэд хэрэгцээтэй байх чадварыг нь бид микро, мезо, экзо, макро, хроно тогтолцооных нь хүрээнд багаас нь суулгаж, өдөр тутмын үйл, харилцаа, соёл, нийгмийн нөлөөлөл зэрэг өргөн хүрээнд авч үзэнгээ тохирсон сургалтын аргаар дамжуулан дадал, туршлага болгох бүрэн боломжтой. (Бронфинбриннерсийн Хүний хөгжлийн био экологийн загвар) Тийм туршлага, үр дүн ч дэлхийн улс орнуудад их байсаар байна.
Хүүхдийн хөгжлийг судлан өөрийн онол, үечлэлийг гаргасан Жан Пиаже (Танин мэдэхүйн хөгжлийн үе шат), Зигмунд Фрой (Сэтгэц бэлгийн хөгжлийн үе шат), Эрик Эриксон (Сэтгэц нийгэмшихүйн онол), Жонн В. Уатсон, Б.Ф.Скинер (Бихеворист болон суралцахуйн онол) нарын онолын дагуу 6-12 насыг “сургуулийн нас” хэмээн үздэг. Энэхүү 4 дахь үе шатыг Эриксон : ”Хүүхэд гэр бүлийн хүрээллээс гарч сургуульд суралцаж, үе чацуутантайгаа харилцаж, шинэ шинэ чадварууд эзэмшиж төрөл бүрийн зүйлийг хийж бүтээхийг оролддог бөгөөд хэрэв тэд шинэ чадварууд эзэмших, бүтээлч, хөдөлмөрч байх тал дээр бүтэлгүйтвэл дутуу дулимаг байдлын мэдрэмжтэй болдог тул “Хөдөлмөрт дурлах ба Дутуу дулимаг байдлын мэдрэмж хосолсон зөрчлийн үе хэмээн тодорхойлсон. Нийгэмшихүйн утгаараа шийдвэрлэх үе шат байх бөгөөд өөрийгөө бусадтай харьцуулах замаар ижил төстэй талаа хайж эрэлхийлдэг. Энэ үе шатанд хүүхэд шаргуу хөдөлмөрлөж, хичээснээр мэдлэг, чадвар олж, аливаа эхлүүлсэн зүйлээ дуусгаснаар сэтгэлийн таашаал хүртдэг тул хүүхдийн хөдөлмөрийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөхөөс түүний нийгэмшихүйн хөгжил шалтгаалдаг. Иймд хүүхдийн танин мэдэхүй, нийгэмшихүй, сэтгэл хөдлөлийн чадварууд нь бие даан хөгжих боломжтой ч өөр хоорондоо салшгүй холбоотой үйл явц тул, цогц хөгжлийн үндсийг нийгэмшихүй - сэтгэл хөдлөлд суурилсан сургалтаар олгох нь чухал болжээ.
Зураг 1. Бага насны хүүхдийн хөгжлийн процесс
Эх сурвалж: Child Development. John W.Santrock.2010. p.17
Зураг 2. Суралцахуйн хам хүрээ, чадварууд ба нийгмийн хөгжил хоорондын хамаарал.
Эх сурвалж: https://read.oecd-ilibrary.org/education/skills-for-social-progress_9789264226159-en#page34
Зөөлөн чадвар гэж юу вэ? Тодорхойлолтуудтай танилцъя.
Зөөлөн чадвар гэдэг нь бусадтай сайхан харилцах боломжийг олгодог хувь хүний чанар.1
Зөөлөн чадвар гэдэг нь нэг нэгэнтэйгээ харилцах, хамтран үр дүнтэй ажиллах чадвар.2
- Зөөлөн чадвар нь хувь хүний зан чанар, дадал зуршил, хандлагыг илэрхийлэх цогц ойлголт бөгөөд төрөл бүрийн ажил, нөхцөл байдалд өргөнөөр хэрэглэдэг, дамжуулан эзэмших боломжтой зүйл.
- Зөөлөн чадвар гэдэг нь магадгүй байгалийн төрөлх авьяас, туршлага дээр тулгуурладаг эзэмших эсвэл суралцах замаар бий болдог зүйл.
- Зөөлөн чадвар нь өөрийн зан үйл, итгэл үнэмшил болон хандлагаас шалтгаалж бүрэлддэг.
- Зөөлөн чадвар нь хүмүүст буй нийгмийн дадал.
- Зөөлөн чадвар нь өдөр тутмын амьдралд, суралцах, ажиллахад хэрэгтэй зүйл.
- Зөөлөн чадвар нь бид хэрхэн нэг нэгэнтэйгээ харилцахыг хэлнэ.
- Зөөлөн чадвар нь хүмүүстэй эвтэй байхад тусалдаг хүмүүс хоорондын чадвар.
- Ажлын ёс зүй, Хамтын ажиллагаа, Идэвхтэй сонсох, Ёс зүй, Цөхрөлтгүй байдал, г.м
Иймд зөөлөн чадварт суралцах бүрэн боломжтой.
Зураг 3. Зөөлөн ур чадваруудын төрөл
Та зөөлөн ба хатуу ур чадварын ялгааг мэдэх үү?
Зөөлөн чадвар нь хувь хүний биет бус, техникийн бус чадварууд юм. Тэгвэл зөөлөн чадвар ба хатуу чадварын ялгаа нь юу вэ? Зөөлөн чадвар нь таны хувийн зан чанар, техникийн бус чадвартай холбоотой байдаг бол хатуу чадвар нь албан ёсны боловсрол, сургалтаар дамжуулан эзэмшиж болох чадварт багтдаг. Эдгээр чадварыг их сургууль, коллежид элсэх, онлайн курс, ажлын байран дээрх сургалтаар дамжуулан хөгжүүлж болдог ба тухайн ажил үүргийг амжилттай гүйцэтгэхэд шаардагдах тодорхой мэдлэг, чадвар, дадлыг багтаана.
Зөөлөн чадвар гэдэг нь нийгмийн зан байдал ба хүний зан үйл, түүнчлэн нийгмийн зан үйлийн нэг бөгөөд эдгээрт: Боловсон зан, өрөвдөх сэтгэл, хамтран ажиллах чадвар, нөхцөл байдалд дасан зохицох г.м орно.
Хатуу чадвар гэдэг нь сургуульд суралцах явцдаа болон дипломын боловсролоор баталгаажин эзэмшсэн техникийн эсвэл академик чадварыг хэлнэ. Нөгөө талаасаа, хатуу чадвар нь мэргэжлийн аль эсвэл эрхэлж буй ажилд шаардлагатай мэдлэгтэй холбоотой,тухайн мэргэжилд нэн шаардлагатай гүйцэтгэлийн алхамчлал, техникийн чадварууд. Түүнийг ажиглах ба хэмжихэд нэн хялбар.
3.1.2. Багачууддаа эзэмшүүлэх зөөлөн чадварууд
Бага насны хүүхдэд халуун дулаан, энхрий дотно харилцаа, анхаарал халамж нэн хэрэгтэй байдаг. Тэгвэл эцэг эх, асран хамгаалагчид, багш нар, нийгмийн бүлэг төлөөлөл ийнхүү харилцааг хэрхэн бүрдүүлэх вэ? Сайн харилцааны үндсэн юу байх вэ? Түүнд суралцах боломж бий юу?
Дээрх зөөлөн ур чадваруудаас / Зураг-3/ бага ангийн сурагчдын нас, бие, сэтгэхүйн онцлогт нь тохируулж нэн тэргүүнд 4 чадварыг олгох боломжтой. Эдгээрт: Зорилгоо тодорхойлох, Манлайлал, Цагийн менежмент, Боловсон зан багтана.
Зөөлөн чадварт суралцаж болох уу? Бага сургуульд хэрхэн заах вэ?
Цагийн менежментээс аваад зорилгоо тодорхойлох хүртэл, хүмүүс хоорондын харилцааг хүүхдүүдэд бага ангиас нь судлуулж, харин түүнийгээ хөгжүүлэхэд нь бид туслан дэмжих боломжтой. Дээр бид зөөлөн ба хатуу ур чадварын ялгааг гаргаж өгсөн ба бидний хүүхдүүд академик бус эдгээр чадварыг бага сургуульд элсэн орсон цагаасаа эзэмших ёстой. Сурагч болсноор үсэг цээжлэх, уншиж сурах, тоо тоолох зэрэг мэдлэгийг эзэмших явцад нь нийгэмшихүй ба сэтгэл хөдлөлд суурилсан сургалтаар зөөлөн чадваруудыг олгосноор хүрээлэн буй орчноо таних, баримжаалах, бусадтай эерэг зөв харилцах улмаар өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд нь ач тустай.
Бидний хүүхдүүд анги дотроо өөр хоорондоо хэрхэн харилцахад суралцаж, гэртээ очоод бусадтайгаа хэрхэн харилцахыг зааж өгөх, гэрийн даалгавраа хийж гүйцэтгэхэд нь туслах, дэмжих нь чухал юм. Нийгэмд өөрийгөө авч явах нь хүмүүс хоорондын зөв харилцаанаас шалтгаалдаг учир энэ нь ирээдүйн мэргэжлийн амжилт, эрүүл өсөн бойжих, хөгжиж төлөвшихийн эх үндэс нь болдог байна. Иймд зөв харилцаа, боловсон зан сайн сайхан бүхний түлхүүр мөн.
Бага ангийн сурагчдад дээрх олон төрлийн зөөлөн чадвараас хамгийн нэн чухлыг эзэмшиж, анги дотор болон гэр орондоо хэрэгтэй эдгээр чадварыг хэрхэн ямар, сонирхолтой аргаар бий болгох боломжийг хамтдаа бүтээе.
Зураг 4. Emotional skills
1. Зорилгоо тодорхойлох
Хэнтэй хамт тодорхойлох вэ? Хэн таны туслагч, дэмжигч нь байх вэ?
Өөрийн сурагчаа жижиг, энгийн зүйл дээр хэрхэн зорилго тавьж, хянаж, үр дүнд хүрэхийг зааж өгөх нь түүний академик, хэтдээ хувь хүний хөгжил, мэргэжлийн амжилт, сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг. Та сурагчдадаа өөрөө зорилгоо сонгож, тодорхойлохыг нь зөвшөөрөх алхмаас эхлээрэй. Энэхүү зорилго нь маш энгийн мэт байж болно. Жишээ нь: гэр орноо цэвэрлэх, цэцгээ услах, мөнгө цуглуулах, хадгалах, цуглуулсан мөнгөөрөө дуртай ном, тоглоомоо худалдан авах, г.м
Зорилго нь тодорхой, хүрч болох, хэмжигдэхүйц байх ёстойг тайлбарлаж өгнө. Улмаар хийж гүйцэтгэсний дараа амжилтыг нь хамтдаа ярилцаарай. Зорилго бүр нь цаг хугацаанд захирагдах тул түүнийг нь тогтоож өгнө.
Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа
2. Цагийн менежмент (Нийгмийн амьдралд дасан зохицох, үүрэг хариуцлагатай байх)
Цагийн менежмент бол зөөлөн чадвар. Энэхүү чадвар нь насан туршид нь хэрэг болно. Тохирсон цагтаа хаа нэг газар хүрэлцэн очих чадвар, эсвэл төсөлт ажлаа оноосон цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх нь энэхүү чадвараас шалтгаална. Тухайлбал: Төсөлт ажлыг үндсэн хэдэн хэсэгт хувааж, хэрхэн юу хийж гүйцэтгэхийг алхамчлан тодорхойлж тус бүрд нь цаг хугацаа онооно. Үүний дараагаар хэсэг тус бүрийн гүйцэтгэлд хэдэн цаг шаардагдахыг тооцоолно. Бага ангийн сурагчдад тодорхой цаг хугацааг ойлгуулж өгөх тал дээр тусална. Тухайлбал: 5 минут гэдэг нь ангиасаа цайны газар хүртэлх зайг хэлнэ гэх мэтээр. Эсвэл 10 минут гэдэг нь Спонж Боб хүүхэлдэйн кино үзэж дуусгах хугацаа гэх мэт.
1-р ангийн сурагч сургууль дээр 5 цаг, гадаа 2 цаг, гэртээ үлдсэн багийг өнгөрүүлж байна.
3. Манлайлал
Чимээгүй байдлыг даван туулах, бие даах, айдасгүй болох, чөлөөтэй сэтгэхийн тулд хэрэгтэй чадвар. Хэрхэн яаж манлайлах вэ?
Жишээ нь: Багаа эсвэл төслөө удирдах нь тухайн сурагчид өөрийн туршлагаа хянах, бие даан амжилтад хүрэх боломжийг олгодог. Энэ нь өөрийн үнэлэмжийг бий болгож, бүтээлчээр сэтгэх, багаар ажиллахад сургадаг. Манлайлагч байна гэдэг нь эрх мэдэлтэй нэгэн болно гэсэн утга огт биш. Манлайлагч гэдэг нь багтаа хэрхэн зорилгодоо хүрэх замыг нь заагч бөгөөд бусадтайгаа ойлгомжтой харьцах, сонсох, тэднийг ойлгох, санаа тавих зэрэг чадварууд болно.
4. Боловсон зан
Хаана, хэрхэн, яаж бий болгох вэ? Гэрээс сургуульд, сургуулиас нийгэмд, гэрт, үе тэнгийнхний дунд.
Бусдад анхаарал тавих, хүндлэх, чин сэтгэлээсээ талархах, эелдэг гуйх зэрэг нь өөр хоорондоо эерэг харилцахад хэрэгтэй боловсон зан үйл. Эдгээр нь сурагчдад аз жаргалтай найрсаг харилцаа тогтоох, сайн найз нөхөд, хүрээлэлтэй болох, багш болон эцэг эхтэйгээ зөв харилцаа тогтооход чухал. Боловсон зан нь тухайн хүүхдэд багаараа амжилттай ажиллах, манлайлах хэтдээ мэргэжлийн өндөр үр дүнд хүрэх замыг хөнгөвчилнө. Хүнийг хүндлэн дээдлэх, зөв харилцахад хэрэглэгддэг үгийн сангийн талаар хүүхэдтэй багш, эцэг эхчүүд сайтар ажиллах шаардлагатай. Ярилцахаас гадна сургалтын тодорхой аргаар үүнийг зааж сургана. ( Тух: MindUp арга)
5. Мэндлэх ёс. (Монгол ёс, хүмүүжил)
Мэндлэх ёс: https://medle.mn/classes/1/courses/100001111824442/lessons/100001113467673/200002440541997
Эелдэг зан: https://medle.mn/classes/1/courses/100001111824442/lessons/100001113467680/200002440569175 / эелдэг зан/
Найзтайгаа харилцах: https://medle.mn/classes/1/courses/100001111824442/lessons/100001113467714/100003590632883
уучлалт хүсэхийн учир: https://medle.mn/classes/1/courses/100001111824442/lessons/100001113467716/100003609631781
Оньсон тоглоом, Монгол гэгээрэхүй, Монгол ухаан, ёс жаягийг ойлгуулсан олон тоглоомын аргаас сонгоорой.
3.1.3. Зөөлөн чадвартай-зөөлөн хүүхэд
Хүүхдийн хөгжил, төлөвшилд гэр бүл маш чухал бөгөөд хүүхдийн хөгжлийг цогц байдлаар хөгжүүлэх, зөөлөн чадвартай зөв хүн болгоход эцэг эх, асран хамгаалагчид гол үүргийг гүйцэтгэнэ. Бид хүүхдүүдтэйгээ хэрхэн ажиллаж, тоглож, ярилцаж, хэрхэн урамшуулж, магтаж, дэмжих боломжтой вэ? Жишээ нь: Дүрд тоглох тоглоомын аргыг сонгоцгооё. “Миний хүү хүлэг баатар” видео
3.1.4. Зөөлөн чадварыг хөгжүүлэх зарим аргууд
1. Том номтой ажиллах арга
Сургалтад том ном, зурагт ном ашиглах нь өөрийн гэсэн үр дүнтэй. Жишээ нь: Том номтой ажиллах арга. Багш хүүхдүүдтэйгээ газар сууж, өөрийгөө хүрээлүүлэн, тэднийг тойруулж суулгаад хүүхдийн нүд рүү нэг түвшинд харж байгаад зурагтаа том номыг дэлгэн хуудас дуудсаар нь хамтран уншина. (Том номын хэмжээ 40х50 см) Жишээ нь: Хүүхдийн зохиолч О.Сундуй (2020) 4 цуврал том ном. “Баярлалаа”, “ Уучлаарай”, “Баяртай”, “ Хамтдаа эвтэй амьдаръя”
2. MindUP арга ( https://mindup.org/
Энэхүү үр дүнтэй аргыг дэлхийн олон улс орон сургалтад нас насаар нь түвшинчлэх хөтөлбөрүүдээр дамжуулан бага наснаас нь нийгэмшихүй сэтгэл хөдлөлд суурилсан сургалтаар чадвар болгон олгож байна. Хүнд талархах, өгөөмөр сэтгэлтэй байх арга ухааныг бага наснаас нь зааж сургадаг. Үүний богино хугацааны үр дүн нь: өөрийгөө удирдах, нийгэмших, улмаар сурлагын амжилт гаргах бол урт хугацааны үр дүн нь: сэтгэл хөдлөл, нийгэм, сэтгэцийн эрүүл ахуйгаас бүрдсэн эерэг сэтгэцийн эрүүл мэнд рүү чиглэгддэг.
Боловсролын нейробиологийн чиг хандлагын дагуу тухайн хөтөлбөр нь хүүхдэд анхаарлаа төвлөрүүлэх, сэтгэл хөдлөлөө удирдах, нийгэмшихүйн зан үйлийн стратегид сургаснаар академик амжилтыг бий болгодог давуу талтай. MindUP хөтөлбөр нь түгээмэл, тэгш хамрах зарчимд тулгуурласан тул аль ч насны хүүхэд хамрагдах, дасан зохицоход хялбар байдлаараа онцлогтой.
3. Хөтөлбөр боловсруулах арга ( https://www.lions-quest.org/
Австралийн энэхүү платформ нь зөөлөн чадварыг хөтөлбөрөөр дамжуулан 5 үндсэн чадамж болгон олгодог. Эдгээрт:
- Өөрийн ухамсарлах
- Өөрийн удирдлага
- Харилцааны чадвар
- Нийгмийн ухамсар
- Хариуцлагатай шийдвэр гаргалт
4. Хичээлээс гадуурх үйл ажиллагааны арга / спорт, хөгжим, Монголын скаутын холбоо /
https://www.facebook.com/reel/690677373163606
5. Эцэг эх, асран хамгаалагч нартай Боловсролын технологийг ашиглан зөөлөн чадвар олгох арга
Зөөлөн чадварыг анги танхимд болон гэр оронд хамтад нь олгох нь илүү үр дүнтэй. Иймд багш, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг өндөр. Үүнийг зөөлөн чадварыг эзэмшсэн хүн л олгоно. Тэгвэл багш, эцэг эх, асран хамгаалагчид цаашилбал сургууль, нийгмийн бүлгүүд хамтран ажиллахад бэлэн үү? ( 3.1-ийн бүдүүвч....харна уу)
3.1.5. Зөөлөн ур чадвараа үнэлж үзье
Хүүхдээ үнэлэх нэгэн арга / хүснэгт 1 /
Хүснэгт 1. Зөв боловсон зан үйлийн чадварууд
Дүгнэлт
Нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалтаар зөөлөн чадвар суулгахын ач холбогдол: Нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалтыг хэрэгжүүлж, сургуулийн соёлын байнгын хэсэг болгосноор дараах үр дүн гарна. Үүнд:
- Зорилгоо тодорхойлж сурна
- Цаг баримталж сурна
- Манлайлж сурна
- Зөв боловсон зантай болно
- Өөрийгөө удирдаж сурна
- Эрүүл, эерэг уур амьсгалыг анги танхимд бүрдүүлж чадна
- Түрэмгий зан авир, үе чацуутны дээрлэхэлтийг бууруулна
- Үе чацуутан, найз нөхдөдөө итгэлцлийг бий болгон
- Сурлагын амжилт сайжирна
- Стресс, уур бухимдлыг бууруулж, удирдаж чадна
- Сайн сайхан, идэвхтэй, аз жаргалтай амьдарна
Гэрийн даалгавар:
- Зорилгоо тодорхойлох нь бага насны сурагчдад боломжтой зүйл үү? Турших ажил.
- MindUp аргаар үгийн сан зохиох
- Анги танхимд зөөлөн чадвар эзэмшүүлэх стратеги боловсруулах
Ашигласан ном зүй:
- Future of the Education and Skills. OECD
- Монгол ёс, хүмүүжил IV. (2019,54-55)
- OECD skills Studies. Skills for Social progress. The power of Social and Emotional skills
- https://www.softkids.net/en/home/
- Өөрийгөө илэрхийлэх чадварын судалгааны нэгтгэл
- Хэсэгчлэн авах,1р анги
- https://www.medle.mn/telelesson/99/501/100001256224426
- https://medle.mn/telelesson/99/501/100001256224443 (баярлалаа...үгийг тоглоомын аргаар)
3.2. НИЙГЭМШИХҮЙ БОЛОН СЭТГЭЛ ХӨДЛӨЛД СУУРИЛСАН СУРГАЛТ
Агуулга:
- Нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалт гэж юу вэ?
- Нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалтын агуулгын хүрээ
- Нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалтаар эзэмших цогц чадамж
- Нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалтын ач холбогдол
- Нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалтын хөтөлбөр
- Нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалтын үйл ажиллагааны жишээ
- Нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалттай холбоотой асуулт ба хариултууд
3.2.1.Нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалт юу гэж вэ?
ЭЗХАХБ (OECD) -аас гаргасан “Боловсролын ирээдүй ба чадварууд-2030” тайланд боловсролын зорилго нь “сайн сайхан байдал” гэжээ. Монгол хэлний их тайлбар тольд “Сэтгэлд нийцэхүйц, тааламжтай байдал” гэсэн бол well-being гэдгийг Охфорд, Кембрижийн тайлбар толинд “Аз жаргалтай, эрүүл энх, тав тухтай байхыг мэдэрч буй төлөв байдал” гэж тайлбарлажээ. Мериам-Вебстерийн тольд “Аз жаргалтай, эрүүл чийрэг, өсөж дээшилж байгаагаа мэдэрч буй төлөв байдал” гэжээ. Эдгээр тайлбараас харахад сайн сайхан байдал гэдэг нь үнэхээр хүн бүрийн хүсэн тэмүүлдэг зүйл төдийгүй эрүүл чийрэг, тав тухтай, амар амгалан байхад аз жаргал мэдрэгддэг. Сайн сайхан байдал бол ердөө амьдралын чанарын хэмжүүр юм.
Нөгөө талаас сайн сайхан байдлыг илэрхийлэх хэмжүүр нь нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн чадвараар хэмжигдэх ажээ. Тиймээс багш мэргэжилтэн сайн сайхан байдлыг бий болгох чадвартай нэгэн байхыг шаардах болжээ.
Бие махбодын, нийгмийн, оюун ухааны, санхүүгийн хувьд сайн сайхан байдлыг бий болгосноор тухайн хүн бүхэлдээ сайн сайхан байдлыг мэдэрдэг. Сайн сайхан байдал нь олон хүчин зүйлээс хамаардаг олон талт үзүүлэлт юм. Юуны өмнө олон хүчин зүйлийн тэнцвэрийг анхаарах хэрэгтэй бөгөөд өдөр тутам ажил, амьдрал дээрээ шийдвэр гаргахдаа санаж байх учиртай. Сайн сайхан байдлыг өөртөө бий болгох чадварыг сургуульд нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлд суурилсан сургалтаар суралцах боломжтой.
Сайн сайхан байдалд хүрэх замыг АНУ-ын Рочестерийн их сургуулийн нэгэн судалгааны багийнхан дараах байдлаар тодорхойлсон байна.
- Эрт үеийн үр дүнтэй арчилгаа, хайр халамжийг бий болгох, хүүхдэд мэдрүүлэх
- Нас насанд нь тохирсон цогц чадамжийг эзэмшүүлэх
- Эрүүл мэндийн үр дүнг чухалчлах орчин бий болгох
- Хувь заяагаа өөрөө удирдаж буй мэдрэмжтэй байх
- Стрессийг үр дүнтэй даван туулах (Cowen, 2002)
3.2.2.Нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалтын агуулгын хүрээ
Нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалтын агуулгын хүрээг 1994 онд АНУ-д байгуулагдсан Академик болон нийгэмшихүй, сэтгэл хөдлөлд суурилсан сургалт хэмээх байгууллагын www.casel.org цахим хуудас дээр дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалт нь нийгэм, гэр бүл, сургууль, багш нарын үйл ажиллагаанаас хамаарсан цогц үйл ажиллагаа бөгөөд суралцагчийн өөрийн ухамсар, өөрийн удирдлага, нийгмийн ухамсар, харилцааны чадвар, хариуцлагатай шийдвэр гаргалт гэсэн чадамжуудаас хамаардаг. Ерөнхийдөө сургуульд суурилсан бодлогын шинжтэй бөгөөд нийгэм, гэр бүл, сургууль, багш нар бүгд нэг зорилгын дор нэгдэж байж хэрэгждэг. Нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалтыг сургуулийн соёлын байнгын хэсэг болгосноор урт хугацаанд эерэг үр дүн гардаг.

Нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалтын үр дүнг дараах байдлаар тодорхойлжээ. (Barbara Gueldner, Laura Feuerborn and Kenneth Merrell, 2020)
Богино хугацааны үр дүн | Урт хугацааны үр дүн |
---|---|
Нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн чадварууд эзэмшсэн байх | Ахлах сургуулиа амжилттай төгсөх |
Эерэг хандлагатай байх | Дараагийн шатны сургуульд элсэх бэлэн байх |
Эерэг төлөвшил болон харилцаатай байх | Эрүүл харилцаатай байх |
Зан үйлийн бэрхшээл бага байх | Сэтгэц эрүүл байх |
Сэтгэл санааны хямрал бага байх | Гэмт хэрэгт өртөх нь бага |
Академик гүйцэтгэл сайн байх | Төлөвшсөн иргэн болох |
Нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалтаар эзэмших цогц чадамж
Нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалтаар эзэмших цогц чадамжийг суралцагчийн өөрийн ухамсар, удирдлага, нийгмийн ухамсар, харилцааны чадвар, хариуцлагатай шийдвэр гаргалт гэсэн таван чиглэлээр тодорхойлдог (Weissberg, Roger & Durlak, Joseph & Domitrovich, Celene & Gullotta, T.P., 2015) бөгөөд тэдгээрийг тус тусад нь тайлбарлая:
Чадвар | Тодорхойлолт | Жишээ |
---|---|---|
Өөрийн ухамсар | Өөрийнхөө сэтгэл хөдлөл, бодол, үйлийг тодорхойлох, давуу болон сул тал, үнэт зүйлээ таних, өөдрөг байх, өсөн дэвжих сэтгэлгээтэй байх чадвар. | Нэг суралцагч математикийн хичээлдээ сайн биш гэдгээ мэддэг бөгөөд багш болон бусад хүмүүсээс туслалцаа аваад сайжирч чадна гэдэгт итгэдэг. |
Өөрийн удирдлага | Өөрийнхөө зорилгыг дэвшүүлэх, биелүүлэхийн тулд өөрийн төлөвшил, стресс, бодол, сэтгэл хөдлөлийг удирдах, хянах чадвар. | Нэг суралцагч шалгалт өгөхөөр эхлэх үедээ маш их сандарч голдуу хойшлуулдаг байна. Тэр энэ мэдрэмжээ ойлгож, гүйнзгий амьсгаа авч, “Зүгээр эхэл, удахгүй гайгүй болно” гэж өөртөө хэлдэг болжээ. Тэрээр хичээл давтахаа заримдаанэг цагаар завсарлаж, шөнө маш сайн нойр авахыг өөртөө сануулдаг болжээ. |
Нийгмийн ухамсар | Бусдын төлөв байдал, сэтгэл хөдлөлийг таних, ялгаатай байдлыг нь ойлгох, хүндэтгэх, нийгмийн хэм хэмжээ, ёс зүйг ойлгох, нөөц боломжийг таних чадвар | Суралцагчдын зөвлөлийн хурал дээр ялгаатай саналтай байгааг гишүүний саналыг бусад нь сонсоод хэдийгээр ялгаатай ч гэсэн тухайн асуудлыг шийдвэрлэх найдвартай арга зам болохыг ойлгожээ. |
Харилцааны чадвар | Хүмүүстэй харилцах харилцаандаа сэтгэл хангалуун байх, нийгмийн хортой дарамтаас зайлсхийх, дэмжлэгийг бусдад үзүүлэх, эрж олох, хүлээж авах, зөрчлийг шийдвэрлэх, зөвшилцөх, хамтрах, харилцах чадвар. | Нэг суралцагч багаар ажиллах үед илтгэгчтэй харцаараа харилцах гэх мэт харилцааны чадварыг хэрэглэх, харилцан ярианд идэвхтэй оролцох бөгөөд багийн гишүүдээс болон багшаас асуулт асуудаг. |
Хариуцлагатай шийдвэр гаргалт | Нийгмийн, ёс зүйн аюулгүй байдалд нөлөөлөх асуудал, бэрхшээлийг таних, асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй алхмуудад оролцох, бусдын үйлдлийг эргэцүүлэх үнэлэх чадвар. | Нэг суралцагч өөр нэг суралцагчийн гэрт болох үдэшлэгийн талаар сонсжээ. Тэр үдэшлэг дээр согтууруулах ундаа хэрэглэнэ гэж бодож байвал дотны найздаа очихгүй байхыг зөвлөнө. Маргааш өглөө нь хүртэл өөрийнхөө шийдвэрийг зөв гэдэгт итгэлтэй байдаг. |
3.2.3.Нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалтын ач холбогдол
Нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалтыг хэрэгжүүлж, сургуулийн соёлын байнгын хэсэг болгосноор дараах үр дүн гарна. Үүнд:
- Сургуулийн уур амьсгал эерэг болно
- Сурлагын амжилт сайжирна
- Сургуулийн орчны бүхий л харилцаа эерэг, бие биеэ дэмжсэн шинжтэй болно
- Дээрэлхэлт буурна, түрэмгий зан чанар багасна
Нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалт нь бусад тусгайлан боловсруулсан сургалтын хөтөлбөрүүдийн адил урт хугацаанд сурлагын амжилтад эергээр нөлөөлнө. (Mahoney,J.L., Durlak,J.A.,& Weissberg,R.P, 2018)
Дээрх дүгнэлтийг нотолсон олон судалгааны үр дүн байдаг. Тэдгээрээс заримыг дурдвал:
- Нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалтад зориулсан нэг америк доллар 11 болж үр ашгаа өгдөг (Clive Belfield, et al, 2015).
- Нэг саяас илүү оролцогчийг хамруулсан судалгаануудад анализ хийхэд нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургатын үр дүнд суралцагчдын академик чадвар, сурлагын амжилт ахиж байна гэсэн дүгнэлт гарчээ. (Durlak, J. A., Mahoney, J. L., & Boyle, A. E, 2022).
- Нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалтыг хэрэгжүүлснээр суралцагчдын хичээлдээ оролцох оролцоо нэмэгдэж, сурлагын амжилт нэмэгдэнэ.
- Нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалтын үр дүн удаан хугацаанд гардаг. Энэ төрлийн сургалтад хамрагдсан бүлгийн хүүхдүүдийн сурлагын амжилт хамрагдаагүй хүүхдүүдийнхээс нэг жилийн дараа 13 хувиар илүү гарсан байна. (Taylor, R.D., Oberle, E., Durlak, J.A. and Weissberg, R.P, 2017).
- Нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн чадвар өндөртэй багш нар ажилдаа сэтгэл ханамжтай байж, ядрах нь бага байдаг. (Brackett, Marc & et al., 2010).
3.2.4.Нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалтын үйл ажиллагааны жишээ
( www.rulerapproach.org )Энэхүү аргыг АНУ-ын Йелийн их сургуулийн судлаачдын багийн санаачлан боловсруулсан бөгөөд дараах үгсийн эхний үгээр товчлон үүсгэсэн RULER хэмээх нэрээр сургалтад нэвтэрсэн. Үүнд:
- Recognizing emotions in oneself and others: Өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг таних
- Understanding the causes and consequences of emotions: Сэтгэл хөдлөлийн шалтгаан, үр дагаврыг ойлгох
- Labeling emotions with a nuanced vocabulary: Сэтгэл хөдлөлийг нарийн мэдрэмж бүхий үгээр илэрхийлэх
- Expressing emotions in accordance with cultural norms and social context: Нийгмийн болон соёлын хэм хэмжээний хүрээнд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх
- Regulating emotions with helpful strategies: Сэтгэл хөдлөлөө үр дүнтэй стратегиар зохицуулах
RULER аргын зорилго нь нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн чадварыг дэмжих үйл ажиллагааг тодорхой үе шаттай хэрэгжүүлж, сургуулийн соёлын нэг хэсэг болсноор сургуулийн уур амьсгалыг эерэг болгодог.
RULER аргыг хэрэгжүүлэхдээ удирдлага, багш, ажилтнууд, эцэг эхчүүдийн сургалтаас эхэлж, тэдэнд үзэл санаа, бодлогыг ойлгуулж, тэдэнтэй хамтран суралцагчдад сэтгэл хөдлөлөө удирдах зохицуулах чадварт суралцуулах ажлыг зохион байгуулдаг.
RULER аргыг хэрэгжүүлэх үндсэн дөрвөн хэрэгсэл байдаг. Үүнд:
- Дүрэм: Сургууль даяар мөрдөх тодорхой дүрмүүдийг хүүхдэд ойлгомжтой байдлаар тодорхойлдог.
- Сэтгэл санааны байдлыг хэмжигч: Өөрийгөө болон нийгмийн ухамсарыг сайжруулж, нарийн мэдрэмжийн үгсийн сан, сэтгэл хөдлөлийг зохицуулах олон төрлийн стратегийг хөгжүүлэхэд тусалдаг.
- Тухайн агшины сэтгэл хөдлөлийн учир шалтгаан: Сэтгэл хөдлөлийн нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэх үйл явц нь учир шалтгааныг ухаарч, эрүүл харилцаа, хувийн сайн сайхан байдлыг дэмжих стратегиар хангадаг.
- Хөтөлбөр: Зөрчилдөөнийг шийдвэрлэх, элдэв нөлөөлөлд өртсөн олон нийтийг сэргээх гарын авлага болж, өрөвдөх сэтгэл, зөрчилдөөнийг шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
Тухайлбал, бага ангид RULER аргыг хэрэгжүүлэхдээ анги бүрд тохирсон мэдрэмж илэрхийлэх үгсийг сонгож, тэдгээр үгсийну тгыг ойлгох, хэрэглэх чадварт суралцуулах үйл ажиллагааг гэр бүл, сургууль, нийгмийн бүлгийн хүрээнд бүхэлдээ анхаарч ажиллах юм. Ингэснээр бага сургуулийн төгсөгч өөрийн сэтгэл хөдлөлөө үгээр илэрхийлэх, учир шалтгааныг таних, үр дагаврыг ухаарах, бусдад туслах, бусдаас туслалцаа авах боломжтой болох юм.
MindUP арга (https://mindup.org/)Энэ аргын гол зорилго нь талархах, өгөөмөр сэтгэлийг суралцсанаар хүүхдийн ухамсрыг гүн гүнзгий төлөвшүүлэх бөгөөд СӨБ-оос 9-анги хүртэл хэрэгжүүлэхэд тохиромжтой. АНУ-ын The Hawn Foundation хэмээх эрдэмтдийн баг 2003 онд тархи судлалын судалгааны ололт амжилт дээр тулгуурлан нийгэмшихүй ба сэтгэл хөдлөлийн сургалтын хөтөлбөр MindUP боловсруулсан бөгөөд 2023 онд дөрвөн орны (Канад, АНУ, Уганда, Португал) бие даасан есөн судалгаа хэвлэгдсэн бөгөөд MindUP сургалтын хөтөлбөрийн үр нөлөөг судалгааны үр дүнгээр харуулсан. MindUP-ийг үүсгэн байгуулагч Голди Хоун сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хийсэн судалгааны ажлаараа үнэлэгдэж, USA Today сэтгүүлийн оны шилдэг эмэгтэйчүүдийн нэгээр шалгарчээ. Энэхүү хөтөлбөрийн үр дүнг харуулсан судалгааны ажлууд нэлээд байдаг.
https://www.csmh.uwo.ca/docs/Crooks-Bax-Delaney-Kim-Shokoohi-MindUP-2020.pdf3.2.5.Нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалттай холбоотой түгээмэл асуулт ба хариултууд
№ | Асуулт | Хариулт |
---|---|---|
1 | Нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалт нь тусдаа хичээл болж, тусдаа багштай байх ёстой юу? | Нэг багш, нэг хичээлээр нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалтыг хэрэгжүүлэх боломжгүй. Хичээл бүрийн арга зүй, үйл ажиллагаанд шинэгсэн байх учиртай. |
2 | Нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалт нь зөвхөн сургуулийн үүрэг үү? | Нийгмийн бүлгүүд, гэр бүл, сургууль, багш нар нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалтын үзэл санааг анхаарснаар сургуулийн соёлын нэг хэсэг болж, эерэг үр дүн гардаг. |
3 | Нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалтын үр дүн хэдий хугацааны дараа илрэх вэ? | Урт хугацаанд үр дүн гардаг бөгөөд сургуулийн уур амьсгал эерэг болж, сурлагын амжилт сайжирдаг. |
4 | Нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалт нь онлайн хэлбэрээр зохион байгуулагдах боломжтой юу? | Боломжтой. Маш олон онлайн хөтөлбөрүүд дэлхий даяар хэрэгждэг. Тухайлбал, www.MindUP.org |
5 | Сайн дурын ажил нь нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалт болох уу? | Сайн дурын ажил бол ахлах ангийнхан болон их сургуулийн оюутнуудын хувьд маш тохиромжтой нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалт юм. |
Нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн сургалтын талаарх видео:

Товчилсон үгийн жагсаалт
А-В | АНУ-Америкийн нэгдсэн улс | Л-Н | У-Ф |
Г-Е | О-П | Х-Ч | Ё-З |
Р-Т | Ш-Я | ЭЗХАХБ-Эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага |
Ашигласан ном зүй
- Barbara Gueldner, Laura Feuerborn and Kenneth Merrell. (2020). Social and emotional learning in the classroom. NY: THE GUILFORD PRESS.
- Brackett, Marc & Palomera, Raquel & Mojsa-Kaja, Justyna & Reyes, Chin & Salovey, Peter. (2010). Emotion-regulation ability, burnout, and job satisfaction among British secondary-school teachers. Psychology in the Schools, 47, 406-417.
- Clive Belfield, et al. (2015). The Economic Value of Social and Emotional Learning. Journal of Benefit-Cost Analysis 6, 3-64.
- Cowen, E. (2002). The Enhancement of Psychological Wellness: Challenges and Opportunities. In T. R. al, A Quarter Century of Community Psychology (pp. 445-475). NY: Springer. DOI: 10.1007/978-1-4419-8646-7_21
- Durlak, J. A., Mahoney, J. L., & Boyle, A. E. (2022). What we know, and what we need to find out about universal, school-based social and emotional learning programs for children and adolescents: A review of meta-analyses and directions for future research. Psychological Bulletin, 765–782.
- Mahoney, J.L., Durlak, J.A., & Weissberg, R.P. (2018). An update on social and emotional learning outcome research. Phi Delta Kappan, 100(4), 18-23.
- Taylor, R.D., Oberle, E., Durlak, J.A. and Weissberg, R.P. (2017). Promoting Positive Youth Development Through School-Based Social and Emotional Learning Interventions: A Meta-Analysis of Follow-Up Effects. Child Development 88, 1156-1171. https://doi.org/10.1111/cdev.12864
- Weissberg, Roger & Durlak, Joseph & Domitrovich, Celene & Gullotta, T.P. (2015). Social and emotional learning: Past, present, and future. In R. &. Weissberg, Handbook for social and emotional learning: Research and practice (pp. 3-19). NY: The Guilford Press.