6.1. Ёс зүй ба ёс суртахууны боловсрол
Суралцахуйн зорилт:
- Ёс зүй, ёс суртахууны талаарх онолын үндсийг танин мэдэх
- Ёс суртахууны болон үнэт зүйлийн боловсрол эзэмших мэдлэг, чадвар, хандлагатай болох
- Ёс зүйн асуудал хэзээ хэрхэн үүсдэг, биеэ хэрхэн зөв авч явах талаар онолын үүднээс дүн шинжилгээ хийх
- Ёс суртахууны боловсролыг хүүхдэд эзэмшүүлэх арга зүйг эзэмших
6.1.1. Ёс зүй, ёс суртахуун гэж юу вэ?
Ёс зүй хэмээх ойлголт эртний Грекийн “ethos” хэмээх үгнээс гаралтай.
Ethos - Ethics - Этика - Ёс зүй
Еthos/этос - ёс зүй - эрт үед хамтран амьдрах орон байр, оршин амьдрах газар гэсэн утгыг илэрхийлж байснаа улмаар зан заншил, зан чанар, дадал зуршил гэсэн шинэ утгатай болжээ. Тодруулбал “Этос” гэдэг үгийн түүх нь хамтын амьдралын явцад хүмүүсийн зан үйл, зан араншин бүрэлдэн тогтдогийг илэрхийлсэн утгатай байсан. Ёс зүй бол философийн салбар ухаан бөгөөд товчоор хэлбэл, хүний үйлдлийн зөв буруу эсэхийг судална.
ЁС ЗҮЙ (грек. ἠθικά, ηθικός –зан авир, зан аальд холбогдох; латин. ethica) - Ёс суртахууны тухай практик философи, мэдлэгийн салбар юм. Аристотель энэ нэр томъёог системчилсэн, онцгой утга илэрхийлэх мэдлэгийн салбар болгож хөгжүүлснээр ёс зүйн судалгаа эхэлсэн. Түүний «Дээд суртахуун», «Евдемийн ёс зүй», «Никомахын ёс зүй» хэмээх бүхэлдээ ёс суртахууны асуудлын агуулгыг илэрхийлсэн анхны гурван зохиолд ийм нэр томъёо хэрэглэгдсэн байдаг.
ШУА, Философийн хүрээлэн (2022) “Философийн шинэ нэвтэрхий толь” УБ. ...тал.
Эртний грекийн философич Аристотель МЭӨ IV зууны үед дээрх гурван цуврал бүтээлдээ хүний зан төлөвийн өвөрмөц шинжийг илэрхийлэхийн тулд “этос” хэмээх ойлголтыг анх хэрэглэснээрээ ёс зүйн шинжлэх ухааны үндэслэгч болжээ.
Зураг 1. Грекийн философич Аристотель, МЭӨ IV
MORALITAS - МОРАЛЬ - ЁС СУРТАХУУН \НРАВСТВЕННОСТЬ\
Ёс суртахуун буюу мораль гэдэг үг нь латин хэлний “mos” гэдэг үгээс гаралтай. Энэ нь Грек хэлний “ethos”- зан чанар, зан заншил, дадал зуршил гэдэг үгтэй утга адил байв. Хөгжлийн явцад “этик” нь ёс зүй, “мораль” нь ёс суртахуун гэсэн хоёр өөр утгатай, хоёр өөр ойлголт болжээ.
ЁС СУРТАХУУН (латин. moralitas, мораль) нь хамгийн дээд үнэт зүйл бөгөөд байвал зохихын хүрээг ерөнхийд нь илэрхийлдэг Европын философийн ойлголт. Ёс суртахуун нь хүний "сайн" ба "муу", "буян" ба "хуурмаг явдал", "зөв" ба "буруу”, “үүрэг”, “ухамсар", "шударга ёс” гэх мэт үйл ажиллагааны туршлагыг нэгтгэн дүгнэдэг.
ШУА, Философийн хүрээлэн (2022) “Философийн шинэ нэвтэрхий толь” УБ. ...тал.
Ёс зүйд хүний тухайн үйлдлээс эхлээд амьдралаа авч явах арга хэлбэр, үзэл баримтлал, хандлага ч хамаарна. Тэгвэл Бид юу хийх ёстой вэ? Бид биеэ хэрхэн зөв авч явах вэ?
Бид амьдралдаа дээрх асуулттай байнга тулгарч, түүнийхээ дагуу шийдэж байдаг. Энэ нь бидэнд шийдэх боломжууд байдаг гэсэн үг. “Юу хийх ёстой вэ?” гэдэг асуулт сайн, муу, зөв, буруугийн асуудалтай холбогдоход энэ нь ёс зүйн асуудал болдог.
Хүн бүрт ухамсар, ёс суртахууны мэдрэмж нь юу хийх ёстойг нь хэлж өгдөг тул тэрхүү асуултын хариуг амархан олдог. Харин ёс зүйн үнэлэмж, нэгж үйлдлийн үндэслэлийг олон талаас нь задлан шинжилж, үнэлэх үед үүнд хариулахад хэцүү болдог.
Ёс суртахуун бол хүмүүсийн хоорондын харилцаа, хамтын амьдралыг чиглүүлэн зохицуулж байдаг дүрэм, хэм хэмжээний тогтолцоо юм. Үүнд тухайн нийгэмд хүн бүрийн даган мөрдөх ёстой, биеэ авч явахуйн болон бие, хэл, сэтгэлийн үйлийн хэм хэмжээ, стандартууд хамаарна. Тэрхүү хэм хэмжээнүүд нь нийгмийн үнэт зүйлс, ёс уламжлал, итгэл үнэмшил, үзэл суртал зэргээс шалтгаална.
Ёс суртахууны хэм хэмжээ нь тодорхой нийгмээс бүх гишүүдээс биелүүлэхийг шаарддаг үйлдлийн дүрэм юм. Жишээлбэл, амьтан зовоохгүй байх, ахмад настанд суудал тавьж өгөх гэх мэт. Нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг даган мөрдөхгүй бол бусдад ад үзэгдэх, гадуурхагдах, тусгаарлагдах, зарим тохиолдолд хатуу ял шийтгэл амсах үр дагавартай байдаг.
Ёс ёмбогор
Төр төмбөгөр
----------------
Усыг нь уувал
Ёсыг нь дагадаг
----------------
Монгол ардын зүйр цэцэн үгсээс
Ёс суртахууны хэм хэмжээ нь сайтар ажиглаваас тодорхой үнэт зүйлийг баримталснаас урган гарсан байдаг. Үнэт зүйлс бол “нийгэмших явцад өөрийн болгож авдаг, хүний үйлдлийн чиг баримжаа”. Нийгэм бүр өөрийн гэсэн үнэт зүйлсийн тогтолцоотой байдаг.
Тухайн нийгэмд баримталдаг үнэт зүйлс нь юуг хүсүүштэй, зөв, сайн гэж үзэх ёс суртахууны үндсэн суурь төсөөлөл, үзэл баримтлал болдог. Тухайн хүн болон нийгмийн ёс суртахуун, баримталдаг үнэт зүйлс нь нүдэнд шууд харагдахгүй. Харин тэдгээрийг хэлж, хийж, хүсэж буй үйлдлээс нь харж болно.
“Ёс суртахууны үнэт зүйл гэдэг нь хүсэж буй зорилгын талаарх нэгдмэл үзэл бодол, нийгмийн гишүүд нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс суртахууны итгэл үнэмшил, оюуны үнэт зүйл бөгөөд хүнийг нийгэмтэй, ертөнцтэй нэгтгэдэг арга хэрэгсэл юм” Р.Дарьхүү
СУИС. СУСХ. (2019) Монголын соёл урлаг судлал. Т. XXXI. F. 1-20. УБ. 70-76 тал.
Амьдралдаа сэтгэл ханамжтай байхад зөв шийдсэн гэх мэдрэмж шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Үнэт зүйлс нь үүнд чиг баримжаа болдог. Үнэт зүйлс бол ямагт хүний үнэлэмжийн үр дүн байдаг ба тэрхүү үнэлэмжээрээ хүн ямар нэгэн зүйл, ямар нэгэн асуудалд хэрхэн хандахаа шийддэг. Үнэт зүйлс хүний үйлдлийн үндэслэл болдог бол хэм хэмжээ нь үнэт зүйлсийг хэрэгжүүлэх заавар, аргачлал болно.
Ёс суртахууны зарчим: Тухайн нийгмийн бүлэг, нийгмийн бүх гишүүдийн заавал дагаж мөрдөх чиг баримжааллыг зарчим гэнэ. Зарчим нь үнэт зүйлтэй ойролцоо, адил түвшний ойлголт юм. Жишээлбэл, ардчиллын зарчим, шударга, тэгш байх зарчим, хүнлэг байх зарчим гэх мэт. Эдгээр үндсэн зарчмуудаас бусад үнэт зүйлс улбаалан гарна.
Зураг 2. Хүнийг тодорхойлох хүчин зүйлсийг харуулах “Мөсөн уулын загвар” /А. Оюунтунгалаг, Г. Ариунцэцэг. “ББНУ-ны сургалт. Иргэний ёс зүйн боловсрол, заах арга зүй” сурах бичиг- I. УБ. 2021. 9 тал/
Онлайн материалууд
- Видео лекц
- https://medle.mn/textbook/415?type=pdf
- https://medle.mn/textbook/480?type=html
- А. Оюунтунгалаг “Нийгмийн ухааны боловсрол. Бага ангийн сурагчдад нийгмийн ухааны боловсрол эзэмшүүлэх онол, арга зүй” (2023) УБ. (QR Code холбож оруулна.)
- А. Оюунтунгалаг, Г. Ариунцэцэг. “ББНУ-ны сургалт. Иргэний ёс зүйн боловсрол, заах арга зүй”. Их, дээд сургуулийн багш, магистрант, оюутнуудад зориулсан сурах бичиг- I. УБ. 2019, 2020, 2021. (QR Code холбож оруулна.)
ДҮГНЭЛТ
Энд дүгнэлт бичнэ!!!!!
6.1.2.Ёс суртахууны болон үнэт зүйлийн боловсрол
Ёс суртахууны боловсрол
Одоогийн залуус тансаг зүйлд л дурлах болж. Тэд биеэ зөв авч явж чадахгүй, ах захаа мэдэхгүй, хүндлэхгүй, ажилд хойрго. Хөгшин хүн орж ирж байхад босохоо ч больж. Эцэг эхийн өөдөөс сөргөж, олон нийт дунд таахалзан сэлгүүцэж, хамаг амттаныг хамж шимж идээд, хөөрхий багш нараа зовоож байна. Энэ үгийг аль эрт МЭӨ 470-399 онд Сократ хэлж байсан гэж бодоод үз дээ.
Ёс суртахуун, ёс зүйн талаар аль эртнээс ярьж, үеийн үед чухалчилсаар ирснийг дээрх үгс батална. Аль ч нийгмийн амьдралд тухайн нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны хэм хэмжээ, зан заншил, зан үйлүүд үйлчилдэг. Тэдгээр нь нийгмийн амьдралыг зохицуулах үүрэгтэй.
Аль ч оронд хүмүүс ёс гэсэн дүрмийн хүрээнд харьцдаг ба харьцаа бүр нь хүн бүрийн шийдсэн шийдвэрийн хариу байдаг. Хүн бүрийн өдөр тутмын амьдрал тэр чигээрээ л шийдвэрүүдийн үр дагавар. Шийдэхгүйгээр амьдрах боломжгүй. Аливаад дургүйцэх эсвэл юмыг зөнгөөр нь орхих ч би оролцохгүй гэсэн шийдвэр. Энэ шийдвэрээ хүн хариуцах ёстой. Ёс суртахууны тусламжтайгаар хүмүүс аль болох зөв шийдвэр гаргадаг. Зөв шийдвэр гэдэг нь хүн түүнийгээ хариуцах, мөн хийснээ зөвтгөх боломжтой шийдвэрүүд юм.
Ёс суртахууны хэм хэмжээ, ёс уламжлал, зан үйлүүд ийнхүү хүний үйлдэл, шийдвэрийн суурь болж, нийгмийн амьдралыг зохицуулж байдаг тул олон улс оронд хүүхэд залуустаа ёс суртахууны боловсрол төлөвшүүлэхэд ихээхэн анхаардаг. Ёс суртахууны асуудлыг шууд болон шууд бусаар, тохирох арга хэрэгсэл, материалыг ашиглан системтэйгээр авч үзэн, хэрэгжүүлж буй сурган хүмүүжүүлэх зорилготой үйл ажиллагааг ёс суртахууны боловсрол гэнэ. Ёс суртахууны боловсролын гол зорилго нь ёс суртахууны хэм хэмжээ, үнэт зүйлсийг ойлгуулан ухааруулж, бусдыг хүндэлдэг, үр дагаврыг нь бодож үйлдлээ төлөвлөн гүйцэтгэдэг, үйлдлээ дүгнэн, өөрийгөө хөгжүүлдэг, ёс уламжлал, хэм хэмжээгээ мэддэг, нийгэмд биеэ зөв авч явдаг иргэн бэлтгэхэд оршдог.
“Ёс зүйн боловсролд дидактикийн талаас юуг заах вэ, методикийн талаас яаж зааж сургах вэ гэсэн асуулт тавигддаг”
Юуг зааж сургах вэ?
Ёс суртахууны хичээл тусгайлан ордог ихэнх улс орнуудын сургалтын агуулга нь ёс суртахууны үнэт зүйлст чиглэсэн байдаг.
Ёс суртахууны боловсрол нь нэг ёсондоо үнэт зүйлийн боловсрол болж хувирдаг. Ёс суртахуун нь хүний харилцаа, үйлдлийг зохицуулдаг тул хүмүүсийн харилцаа, янз бүрийн нөхцөл байдалд тулгардаг амьдралын асуудлууд зэрэг нь мөн ёс зүйн хичээлийн сэдэв болно. Түүнчлэн улс орныхоо ёс, уламжлалт зан заншил, зан үйлүүдээс суралцана.
Сурган хүмүүжүүлэх ухааны хувьд ямар ёс, зан үйлийг хүүхэд хэрхэн ойлгож, хүлээн авч, сурч хэвших вэ гэдэг асуудал чухал. Хүүхдийн ёс, зан үйл, заншлыг ойлгож, хүлээн зөвшөөрч, сурч, хэвших үйл явцыг ёс суртахууны хөгжил гэнэ.
Хүүхдийн ёс суртахууныг хөгжүүлж, төлөвшүүлэхэд тавигдах эхний асуулт нь “Ямар ёсыг сурах ёстой вэ?”. Энд анхаарах зүйл нь ёс, уламжлал бүр үнэмлэхүй зөв, сайн биш, ёс, уламжлал, зан үйлүүд цаг үеийн нөхцөл байдал, шаардлагад нийцэж, халагдаж, шинэчлэгдэж, шинээр зохиогдож байх учиртайг К.Вульф нарын олон эрдэмтэн, судлаачид онцолдог. Учир нь хуучны ёс, уламжлалыг ялгаж салгалгүй хэт шүтэж, баримтлах нь нийгэм хөгжихгүй, хоцрогдоход хүргэнэ. Харин тэдгээрийг үл тоож, үл хайхарваас үндэсний онцлог чанар, нийгмийн эв эе алдагдана.
Зураг 3. А. Оюунтунгалаг, Г. Ариунцэцэг. “ББНУ-ны сургалт. Иргэний ёс зүйн боловсрол, заах арга зүй” сурах бичиг- I. УБ. 2021. 29 тал
Ёс суртахууны боловсролоор үндсэндээ үнэт зүйлийн боловсрол эзэмшүүлдэг гэдгийг өмнө дурдсан бөгөөд үнэт зүйлийг ч өмнөх сэдэвт тодорхойлсон тул ямар үнэт зүйлс чухал вэ гэсэн асуултад анхаарлаа хандуулъя.
Ж.Ж.Руссогийн гурвалын онолын үүднээс хүн төгс төгөлдөрт тэмүүлэмтгий амьтан ба төгс төгөлдрийн гол хэмжүүр нь үнэн ба худал, сайн ба муу, сайхан ба муухай хэмээх категориуд ажээ.
Улс орон, нийгэм, бүлэг хүмүүс бүрт сайн, муу, сайхан муухай, зөв буруу хэмээн үздэг зүйлс байдаг ба сайн, сайхан, зөв хэмээн үзсэнээ нийгмийнхээ үнэт зүйлс хэмээн эрхэмлэн, түүнд зорьдог.
Хүн төрөлхтөнд нийтлэг үнэт зүйлс бий, энэ нь: үнэн, шударга байдал, эрх чөлөө, сайхан сэтгэл зэрэг болно.
Үнэт зүйлийн тогтолцоо эрэмблэгдэх зарчимд тулгуурлана, мөн эрэмбэ нь өөрчлөгдөнө.
Үнэт зүйл нь хэнд хамаарч буйгаас шалтгаалан хувь хүний, бүлгийн, нийгмийн гээд нийгмийг бүтээгч нэгж бүрт хамааралтай. Хувь хүний үнэт зүйл юу байх нь ихэнхдээ түүний харьяалагдах бүлэг, нийгмийнх нь үнэт зүйлээс дийлэнх хувиар хамаардаг.
Үнэт зүйлсийг материаллаг, ёс суртахууны, шашны, улс төрийн, гоо зүйн зэргээр ангилдаг. Материаллаг үнэт зүйл нь амины байшин, том автомашин, ухаалаг утас байж болно. Улс төрийн үнэт зүйлд ардчилал, эрх чөлөө, тэгш байдал, энх тайван, хүний нэр төр, амьдралын баталгаа зэрэг үнэт зүйлс багтана. Ёс суртахууны үнэт зүйлст үнэнч, шударга зан, үнэн зэрэг ойлголтууд хамаарна. Шашны үнэт зүйлс нь итгэл үнэмшил, хойд нас зэрэг ойлголтууд юм. Гоо зүйн үнэт зүйлс нь урлаг, гоо сайхан зэрэг болно. Материаллаг үнэт зүйлийг эрхэмлэн, түүний төлөө зүтгэх нь нийгмийг доройтолд хүргэнэ. Харин улс төр, оюун санааны үнэт зүйлсээ нийтийн буюу нийгмийн үнэт зүйлс хэмээн үзэж улс орнууд үндсэн хуульдаа заасан байдаг. Жишээлбэл, ардчилсан нийгэмд хүний эрх, эрх чөлөөг хамгийн чухал үнэт зүйлс хэмээн үзэж, хуулиар хамгаалдаг.
Монголчуудын үнэт зүйлс нь юу болохыг дараах судалгааны дүнгээс үзнэ үү.
“Монгол ёс, хүмүүжил” сурах бичигт буулгасан ёс суртахууны үнэт зүйлс, тэдгээрийн тайлбарыг тодруулъя. 2019 онд “Монгол ёс, хүмүүжил” сурах бичигт ёс суртахууны хайр энэрэл, шударга ёс: тэгш шударга, үнэнч шударга, эх оронч, хүндлэл, эв эе, хариуцлага, талархал, уучлал, нөхөрлөл, тусч чанар, зориг зэрэг үнэт зүйлсийг чухалчлан үзэж, агуулгын цөм болгосон.
Ёс суртахууны боловсролыг хэрхэн эзэмшүүлэх вэ?
Хүүхдийн ёс суртахууны хүмүүжил нялх, нярай цагаас нь эхэлдэг. Ёс суртахууны төлөвшилд хамгийн их нөлөөтэй хүмүүс нь хүүхдийн эцэг эх, гэр орны ойр дотны хүмүүс багш, сурган хүмүүжүүлэгч нар нь. Учир нь хүүхдийн амьдралд суралцах үе сургууль, цэцэрлэгийн наснаас бус, төрснөөс нь хойш эхэлдэг. Бага насны хүүхэд ёс суртахууны сайн муу, зөв буруу, шударга, тэгш зэрэг ойлголтыг хамгийн түрүүнд эцэг эх, гэр бүлийн харьцаанаас мэдэрнэ. Хүүхдийн ёс суртахууны төлөвшилд хамгийн түрүүнд эцэг эх, ах дүү ойр дотны хүмүүс цаашлаад найз нөхөд, багш, сургуулийн захирал, хөрш ах гээд эргэн тойрны бүх хүн нөлөөлж, үлгэр дуурайл үзүүлж байдаг.
Сургууль бол гэр бүлийн хажуугаар ёс суртахууны хүмүүжил төлөвшүүлэх хамгийн чухал байгууллага. Учир нь сургуульд хүүхдүүд үе тэнгийнхээ олон хүүхэдтэй харьцаж, багш нар, үе тэнгийнхнээрээ дамжуулан бусдад хүлээн зөвшөөрөгдөх, бусадтай харьцах туршлага цуглуулж, сургуулийн амьдралд орж, нөлөөлж эхэлдэг. Тэрхүү харилцаа, хүлээн зөвшөөрөгдөх болон нөлөөлөх байдал нь ёс суртахууны төлөвшлийг дэмжихэд маш чухал үүрэгтэй.
Сургуульд ёс суртахууны төлөвшлийг дэмжих ба нэгэн түгээмэл арга нь ёс суртахууны сэдвээр хэлэлцүүлэг, чөлөөт яриа хийх арга. Өдөр тутамд тохиолдох ёс суртахууны асуудлаар хэлэлцэхийн зэрэгцээ хүүхдийн оролцоог хангасан, ардчилсан хэлбэрээр зохион байгуулах ангийн хурал, ангийн баяр, тэмцээн, сургуулийн цуглаан, сургуулийн нийт үйл ажиллагааны удирдлага, төсөлт ажил нь бага сургуулиас эхлэн сургууль төгстөл хүүхдийн ёс суртахууны хэм хэмжээг ойлгох, ялгаж ойлгох чадвар, хамтын үнэт зүйлийн ойлголтыг дэмждэг.
Вульф (2015) нарын сурган хүмүүжүүлэгчид ч хүүхдийн хүмүүжил, ёс суртахууны төлөвшилд өглөөний тойрог зэрэг тогтсон зан үйлүүд, сурагчдын өөрсдийн бие даан зохион байгуулах сургуулийн баяр зэрэг нь эергээр нөлөөлдгийг онцлон тэмдэглэдэг.
Хэдийгээр ёс суртахууны тусгайлсан хичээл оровч ёс суртахууны төлөвшил зөвхөн хичээлээр зааж сургаснаар биш харин ихэнх хувь нь бусдын, нийгмийн үлгэр дуурайлаар төлөвшдөг. Тиймээс багш, эцэг эхчүүд, хүүхдийн эргэн тойронд буй хүмүүс хүүхдэд үлгэр дуурайл болдог учир хүүхдийн дэргэд хэлж, хийж буй үйлдэл бүрээ анхаарах ёстой.
Сайн үлгэр дуурайл бол хүүхдийн ёс суртахууны хүмүүжлийн гол цөм нь. Тиймээс багш эцэг эх, сургууль, нийгэм бүхэлдээ хүүхдийн хүмүүжил төлөвшлийн төлөө хамтран ажиллах учиртай.
Онлайн материалууд
- Видео лекц
- https://medle.mn/textbook/415?type=pdf
- https://medle.mn/textbook/480?type=html
- А. Оюунтунгалаг “Нийгмийн ухааны боловсрол. Бага ангийн сурагчдад нийгмийн ухааны боловсрол эзэмшүүлэх онол, арга зүй” (2023) УБ. (QR Code холбож оруулна.)
- А. Оюунтунгалаг, Г. Ариунцэцэг. “ББНУ-ны сургалт. Иргэний ёс зүйн боловсрол, заах арга зүй”. Их, дээд сургуулийн багш, магистрант, оюутнуудад зориулсан сурах бичиг- I. УБ. 2019, 2020, 2021. (QR Code холбож оруулна.)
ДҮГНЭЛТ
Ёс суртахууныг бид хичээлээр зааж сургахын зэрэгцээ биеэрээ үлгэрлэж сургана. Тэдгээр үлгэр дуурайл үзүүлэх хүмүүс нь мэдээж хүүхдийн хамгийн түрүүнд харьцдаг ээж аав, эмээ өвөө, ах эгч, багш, цэцэрлэг сургуулийн ажилтнууд. Цаашлаад хүүхэдтэй харьцаж буй дэлгүүрийн худалдагч, өрхийн эмч гээд хүн бүхэн. Тэгэхээр том хүн бүр хүүхдийн өмнө хийх үйлдлээ хянаж байх учиртай. Иймээс боловсролын зорилго нь юуны өмнө үр хүүхдүүдээ сурган хүмүүжүүлэхээсээ өмнө тэднийг сургаж байгаа эцэг эх, багш нарыг эхний ээлжинд ёс суртахууны боловсролтой болгох, цаашлаад нийт иргэдийн ухамсар, ёс суртахууныг дээшлүүлэх асуудал илүү хурцаар тавигдаж байна.
Асуулт даалгавар
- Өмнө үзсэн мэдлэгээ дараах асуултын дагуу эргүүлэн санаж, дүгнэж бичнэ үү.
- Ёс зүй, ёс суртахуун хоёрын ялгаа юу вэ?
- Ёс зүй юуг судалдаг вэ?
- Ёс зүйн боловсролоор ямар чадварыг эзэмшүүлэх вэ?
- Та доорх асуултыг эргэцүүлж бодож, бодлоо найзтайгаа хуваалцана уу?
- Ёс суртахууныг сурч болох уу?
- Хүүхэд хэдэн наснаас ёс суртахуунлаг шийдвэр гаргаж эхэлдэг бол?
- Та ёс зүйн хичээлээр юуг, яаж заах ёстой гэж бодож байна вэ? Үүнийгээ методик болон дидактикийн талаас ялган бичнэ үү.
- Дидактикийн талаас буюу юу заах вэ?
- Методикийн талаас буюу хэрхэн зааж сургах вэ?
-
-
Ашигласан ном зүй:
- Antoni M.H. (2003. 8. 40-51.). “Stress Management and Psychoneuroimmunology in HIV Infection” CNS Spectrums.
- Ашигласан материалуудын жагсаалт оруулна!!!
6.2. НИЙГМИЙН УХААН
Суралцахуйн зорилго: Нийгмийн ухааны боловсролыг сурагчдад бага ангиас нь системтэй судлуулах, эзэмшүүлэх хувь хүний болон нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг ухаарч эргэцүүлэх, тусган хэрэгжүүлэх.
Асуулт:
- Суралцагчдад яагаад нийгмийн ухааны боловсрол эзэмшүүлэх шаардлагатай вэ?
- Нийгмийн ухааны хичээлээр сургалтын ямар аргуудыг түлхүү хэрэглэх вэ?
- Монгол улсын ирээдүйн иргэдийг бэлтгэхэд нийгмийн ухааны боловсролын үүрэг чухал нөлөөтэй юу?
Энэхүү бүлгээс та дараах зүйлсийг олж мэднэ. Үүнд:
Хүүхдийг багаас нь хүнлэг, энэрэнгүй сэтгэлтэй, ёс суртахуунлаг үйлдэл хийх дадал хэвшилтэй, бусад хүн, нийгэм, байгаль орчинтойгоо зүй зохистой харилцдаг, үндэсний түүх, ёс заншил, соёлын үнэт зүйлсээ эрхэмлэн хэрэглэдэг иргэн болж төлөвшүүлэхэд нийгмийн ухааны боловсролыг бага ангиас нь системтэй судлуулах хувь хүний болон нийгмийн хэрэгцээ шаардлага зайлшгүй болохыг өгүүлнэ.
6.2.1. Бага боловсролын түвшинд “Нийгмийн ухааны боловсрол” яагаад чухал вэ?
Дэлхийн улс түмний үүсэл, хөгжил, тэдний соёл, ёс заншил, амьдралын хэв маяг харилцан адилгүй. Гэвч эдгээр нь хоорондоо уялдаа холбоотой, бие биеэс харилцан хамааралтай байдаг. Энэ онцлог шинж байдал нь өнөөгийн даяаршиж буй нийгэмд улам тодорхой болж байна. Тухайлбал, эмч, инженер эсвэл мэргэшсэн нягтлан бодогч, уран бүтээлч, хуульч, эдийн засагч, багш гэх мэтчилэн төрөл бүрийн мэргэжил, боловсролыг эзэмшиж байгаа, эзэмшихийг хүсэж байгаа хүн бүхэн нийгэмд амьдарч, янз бүрийн соёл, нийгэм, улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд, үзэл бодол, итгэл үнэмшил, оюун ухаан, сэтгэлийн үнэт зүйл, үнэлэмж өөр өөр хүмүүстэй харилцах, хамтран ажиллах шаардлага бий болдог. Өөрөөр хэлбэл, хувь хүн хэнтэй ч, ямар ч нөхцөлд ажиллах, харилцан ойлголцох, энх тайван, амар амгалан, үр бүтээлтэй амьдралыг бий болгохын тулд нийгмийн тодорхой хэм хэмжээг баримталдаг.
Доктор (Sc.D) О.Пүрэв “Нийгмийн, соёлын, эрх зүйн, ёс зүйн гэсэн хэм хэмжээнүүд байдаг. Ерөнхийдөө хэм хэмжээ бол харилцааны стандарт бөгөөд энэхүү харилцаа нь хувь хүний болон нийгмийн ухамсарын дотоод чанарын гадаад илэрхийлэл мөн” (Пүрэв, 2007, х.17-18.) хэмээн тодорхойлсон байна.
Цахим болон олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нөлөөнд автах байдал нь зөвхөн хүүхдэд төдийгүй насанд хүрэгчдийн хувьд ч анхаарал татсан асуудал болж байна. Насанд хүрэгчид цахим орчинд анхаарал хандуулах явдал ихэссэнээр хүүхэдтэйгээ харилцах, ярилцах нь эрс багассан ба энэ тухай оросын судлаач М.В.Дубова “Орчин үеийн бага сургуулийн тулгамдсан асуудал” сэдэвт өгүүлэлдээ “Эцэг, эхчүүдийн дийлэнх нь хүүхэдтэйгээ харилцах гэрийн даалгаврын гүйцэтгэлийн тухай ярилцахад өдөрт дундажаар 15 минутыг зарцуулж, өөр зүйлийн тухай бараг ярилцдаггүй” (Дубова, 2013, с.72) гэж тэмдэглэжээ. Хурдацтай өөрчлөгдөж буй цахим эрин үед түүний нөлөөнд хамгийн түрүүнд өртөх хүн амын бүлэг нь хүүхэд багачууд бөгөөд тэд хамгийн их эрсдэл, хүндрэлийг амсаж байгаа нь илэрхий болж байна. Хүрээлэн буй орчны бодит байдал нь сурагчийн бие хүний болон сэтгэц, бие физиологийн онцлогийн өөрчлөлтийн үндэс болж байна. Орчин үеийн хүүхдийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлсээс дурдвал:
- Үндэсний хэл, соёл, түүх, ёс уламжлалаасаа хөндийрөх болсон;
- Хүүхдээ нийгмийн гаж буруу нөлөөллөөс сэргийлэх зорилгоор тэдний идэвхтэй, бие даасан байдлыг хязгаарлах гэсэн эцэг, эхийн хүсэл эрмэлзлэлтэй холбоотойгоор хүүхэд айдас, түгшүүрт автан, өөртөө итгэлгүй болсон;
- Цэрэг зэвсгийн хүчин зүйл, хөгжлийг илэрхийлсэн компьютерын тоглоомын нөлөөгөөр хүүхэд өөрийн хувийн зан төлөв, үйлдлээ хянах чадвараа алдаж, түрэмгий, харгис болж байна;
- Амар хялбар, бэлэн зугаа цэнгэл хайх, дэлгэцийн (телевиз, компьютер, гар утас г.м.) хамааралтай болох буюу түүнд донтох байдал даамжирсан;
- Үе тэнгийн хүүхдүүдтэй харилцахдаа гомдох гутрах, харилцаагаа хязгаарлах, ганцаардах үзэгдэл газар авсан;
- Хүрээлэн буй ертөнц, ялангуяа насанд хүрэгчдэд үл итгэх;
Монгол улсын болон олон улсын түвшинд бага боловсролын нийгмийн ухааны боловсролын агуулга, арга зүйн түүхэн хөгжил хийгээд өнөөгийн байдлыг тоймлон авч үзвэл, түүний агуулгын хүрээ нь нийгэм хэрхэн оршиж, хөгждөг, нийгмийг бүрдүүлдэг хүмүүс нийгмийн бодит үйл ажиллагаанд хэрхэн оролцдог, хүмүүс нийгмийн үйл ажиллагаанд яаж эргэцүүлэлт, шүүмжлэлт сэтгэлгээтэй, идэвхтэй, мэдээлэлтэй иргэн болж оролцох, сонголт хийх тухай мэдлэг, чадвар, дадалтай болгоход анхаарсаар ирсэн нийтлэг тал байна.
Сурагчид бага боловсролын түвшинд нийгмийн ухааны боловсролыг яагаад судлах хэрэгтэй вэ?
- Өөрсдийн амьдарч, суралцаж, ажиллаж буй орон нутгийн, үндэсний, дэлхий нийтийн нийгмийн утга учир, мөн чанар, өөрчлөлт, хөгжлийг илүү сайн ойлгох, идэвхтэй оролцох, хувь нэмрээ оруулах.
- Нийгмийн аливаа асуудалд эргэцүүлэлтэй, шүүмжлэлтэй, баримт, нотолгоотойгоор сэтгэн бодож, энэ үүднээс асуудалд хандах.
- Нийгэм, соёл, эдийн засаг, улс төр, эрх зүй, ёс зүй, олон улсын харилцааны үйл ажиллагаа, үзэгдэл, үйл явцын өөрчлөлт, хөгжил, хөдөлгөөн болон тогтворжилтод хувийн үнэлэлт өгөх.
- Эдгээрийн талаар өөртөө болон нийгэмд хэрэгцээ, шаардлагатай мэдлэг, чадвар, туршлага, хандлагатай болно.
6.2.2. Бага боловсролын нийгмийн ухааны сургалтын хэрэгцээ, зорилго, агуулга
Нийгмийн ухааны боловсрол нь тухайн хувь хүний тулгуур боловсролын нэг тулгуур хэсэг бөгөөд өнөө үед хөгжингүй улсуудад иргэн хүний түгээмэл соёл, ерөнхий мэдлэгийн суурь баазыг чухалчилж, хүн амыг нийгмийн ухааны соёлд тайлагдсан боловсролтой байх асуудлыг тусгайлан анхаарчээ. Тухайлбал, 2013 онд НҮБ-аас дэлхийн улс орнуудад суралцахуйн айн иж бүрэн бүтэцчилсэн хүрээг сургуулийн өмнөх болон бага боловсролын түвшингээр залгамж холбоо бүхий үндсэн 7 айн хүрээнд тодорхойлжээ. Үүнд:
- Бие бялдрын хөгжил
- Нийгэм ба сэтгэл хөдлөл
- Соёл ба урлаг
- Бичиг үсэг ба харилцаа
- Сурах хандлагууд ба танин мэдэхүй
- Тооны суурь мэдлэг ба математик
- Шинжлэх ухаан ба технологи (Toward Universal Learning: What Every Child Should Learn. Report No. 1 of 3. 2013. p 4-12.)
Зураг 1. Суралцахуйн айн иж бүрэн бүтэцчилсэн хүрээ

Эх сурвалж: Toward Universal Learning: What Every Child Should Learn. Report No. 1 of 3. 2013. p 4.
НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банк, НҮБ-ын цагаачдын асуудал эрхэлсэн агентлаг зэрэг байгууллагууд хамтран, 2015 оны 05 дугаар сард БНСУ-ын Инчон хотод боловсролын асуудлаар дэлхийн форум уулзалт зохион байгуулж, бүх нийтийг тэгш хамруулах болон чанартай, шударга, насан туршийн боловсрол, сургалтын үйлчилгээг хангах зорилгод суурилсан “Инчоны тунхаглал, боловсрол-2030” –ыг баталсан.
Уг тунхаглалд боловсролыг хүмүүнлэг үзэл баримтлал дээр суурилан, хүний эрх, эрх чөлөө, нэр төр, нийгмийн шударга ёсыг эрхэмлэн үзэж, үндэстэн, угсаатны болон хэл, соёлын ялгаатай байдлыг ухамсарлан ойлгоход чиглүүлэх бөгөөд бид ажил хөдөлмөртөө сэтгэл хүчээ зориулснаар насан туршдаа суралцах явцад чанартай, үр дүнтэй, бүх нийтийг хамарсан сургалтыг бий болгож чадна гэдгийг онцолсон байна.
XXI зуунд ажиллаж, амьдрах иргэдэд ямар мэдлэг, чадвар, чадамж боловсрол чухал болох, хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөөгийн нийгэмд хүүхэд, залуучуудад эзэмшүүлж байгаа мэдлэг, ур чадвар болон сургалтын агуулга, арга зүй нь тэдний хэрэгцээ, шаардлагыг хэр хангаж байгаа зэргийг дахин авч үзэх нь анхаарал татсан асуудал юм.
Зураг 2. Бага боловсролын нийгмийн ухаан ба хувь хүний хэрэгцээ, эдгээрийн хамаарал

Бага боловсролын зорилго : Хамт олон, бүлгийн болон нийгмийн гишүүн байх арга ухаанд суралцах, хүмүүсийн амьдрал, үйл ажиллагааны учир шалтгаан, үр нөлөөг ойлгох замаар сонирхол, дүрслэн бодох сэтгэлгээгээ хөгжүүлэх, хамт олон, хүмүүсийн дотор өөрийгөө нээн, өдөр тутмын амьдралын үнэ цэнэ, дэг ёсыг мэдрэн баримталж, ухаалаг аж төрөх наад захын дадал, хэвшилд сурахад оршино.
Нийгэм, эдийн засаг, техник технологийн хурдацтай хөгжил, огцом өөрчлөлтийн улмаас хүмүүсийн ажил мэргэжил, амьдралын хэв маяг, амьдрах арга зам өөрчлөгдөх болсон нь улс орон бүр боловсрол, сургалтын систем, түүний агуулга, арга зүйд өөрчлөлт оруулах үндсэн шалтгаан, нөхцөл болж байна. Иймд шинэ зууны иргэд ажлын байрны шаардлагаар мэдлэг, ур чадвараа өөрчлөх, сайжруулах, шинэчлэхэд бэлэн, уян хатан байх, насан туршдаа суралцаж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, мэдлэг, ур чадвараа хэрхэн ашиглахаа мэддэг байх, асуудалд шүүмжлэлтэй хандах, сэтгэн бодох мэдээлэлд дүн шинжилгээ хийх, оновчтой сонгож хэрэглэх, шинэ санаа, бүтээлч үйл ажиллагааг ойлгох, бусадтай зохистой харилцах, хамтран ажиллах, асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргах зэрэг чадварыг чухалчилж байна.
XXI зууны суралцагчийн хувийн болон нийгмийн хэрэгцээ нь бие даан тасралтгүй суралцах, бусадтай зөв харилцах, үр дүнтэй хамтран ажиллах, мэдээлэл харилцааны технологийг соёлтой хэрэглэх чадвартай болоход оршино. Тиймээс бага, суурь, бүрэн дунд боловсролын нийгмийн ухааны сургалтын хөтөлбөрийг шинэчилсэн үзэл баримтлал нь суралцагч нийгмийг шинжлэх ухаанчаар судлах арга барилд суралцах, тэдний танин мэдэхүй, суралцахуйг тасралтгүй хөгжүүлэх, харилцаа, сэтгэл хөдлөлийн чадвар, соёл эзэмшихэд нь чиглэсэн болно.
Энэхүү үзэл баримтлалыг бүдүүвчээр харуулбал:
Зураг 3. Нийгмийн ухааны сургалтын хөтөлбөрийг шинэчлэх үзэл баримтлалын зураглал

Эх сурвалж: Ц.Дэлгэрсайхан, И Гён Вон. Бага боловсролын нийгмийн ухааны сургалтын агуулга, арга зүй, үнэлгээ. УБ., 2017, х.70.
Дээрх үзэл баримтлал нь НҮБ-аас дэвшүүлсэн суралцахуйн айн бүтэцчилсэн хүрээний “Нийгэм ба сэтгэл хөдлөл” айн “Хүүхэд залуус үе чацуутан ба насанд хүрэгчидтэй харилцах харилцаагаа хэрхэн хөгжүүлж, тогтвортой байлгах, мөн тэд бусадтай харилцах харилцаандаа өөрийгөө хэрхэн мэдэрч, ойлгож үнэлж буй байдал” гэсэн агуулгатай шүтэлцээтэй байна. “Нийгэм ба сэтгэл хөдлөл” айн дэд агуулгад нийгэм ба тухайн хүрээллийнх нь үнэт зүйлс, иргэний үнэт зүйлс, сэтгэцийн эрүүл мэнд ба сайн сайхан аж байдал зэргийг тодорхойлсон бөгөөд энэ нь бага боловсролын түвшинд ямар зорилго, агуулгатай болохыг дараах хүснэгтээс харна уу.
Хүснэгт 1. Бага боловсролын түвшний нийгэм ба сэтгэл хөдлөлийн айн дэд айнууд
Дэд айнууд | Тодорхойлолт |
---|---|
Нийгэм ба тухайн хүрээллийнх нь үнэт зүйлс | Нийгэм ба тухайн хүрээллийнх нь үнэт зүйлст амьдралын чадваруудын мэдлэг ба хэрэглээ багтана. Үүнд харилцаа, шийдвэр гаргалт, өөртөө итгэлтэй байдал, үе тэнгийнхнийхээ дарамт шахалтыг эсэргүүцэх, өөрийгөө ухамсарлах, хэлэлцээ, нөхөрлөл, өөрийгөө хүндлэх, ялгаварлан гадуурхахгүй бүгдийг жигд хамруулахыг эрхэмлэх болон сэтгэл хөдлөлийн оюуны чадавхыг хамруулна. |
Иргэний үнэт зүйлс | Иргэний үнэт зүйлст ардчилал, шударга ёс, тэгш байдал болон иргэний үүрэг хариуцлагаа ухамсарлах зэрэг нийгэм, улс төрийн ойлголтуудын талаарх мэдлэг ба ойлголтууд багтана. Мөн түүнчлэн дүрэм журам, удирдамж, зөвлөмжийг хүндэтгэн сахих, дэмжих, сургууль, гэр орон болон хүрээлэл, орон нутгийнх нь нөхцөл байдалд тохиромжтой өөрчлөлтийг санал болгож дэвшүүлэх зэргийг үүнд багтаана. |
Сэтгэцийн эрүүл мэнд ба сайн сайхан аж байдал | Хүүхдүүд сэтгэлийн шарх, зовиур, шаналал ба орчны бусад сөрөг хүчин зүйлст хариу үйлдэл үзүүлж даван туулах эерэг механизмыг хөгжүүлнэ. |
6.2.3. Бага боловсролын нийгмийн ухааны сургалтаар сурагчдын эзэмших чадварууд
Бага ангийн суралцагч нь нийгмийн ухааны сургалтын үр дүнд “Харилцах, хамтран ажиллах, Асуудал шийдвэрлэх, Нийгэм, түүхийн үйл явдлыг мэдэх, ойлгох, Үнэт зүйлсийг эрхэмлэх” гэсэн залгамж холбоо бүхий суурь багц чадваруудыг эзэмшинэ. Юуны өмнө “чадвар” хэмээх ойлголт ухагдахууны талаар товч тодруулъя.
• Философийн үүднээс хэлбэл, хүний чадвар бол эдийн болон оюуны баялаг хэмээх үнэт зүйлийг бүтээх, харилцан солилцох ухаан, ур зүй юм. Хүн чадвартай болох, чадварыг хэрэглэх, ашиглах үйл ажиллагаа нь сэтгэн бодох, төсөөлөх, зөгнөх, таамаглах, бүтээх үйлтэй нь салшгүй холбоотой тул чадвар бол мэргэн оюун ухааны шийдэл хэмээн эрдэмтэд, судлаачид тэмдэглэсэн байдаг. Боловсрол судлал, дидактикийн үүднээс үзвэл, чадвар гэдэг нь амьдралын туршлага болон эзэмшсэн мэдлэг, ойлголтын үндсэн дээр аливаа үйл, ажлыг онол ба хэрэглээний хувьд түргэн, бүрэн дүүрэн хийж гүйцэтгэх оюун, сэтгэл, хөдөлгөөний бүтээлч үйлдлийн цогц юм.
• Чадвар нь туршлага, мэдлэгээ үйл ажиллагаандаа ухамсартай хэрэглэх, ашиглах, бас мэдлэг бүтээх үйл явцад тухайн хүнд бүрэлдэн тогтож, эзэмшигддэг жамтай. Өөрөөр хэлбэл, чадвар, мэдлэг, хандлага нь хоорондоо нарийн хамааралтай, харилцан нөлөөлөлтэйг тооцохгүйгээр, чадвар дангаар эзэмшигдэх боломжгүй гэдэг. Тухайн сурагч чадварыг бүрэн эзэмшсэний үр дүнд аливаа үйлийг гүйцэтгэх дадалтай болно. Чадвар, дадал нь өөр хоорондоо тодорхой хамааралтай бөгөөд бас зохих ялгаатай.
Зураг 4. Сурагчдад мэдлэг, чадвар, хандлага, дадал эзэмшихүйн харьцаа, шүтэлцээний зураглал.

Бага боловсролын нийгмийн ухааны сургалтын агуулга дахь чадваруудын бүтцийн талаар товч тодруулъя. Үүнд:
Харилцах, хамтран ажиллах багц чадвар: Энэ чадварын хүрээнд эзэмших тодорхой чадварууд нь:
- Өөрийн санаа бодол, хүсэлтээ бие даан илэрхийлж чаддаг байх;
- Өөрийн харилцаа, үйлдэл өөрт болон бусдад хэрхэн нөлөөлж байгааг тайлбарлах;
- Өөрийн ажил, үүрэг, даалгавраа гүйцэтгэх болон бусадтай харилцахдаа өөртөө итгэлтэй байх;
- Бусдыг сонсож, ойлгож, үзэл бодол, байр суурийг нь хүндэтгэж чаддаг байх;
- Бусадтай харилцахдаа сэтгэл хөдлөлөө эерэг, сөрөг хянаж, зохицуулж чаддаг байх;
- Бусадтай хамтран ажиллахдаа хүлээцтэй хандаж, туслаж, дэмжиж, бусдаас дэмжлэг авч чаддаг байх;
Асуудал шийдвэрлэх багц чадвар: Энэ чадварын хүрээнд эзэмших тодорхой чадварууд нь:
- Нийгэм, түүхийн сонирхолтой, маргаантай, зөрчилтэй асуудлыг олох, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар санал, бодлоо илэрхийлж чаддаг байх;
- Тухайн асуудлаарх ялгаатай санал, бодлыг харьцуулах, нийтлэг зүйлийг олох, үнэлэх;
- Асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай мэдээллийг олох, ашиглах, боловсруулах;
Нийгэм, түүхийн үйл явдлыг мэдэх, ойлгох багц чадвар: Энэ чадварын хүрээнд эзэмших тодорхой чадварууд нь:
- Гэр бүл, сургууль, орон нутгийнхаа нийгэм, аж ахуй, соёлын талаар тайлбарлаж чаддаг байх;
- Эх орныхоо түүх, соёлын гол үйл явдлуудаас нэрлэх, тайлбарлах, холбогдох жишээ гаргах;
- Судалсан хам сэдвийн хүрээнд нийгэм, түүхийн үг хэллэг, ойлголтыг тайлбарлах, хэрэглэх;
- Судалсан хам сэдвийн хүрээнд нийгэм, түүхийн үйл явдлын он цаг, орон зайн хамаарал, өөрчлөлтийг тодорхойлох;
Үнэт зүйлийг эрхэмлэх багц чадвар: Энэ чадварын хүрээнд эзэмших тодорхой чадварууд нь:
- Өөрийн үнэлэлт, хандлага зэрэг үнэт зүйлээ илэрхийлж чаддаг байх;
- Эцэг эх, багш, ахмад хүмүүүс, найз, нөхөд, үе тэнгийнхнээ хүндэтгэх;
- Байгаль орчныг хайрлан хамгаалахын үнэ цэнийг тайлбарлах;
- Хувь хүн, гэр бүл, хамт олны үнэт зүйлийг мэдэх, хүндэтгэх зэрэг болно.
Бага боловсролын НУ-ны агуулга ба сурагчийн эзэмших үнэт зүйлсийн тогтолцоо:
Үнэт зүйлс нь хувь хүний, гэр бүлийн, сургууль, байгууллагын, орон нутгийн, үндэсний, олон улсын зэрэг хүрээ, түвшинтэй байдаг. Мөн нийгэм, соёл, улс төр, эдийн засаг, шашин, байгаль орчны гэх зэрэг чиглэлтэй байдаг. Гагцхүү тэр үнэт зүйлээ хэрхэн эрхэмлэж, шүтэн дээдэлж, түүнийг бодит амьдралд хэрхэн хэрэгжүүлж байна вэ гэдэг нь чухал юм.
Бага боловсролын нийгмийн ухааны зорилго, агуулгыг илэрхийлж байгаа олон улсын жишгээс харахад тухайн улс орны бага боловсролын нийгмийн ухааны үндсэн зорилго, чиг үүрэг, сурагчдад эзэмшүүлэх үнэт зүйлийн тогтолцоо нь тухайн улс орны онцлог, хөгжлийн бодлого, зорилго, зорилтой холбоотойгоор өөр өөр байх боловч зарим талаараа нийтлэг ижил төстэй зүйлс ч байна.
Зураг 5. Бага боловсролын нийгмийн ухааны мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшсэн Монгол сурагчийн дүр төрх (загвар)

6.2.4. Нийгмийн ухааны сургалтын хөтөлбөрийн арга зүй, үнэлгээний өөрчлөлт, шинэчлэлт
Бага ангийн сурагчид хувь хүний хувьд хөгжих, төлөвших болон гэр бүл, анги хамт олныхоо гишүүн байх, улс орныхоо нийгэм, түүхийн үйл явцыг сонирхох, ойлгох, түүнд оролцох, хэм хэмжээг баримтлан харилцах мэдлэг, чадвар, хандлага төлөвшиж хөгжихөд нь нийгмийн ухааны сургалт тодорхой хувь нэмэр оруулдаг.
1921 оны хувьсгалын ялалтын үр дүнд бага сургуулиуд үүсэн байгуулагдаж, эдгээр сургуульд нийгэм, хүмүүнлэгийн уламжлалт болон өрнийн сургалтын аргуудыг хэрэглэж байжээ. Энэ үед тусгайлан хэвлэсэн сурах бичиг гэх зүйл дутмаг байсан тул “Монгол ба бусад олон газрын байдал төлөв”, “Аж төрөхийг сайжруулах ёс”, “Монголын хураангуй түүх” “Улс төрийн байдал” зэрэг хичээлийг заахдаа элдэв зүйлийн сургаал, эртний сурвалжит бичиг номоос уншуулах буюу багш нь уншиж, тайлбарлан таниулдаг байжээ. Сургалтын бүхий л үйл ажиллагаанд багшийн үүрэг, оролцоо давамгайлж байсан хэдий ч сурагчийн бие даасан үйл ажиллагааг чухалчилж байсан нь түүхэн баримтуудаас харагдаж байна. Сурагчид багшийн удирдлага дор түүх, соёлын эд өлгийн дурсгалт зүйлсийг цуглуулах, танилцуулах, улмаар музейн үзмэр бүрдүүлж, үзэсгэлэн гаргаж, ард олонд сонирхуулж байсан тухай баримтууд бий.
Түүх, нийгмийн ухааны сургалтад сурагчийн сурах сэдэл, үйл ажиллагааг хөгжүүлж байдаг арга барилын тогтолцоог эрдэмтэн О.Пүрэв сэтгэхүй, үг яриа, харилцах чадвар хөгжих багц арга барил; шууд дадлагажих багц арга барил; сэтгэл хөдлөх, сонирхол төрөх багц арга барил (Пүрэв, 2017, х.124.) хэмээн 3 ангилж үзсэн бөгөөд бага боловсролын сургалтад ёс зүйн эргэцүүлэл хийхээс гадна аялал, экскурс, музейн хичээл сургалтыг явуулж, сонин содон баримтыг үзэх, сонсох, ярилцах, мэдээлэл цуглуулах, анализ хийх, өөрийн гэх үнэлэлт, дүгнэлт өгөхөд анхаарч иржээ.
Бага сургуулийн сурагчдад түүх, нийгмийн ухааны хичээлийг заахад тэдний нас, сэтгэхүй, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн онцлогт нь аль болох нийцүүлэх, судлах агуулгыг хүүхдэд ойр энгийн, тэдний мэдэх, таних зүйлээс нь эхлээд цааш агуулгыг өргөжүүлэн гүнзгийрүүлж судлуулахад анхаарч байв. Тухайлбал, бүх сургуулиудын багш нарын 1925 онд хуралдсан хоёрдугаар хурлаас баталсан бага сургуулиудын анхдугаар программд “Улс төрийн байдлын тухай” хичээлийг заахад “... Олон бага сургуульд анх орсон жилд улс төрийн байдлыг заахад багачуудын нас нь бага, ухаан нь нээгдээгүй, ухамсарлан мэдэх нь буурай болох тул зааж үл зохино” гээд, “...Улс төрийн байдлыг хоёрдугаар жилд эхлэн зааж болох бөгөөд энэ хэр бага хөвгүүдэд заах тусгай зохиосон ном дэвтэр үгүй болох учир улс төрийн байдлыг заахад анх удаа бага хөвгүүдийн ухаж мэдэхэд хялбарыг бодож, аль нэгэн гэрийн байдлаар буюу тус сургуулийн хүүхдийн хурал мэтээр үлгэрлэн зааж...”, “Монгол улсын орон нутгийн байдал” хичээлийг заахад “Сурагч хүүхэд лүгээ харилцан хэлэлцэж, тэдгээрийн чухамхүү юу мэдэхийг танин авч, түүгээр уламжлан, тус газар орон нутгийн байдал, хамгийн ойр ба хялбархнаар эхлэн цааш заан сургаваас зохино” (Балжиргармаа, 1967, х.190-191) гэсэн нь өдгөө үед ч сургамжтай байна.
Өнөө цагт бага боловсролын IV ангийн сурагчдад зориулсан “Хүн ба нийгэм” сургалтын хөтөлбөр нь I - III ангийн “Хүн ба орчин”-той залгамж холбоотой бөгөөд V ангийн ”Хүн ба нийгэм” нь дунд боловсролын “Нийгмийн ухаан”-ыг судлах суурь болно. Тиймээс эл ангийн хөтөлбөрийн хүрэх үр дүн буюу үндсэн зорилго нь тухайн анги, насны сурагчдын нийгмийн болон сэтгэл хөдлөл-харилцааны, танин мэдэхүй, сурах хандлагын цогц чадамжид чиглэн, тэдгээрийг хүн ба нийгмийн талаарх тухайн цөм агуулгаар хөгжүүлэхэд оршино.
Тэрхүү цөм агуулга нь хувь хүн ба гэр бүл, сургууль, хамтын амьдрал, хувь хүн ба нийгмийн холбоо, хамаарал, хувь хүн ба нийгмийн дэг журам, аюулгүй байдал гэсэн гурван бүлэг сэдвээс бүтнэ. Эдгээр нь хүн ба нийгмийн талаарх үл хувьсах (цөм) бүлэг сэдэв бөгөөд уул бүлэг сэдвүүдийн хүрээнд багш болон сурагчид орон нутаг (хот, хөдөөгийн ялгаатай байдал г.м.), сургуулийн онцлог, өөрсдийн хэрэгцээг харгалзан холбогдох асуудал бүхий дэд сэдвүүдийг сонгон, түүндээ төвлөрч судлах нь агуулгын дараалал, арга зүйн хувьд нээлттэй, уян хатан байх болно. Уг агуулгын хүрээг суралцахуйн удирдамжийг баримжаалан хэрэгжүүлэхийг чухалчилсан байна.
Үүнд:
- Сурагчдын хувь туршлага, дадал, суралцах чадварын онцлогийг харгалзан хөгжүүлэх
- Хүн ба нийгмийн талаарх сурагчдын ташаа төсөөллийг илрүүлж, зөв болгон засах
- Нийгмийн жишээ, тохиолдлыг хамтарч шинжлэх, хамтарч судалгаа хийх
- Эх хэл, уран зохиол, иргэний боловсрол, хүн ба байгаль, хөгжим, зураг, технологи зэрэг бусад хичээлтэй нягт холбох
- Хичээл бүрийг сурагчдын идэвхтэй, бүтээлч үйл, оролцоонд суурилан төлөвлөх, зохион байгуулах, үнэлэх зэрэг болно.
ЕБС-д судлах хичээлийн агуулга нь системгүй, давхардал ихтэй, туслах чанарын материал их орсон, хоорондоо уялдаа холбоо муутай гэх шүүмжлэл олон нийтийн зүгээс нэлээд гардаг. Энэ байдлаас гарах нэг гарц бол хичээл хоорондын уялдааг зохистой хангаж, оновчтой системлэн заах асуудал юм.
Бага боловсролын түвшинд хичээл хоорондын холбоог хангаж заах нь илүү боломжтой гэж судлаачид үздэг. Учир нь бага сургуульд бараг бүх хичээлийг нэг багш заадаг бөгөөд сургалтын үр дүн ч харьцангуй сайн байдаг ажээ. Мөн нөгөө талаар байгаль, нийгмийн юмс үзэгдлүүд нь нэгдмэл шинжтэй бөгөөд хүн тэдгээрийг сэрж мэдрэх, танин мэдэхдээ тодорхой түвшинд нэгдмэл уялдаа холбоотой байдлаар тусгадаг. Хүний үйл ажиллагаа ч олон талтай, нэгдмэл шинжтэй. Хүний сэтгэц, танин мэдэхүйн үйл явц ч нэгдмэл бүтэц, зохион байгуулалттай байдаг нь илэрхий.
Гэтэл өнөөг хүртэл бид хичээл сургалтыг зохион байгуулахдаа байгаль, нийгмийн юмс үзэгдлийг хэтэрхий дагнан ганцаарчлан, салгаж судалж ирснээс суралцагчдын эзэмшсэн мэдлэг нь гүн бат бус, чадвар, дадал нь бодит амьдрал, хэрэглээнээс хол хөндий байсаар байна. Япон, БНСУ, ОХУ, АНУ-ын жишээнээс харахад, нийгмийн ухааны боловсролын агуулга нь бага боловсролын түвшинд зөвхөн нийгмийн ухааны суурь мэдлэг, чадвараар тодорхойлогдох төдийгүй цаашид газарзүй, эрүүл мэнд, байгаль шинжлэл, нийгэм судлал, мэдээлэл харилцааны технологийн боловсролын агуулгатай нэгдмэл агуулгаар уялдан, томьёологдож, өөрчлөгдөн хөгжиж байгаа нь харагдаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 176 дугаар тогтоолоор “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал (2024-2036)”-ыг баталсан. Уг үзэл баримтлалд, “...боловсролын хөгжлийн олон улсын чиг хандлага, өөрийн улсын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан боловсролын зорилгыг шинэчлэх, хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд шинээр бий болж буй өргөн боломж, түүний дотор технологийн дэвшлийг ашиглан мэдлэг, боловсрол эзэмших арга хэлбэрийг уян хатан, тэгш, хүртээмжтэй хөгжүүлэхийн зэрэгцээ бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүйд монгол хэл, түүх соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, хувь хүний хөгжил, төлөвшил, хос хэл, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг тусган хэрэгжүүлэх замаар сургалтын чанар, үр нөлөөг сайжруулах бодит хэрэгцээ, шаардлага нэмэгдсээр...” байгааг онцолжээ.
Мөн Үндэсний хэмжээний судалгаагаар “Монгол Улсад хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт туссан чадамжийг олон улсын түвшинд хэрэгжүүлж байгаа ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн нийтлэг чадамжийн үзүүлэлтүүдтэй харьцуулж үзэхэд, эрсдэл хүлээх, зөрчилдөөнийг шийдвэрлэх, дасан зохицох, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх, нийгэм ба улс төрийн үзэл санаанд суурилж иргэний амьдралд оролцох, ардчилсан оролцоонд үүрэг хүлээх, хувийн болон нийгмийн хариуцлага, тууштай байдал зэрэг чадварыг цаашид сургалтын хөтөлбөрт нэмж тусгах нь зүйтэй гэсэн үр дүн гарчээ. Сурах бичигт хийсэн шинжилгээгээр нийгэм, эдийн засгийн хөгжил, онцлог, дархан цаазат ба дурсгалт газар, байгалийн нөөц баялаг, хүмүүн хийгээд байгалийн харилцааны үнэт зүйл, эдийн засаг болон улс төрийн үнэт зүйл эзэмшүүлэхэд чиглэсэн агуулга хангалтгүй, танин мэдэхүйн дээд эрэмбийн сэтгэх чадварыг дэмжсэн дасгал даалгавар багатай байна гэсэн дүгнэлтэд хүрсэн” зэргийг тус тус онцлон тэмдэглэсэн нь бага боловсролын нийгмийн ухааны сургалтын арга зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна.
Үүнээс үндэслэн, 2024 оноос БШУЯ болон Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс “ЕБ-ын бага ангийн Би Монгол хүн, Миний эх орон” сургалтын хөтөлбөр, сурах бичгийн эх, дасгал ажлын дэвтэр боловсруулах ажлыг хэсгийн томилон ажиллуулж байна. Уг сургалтын хөтөлбөрийн (туршилтын) танилцуулга хэсэгт “Энэхүү сургалтын хөтөлбөр нь иргэний боловсрол, түүх, газарзүй, нийгмийн ухааны мэдлэг зарим ойлголтыг багтаасан бөгөөд I-II ангид иргэний боловсрол-монгол уламжлал, ёс хүмүүжил, нийгмийн ухааныг түлхүү тусгаж, III-Y ангид түүх, газар зүй, санхүүгийн боловсролын мэдлэг, ойлголтыг нэмж багтаасан болно” (БШУЯ, БСҮХ, 2024, х.1) хэмээсэн байна.
Түүнчлэн, уг сургалтын хөтөлбөрт “Сурагчдад тодорхой мэдлэг, ойлголтыг эзэмшиж, бодит нөхцөлд хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл цуглуулах боловсруулах, бүтээлч санаа дэвшүүлэх, харилцах хамтран, нийгэм сэтгэл хөдлөлөө таних удирдах зэрэг шилжүүлж болох ур чадвар хөгжүүлэхийг чухалчилна. Сурагчид эдгээр ур чадвараа янз бүрийн нөхцөл байдалд тухайлбал, мэдээллийг шүүмжлэлтэй авч үзэх, үйл явдал, үйл явцын ач холбогдлыг үнэлэх, дүгнэх, янз бүрийн үзэл бодлыг ойлгох, хүндэтгэх асуудлыг шийдвэрлэх арга замыг санал болгоход ашиглана” хэмээн арга зүйн шийдлийг тодорхойлжээ.
Сургалтын хөтөлбөрийн агуулгыг сурагчдын суралцах ур чадвар болон мэдлэг, ойлголтыг багтаасан агуулгын хүрээ гэсэн харилцан уялдаатай хоёр айгаар хөгжүүлэн шинэчилсэн байна. Эндээс “Би Монгол хүн”, “Миний эх орон” судлагдахуунаар хөгжүүлэх суралцахуйд суралцах ур чадвар гэдэгт дараах 3 үе шатыг тодорхойлжээ.
Судлах-эрэл хайгуул хийх: Сурагч юуг, яаж эрж хайхад суралцан, мэдээлэл цуглуулж, боловсруулна.
- Мэдээлэл цуглуулах – асуух, эрэх, олох: Сурагч хоёр ба түүнээс дээш зарим эх сурвалжаас мэдээлэл хайдаг, цуглуулдаг болно. Тэд судалж буй агуулгын хүрээнд “хэн, юу?” зэргээс эхлээд, “яагаад, хэрхэн?” зэрэг асуух үгсийг ашиглан асуулт тавьж сурна. Багш мэдээлэл цуглуулах эх сурвалж болон хэрэглэгдэхүүн (мэдээлэл цуглуулах үзүүлэлт бүхий ажлын хуудас, асуулт зэрэг)-ийг бэлтгэж тусална.
- Мэдээллээ шинжлэх: Сурагч олсон, уншсан мэдээллээ бүртгэж, тэмдэглэж, харьцуулж, ангилж, нэгтгэнэ. Багш сурагчдын олсон мэдээллээс шалтгаалан шинжилгээ хийх арга, аргачлалаар тусална. Тухайлбал, сурагч үеийн 3 найзаасаа тодорхой үзүүлэлтийн дагуу мэдээлэл цуглуулсан бол үзүүлэлт тус бүр дээр хэд нь санал нийлсэн, хэд нь нийлээгүйг, эсхүл хэд нь тийм гэж хариулсан хэд нь үгүй гэж хариулсны тоолж бүртгэнэ гэдгийг тайлбарлана.
- Үр дүнг нягтлах, дүгнэх, танилцуулах: Сурагч шинжилгээний үр дүнгээ нягтлаад, өөрийн дүгнэлт танилцуулгыг хийнэ. Тухайлбал, дээр жишээ авсан 3 найзаасаа цуглуулсан мэдээллийг бүртгэж тэмдэглэсэн бол одоо яагаад, хэд нь санал нийлсэн, хэд нь санал нийлээгүйн учрыг өөрийнхөөрөө дүгнэж, үр дүнгээ танилцуулна.
Хийж бүтээх: Сурагч шинжлэн танилцуулсан мэдээлэлд тулгуурлан, мөн тодорхой агуулгаар бүтээл хийж, хуваалцана.
- Эрэл, хайгуулын үр дүнг үндэслэн юу хийж, бүтээхээ шийдэх: Сурагч өөрөө болон хамтран эсхүл багш, эцэг, эхийн чиглүүлэг, тусламжтайгаар өөрийн эрэл, хайгуулын үр дүнг ямар хэлбэрээр (бичвэр, зураг, хүснэгт, харилцан яриа, график, зөвлөмж гэх мэт) харуулахаа (юу хийж, бүтээж) харуулахаа тодорхойлно, шийднэ, төлөвлөнө. Мөн тухайн зүйлээ хийхийг тулд нэмэлт мэдээлэл хэрэгтэй эсэхийг нягтална.
- Бүтээл хийх: Төлөвлөсөн бүтээлээ хийж гүйцэтгэнэ.
- Хуваалцах: Сурагч бүтээлээ танилцуулж, бусадтай хуваалцана. Ингэхдээ өөрийн ойлголт, мэдрэмжээ илэрхийлнэ, тухайн агуулгын хүрээний түлхүүр үг, нэр томьёог хэрэглэнэ.
Үнэлж, хөгжүүлэх: Сурагч хийж бүтээсэн зүйлээ сайжруулна, үүний тулд бусдын санаа бодол, мөн өөрийн болон хөндлөнгийн үнэлгээ, хариу үйлдэл зэргийг харгалзана.
- Бүтээлийн хэлэлцүүлэг хийх: Тодорхой чиглүүлгийн дагуу бүтээлийн талаар харилцан ярилцана. Бусдын бүтээлийн талаарх сонирхсон зүйлээ асууна.
- Үнэлгээ өгөх: Бүтээлд шалгуурын дагуу үнэлгээ өгнө. Өөрийн болон бусдын хийсэн бүтээлээс юу нь болсон, болоогүй байгаа талаар болон хэрхэн сайжруулах талаар саналаа илэрхийлнэ. Ингэхдээ нотолгоо ашиглана, өөрөөр хэлбэл яагаад, хэрхэн гэдэг асуултад хариулна.
- Сайжруулах, алдааг засах: Өөрийн болон бусдын үнэлгээнд үндэслэн бүтээлээ сайжруулна.
6.2.5. Бага боловсролын нийгмийн ухааны сургалтын үнэлгээ, түүний онцлог
Бид үнэлгээ гэдэг нэр томьёог сонсоод “амжилттай” эсвэл “амжилтгүй” өгсөн шалгалт, тестийн талаар ихэвчлэн боддог. Сургалтын үйл ажиллагааг багшийн удирдлага, менежмент дор жолоодох үйл ажиллагаа хэмээн үзэж, түүний үр дүнг тооцож, үнэлж дүгнэх нь сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэхэд нөлөөлөх гол хүчин зүйл хэмээн тодорхойлж байсан үе саяхан. Өнөө цагт ялангуяа бага боловсролын түвшинд үнэлгээг суралцагчийн сурах идэвх, оролцоог нь дэмжих, сурлагын амжилт, чанарыг ахиулах, сайжруулах гол хэрэгсэл хэмээн үзэж байна.
Сургалтын практикт заасан хичээлийн агуулгыг суралцагч хэр зэрэг мэдсэн, тогтоосныг шалгаж, түүгээр үнэлж, дүгнэх төдийгөөр үнэлгээгээ хязгаарладаг дутагдал түгээмэл ажиглагддаг.
Багш явцын үнэлгээг хэрэгжүүлснээр суралцагч бүрийн өмнөх мэдлэг, чадвар, ойлголтонд түшиглэн, тэр тухай мэдээлэлд тулгуурлан, сурах үйл ажиллагааг амжилттай зохион байгуулах боломжтой. Багш суралцагчдынхаа давуу болон сул талыг тодорхойлж, давуу талыг нь хөгжүүлж, сул талыг нь арилгахын төлөө өөрийн сургах үйл ажиллагааг нь нийцүүлж тохируулах чадвартай байдаг. Суралцагчид ч мөн сайжруулах шаардлагатай талаа болон үүнийг хэрхэн сайжруулах талаар ойлгож ухамсарладаг. Явцын үнэлгээг анги танхимд хэрэгжүүлнэ гэдэг нь хичээл, сургалт, үйл ажиллагааг сурагч бүрийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлнэ гэсэн үг.
Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр (2014)-т “Суралцагчийг явцын ба эцсийн үнэлгээгээр үнэлнэ” хэмээн тодорхойлсон байна. Үүнд:
- Явцын үнэлгээ нь ээлжит хичээлийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд суралцагчийн хичээл сургалтын үйл ажиллагаан дахь оролцоо, ахиц амжилтыг дүнгээр үнэлэх бус тэдний сурах үйл ажиллагааг дэмжих, өөрийн үнэлгээ хийх, суралцах чадвар, арга барилыг хөгжүүлэхэд чиглэнэ.
- Бага боловсролын анги, шатлал төгсөхөд суралцагчийн эзэмшсэн байх чадвар буюу хүрэх үр дүнг шалгуур болгон хийнэ. Эцсийн үнэлгээний шалгуурыг боловсролын үнэлгээний стандартаар боловсруулна (Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр, 2014, х.19).
Бага боловсроллын нийгмийн ухааны сургалтаар сурагчийн болон хөтөлбөрийн үнэлгээ хийх нь:
Бага боловсролын нийгмийн ухааны цөм хөтөлбөрт сурагч юуг, хэрхэн сурах, цаашид яаж суралцах, мөн багш сурагчид юуг, хэрхэн сургах буюу багшлахуйн чиглэлийг тодорхойлж өгсөн болохоор эдгээрийн үр дүн нь хөтөлбөрийн хэрэгжилт болон сурагчийн сурлагын ахиц, амжилтаар үнэлэгдэнэ. Товч хэлбэл, бага боловсролын үнэлгээ гэдэг нь сурагч юуг, хэрхэн сурсан, цаашид хэрхэн суралцахыг тогтоох, сурагчийн суралцахуйд туслах үйл явц юм.
Хөтөлбөрийн хэрэгжилт хийгээд сурагчдын сурлагын ахиц, амжилтын үнэлгээг явцын ба эцсийн гэсэн хэлбэрээр хийнэ.
Явцын үнэлгээ бол сурагч хичээлийн үе шат бүрд, алхам тутамд сайн суралцахын төлөөх үнэлгээ. Сурагч явцын үнэлгээгээр хичээлийн тухайн үе шатад юу сурсанаа мэдэж, өөртөө сэдэл, урам авч, алдаандаа дүгнэлт хийдэг. Явцын үнэлгээг багш ч энэ зорилгоор хийнэ.
Харин эцсийн (үр дүнгийн) үнэлгээ нь сурагч юу сурсныг тогтоох, баталгаажуулах үнэлгээ. Эцсийн үнэлгээг улирал, тухайн ангийн төгсгөлд, бага боловсролын түвшин, шатлал дуусахад тус тус хийдэг. “Хүн ба нийгэм” хичээлээр эцсийн үнэлгээг тухайн улирлуудын төгсгөлд, 4, 5-р ангийг төгсөх буюу бага боловсролын төгсгөлийн үед хийнэ. Аль ч хэлбэрийн үнэлгээнд сурагчдынхаа чадварыг илрүүлэхүйц, үнэлэхүйц даалгавруудыг тогтолцоотойгоор, оновчтой боловсруулах, хэрэглэх нь чухал. Үнэлгээний талаар манай багш нарын мэддэг, хэрэгжүүлдэг зүйлийг ийнхүү сэргээн сануулахын учир нь цөм хөтөлбөрийн дагуу суралцахуй хийгээд багшлахуйн үр дүн нь сурагчийн сурлагын ахиц, мөн хөтөлбөрийн хэрэгжилтийн нэг нотолгоо, үнэлгээ гэдгийг зөвлөх гэсэн хэрэг юм.
- “Хүн ба нийгэм”-ийн суралцахуйн удирдамжид цөм хөтөлбөрийг сургалтын явцад хэрэгжүүлэхэд ямар тодорхой зорилт тавих, сурагч, багш ямар үндсэн үйл ажиллагаа хийх, ямар хэрэглэгдэхүүн сонгон хэрэглэх зэргийг харуулсан тул түүнийг үнэлгээндээ ашиглах боломжтой юм.
Явцын үнэлгээг хэрэгжүүлэх нь:
- Сургалт буюу суралцахуйн үр дүнг сургалтын өмнөх, явцын, эцсийн үнэлгээ гэсэн арга, хэлбэрүүдээр үнэлдэг.
- Сургалтын явцын үнэлгээ нь сурагчдын сурлагын ахиц, амжилтын байдал, үр дүнг суралцахуйн болон багшлахуйн үйл ажиллагаатай холбон тодорхойлох, холбогдох мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийхэд чухал үүрэг, ач холбогдолтой юм.
- Ялангуяа, явцын үнэлгээ нь сурагч хэрхэн, яаж суралцаж байгаа талаар багш болон сурагчид тодорхой мэдээлэл өгч, тухайн сурагч сурлагаа яаж сайжруулах арга барилаа сонгон ажиллахад ихээхэн тусалдаг онцлог үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, явцын үнэлгээ бодитой хийгдэх тутам эцсийн үнэлгээний чанар, үр дүнд сайнаар нөлөөлнө.
- Хичээл бүрээр сурагч бүрд явцын үнэлгээ хийж, шавийнхаа сурлага, төлөвшлийг хэрхэн дээшлүүлэх арга технологи, менежментийг зөв сонгон хэрэгжүүлэх нь нэн чухал.
- Явцын үнэлгээний сорил, даалгаврыг сурагчдад ахисан түвшний, дундаж түвшний, дундажаас доогуур түвшний зэрэг ялгаатай зориулалт, бүтэц, агуулгаар боловсруулан гүйцэтгүүлж, үр дүнг тухай бүрд нь эцэг, эхийг нь оролцуулан хэлэлцэж, дараагийн шатны зорилт, үйл ажиллагааг тодорхойлон хэрэгжүүлж байх нь зүйтэй.
- Багш явцын үнэлгээний сорил, даалгаврыг гүйцэтгүүлэхийн өмнө үнэлгээний зорилт, үнэлэх шалгуур үзүүлэлтээ сурагчдад сайтар танилцуулах хэрэгтэй.
- Явцын үнэлгээний сорил, даалгавраа сурагчдын нийгмийн ухааны сургалтаар эзэмшсэн чадвар, хандлагыг илрүүлэх, тэднийг хувь хүн ба нийгмийн хамтын амьдрал, түүний зохион байгуулалт, дэг журмын үүрэг, ач холбогдлыг зөв ойлгох, оролцох, өөрийн үнэлэлт өгөх чадвар, хандлагатай болоход нь чиглүүлэн боловсруулж, хэрэглэх хэрэгтэй юм.
Засгийн газрын тогтоолоор 2024 онд баталсан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал (2024-2036)-д “Үнэлгээ нь оношлох, явцын, үр дүнгийн гэсэн төрөлтэй байх бөгөөд сурагчийн эзэмшсэн сургалтын хөтөлбөрийн суралцахуйн зорилт дахь мэдлэг, чадварын түвшнийг тодорхойлох, тэдэнд дэмжлэг үзүүлэх, үнэлэлт, дүгнэлт өгөхөд чиглэнэ” хэмээн заасан нь бага боловсролын нийгмийн ухааны суралтад хэрэгжүүлж ирсэн үнэлгээний төрөл, аргачлалтай тодорхой хэмжээгээр залгамж холбоотой байна
Дээр дурдсан “Би Монгол хүн, Миний эх орон” сургалтын хөтөлбөр (туршилтын)-т “Үнэлгээ нь уг хөтөлбөрийн ур чадварын болон агуулгын айн аль алинд үндэслэж, суралцахуйн үр дүнгийн хэрэгжилтийг илрүүлж, сурагчдын сурлагын амжилтыг ахиулах, түүнд дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ” хэмээн онцолж, суралцахуйн үр дүнгийн үнэлгээний шалгуурыг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
- Мэдлэг ба ойлголт:
- Агуулгын талаарх мэдлэг
- Агуулгын талаарх ойлголт
- Сэтгэн бодох – Шүүмжлэл, бүтээлч сэтгэлгээний ур чадвар болон үйл явцыг ашиглах:
- Төлөвлөлтийн ур чадварыг ашиглах
- Боловсруулах ур чадварыг ашиглах
- Шүүмжлэлт / бүтээлч сэтгэлгээний үйл явцыг ашиглах
- Харилцах, хамтрах - Төрөл бүрийн арга хэлбэрээр мэдээллийг дамжуулах:
- Амаар, бичгээр болон харуулах үзүүлэх арга хэлбэрээр мэдээллийг илэрхийлэх, зохион байгуулах
- Үе тэнгийнхэн, насанд хүрэгчид зэрэг ялгаатай оролцогчидтой тодорхой зорилготойгоор амаар, бичгээр болон харуулах үзүүлэх арга хэлбэрээр харилцах
- Амаар, бичгээр, үзүүлэх харуулах арга хэлбэрээр харилцахдаа зураглал, график, бүдүүвч болон нэр томьёо зэргийг ашиглах
- Хэрэглэх – Янз бүрийн нөхцөл байдалд болон тэдгээрийн хооронд мэдлэг, ур чадварыг ашиглан харилцаа холбоо тогтоох:
- Мэдлэг, ур чадвараа танил нөхцөлд ашиглах
- Мэдлэг, ур чадвараа шинэ нөхцөл байдалд шилжүүлэн ашиглах
- Төрөл бүрийн нөхцөл байдлын хүрээнд болон тэдний хоорондын уялдаа холбоог гаргах, олж харах
- Гүйцэтгэлийн (амжилт) дөрвөн түвшний тодорхойлолт:
- 1-р түвшин нь сурагчийн сурлагын амжилт анхаарал татахуйц доогуур илэрхийлнэ.
- 2-р түвшин нь суралцахуйн үр дүнд хүрэхэд ойртсон амжилтыг илэрхийлнэ.
- 3-р түвшинд хүрсэн сурагчдын хувьд дараагийн анги, дамжаанд бэлтгэнэ гэдэгт итгэлтэй байж болно.
- 4-р түвшин нь суралцахуйн үр дүнгээс давсан амжилтыг илэрхийлнэ.
ДҮГНЭЛТ
- Өөрийн улсын болон гадаадын зарим улс орны сургалтын практикаас харахад бага боловсролын нийгмийн ухааны агуулга нь түүх, нийгэм судлал, эдийн засаг, эрх зүй, ёс зүй, иргэний боловсрол, газарзүй, орон нутаг судлал, аюулгүй амьдралын үндэс зэргийн анхан шатны агуулга, арга зүй, үнэлгээний төрөл, хэлбэрийг багтаасан нэгдмэл мэдлэг, чадвар, хандлагын тогтолцоогоор судлагдах онцлогтой байна.
- Өнөөгийн даяаршин буй дэлхий ертөнц аливаа боловсролын зорилго, чиг үүргийг нийгэм, хүмүүнлэгийн ухааны үзэл баримтлалд суурилан, хүний эрх, эрх чөлөө, нэр төр, тэгш эрх, шударга ёс, оролцоо, сонголтыг эрхэмлэн үзэж, улс үндэстэн, угсаатны хэл, соёлын болон бусад ялгаатай байдал, мөн нийтлэг үнэт зүйлийг ухамсарлан ойлгоход чиглүүлж байна.
- Бага боловсролын нийгмийн ухааны зорилго, агуулга, арга зүй, үнэлгээг олон улсын жишгээс харахад, тухайн улс орны бага боловсролын нийгмийн ухааны үндсэн зорилго, чиг үүрэг, сурагчдад эзэмшүүлэх үнэт зүйлийн тогтолцоо нь тухайн улс орны соёл, иргэншлийн онцлог, үнэт чанар, хөгжлийн бодлого, түвшин, цаашдын зорилго, зорилттой холбоотойгоор өөр өөр байх боловч зарим талаар нийтлэг, ижил төстэй зүйлс ч байгаа нь судалгаагаар харагдлаа.
Гэрийн даалгавар
- Бага боловсролын нийгмийн ухааны хичээлүүдийн агуулга, арга зүй, үнэлгээний уялдаа холбоо, өөрчлөлтийг бүдүүвчээр харуулаарай: Ингэхдээ тэдгээрийн нийтлэг ба ялгаатай талыг жишээгээр тайлбарлаарай. Жишээ нь, орон нутгийн нийгэм, хүмүүсийн амьдрал, үйл ажиллагааг зохицуулдаг дүрэм, журмыг тайлбарлах гэх мэт.
- Бага боловсролын нийгмийн ухааны сургалтын агуулга, арга зүй, үнэлгээний тогтолцоо нь хэрхэн өөрчлөгдөж, шинэчлэгдсэн, хэрхэн уламжлагдаж ирснийг жишээгээр үндэслэн тайлбарлана уу.
- “Хүн ба нийгэм” хичээлийн агуулгыг эх хэл, уран зохиол, иргэний боловсрол, хүн ба орчин, хүн ба байгаль, хөгжим, зураг, технологи зэрэг хичээлтэй холбон, нэгдмэл хичээлийн агуулгын хувилбарыг боловсруулна уу: Ингэхдээ бага боловсролын түвшинд сурагчдын эзэмших ерөнхий ба тусгай чадваруудыг харгалзаарай.
Ашигласан ном зүй
- Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр (2014). Гарын авлага. Улаанбаатар.
- Бага сургуулиудын программ. (1941). Ардыг Гэгээрүүлэх Яамны Заах аргын зөвлөл. Улаанбаатар.
- Багш нарын сэтгүүл (1930). Тавин долдугаар хурлын тогтоол. Ардын Гэгээрүүлэх Яам. №7, 8
- Багш нарын сэтгүүл (1930). Бага сургуульд Улс төрийн байдлыг заах тухай. (Товч заавар). Ардын Гэгээрүүлэх Яам. №10
- Балжиргармаа Б. (эмхт). (1967). Хувьсгалын ардчилсан шатны ерөнхий боловсролын сургууль (Эх бичгүүдийн эмхэтгэл). (1921-1940). Улаанбаатар: Сүхбаатарын нэрэмжит Хэвлэлийн комбинат.
- Бага боловсролын сургалтын хөтөлбөр. (2019) Сайжруулсан хоёр дахь хэвлэл. Улаанбаатар.
- Би Монгол хүн, Миний эх орон (2024). Сургалтын хөтөлбөр (туршилтын хувилбар). БШУЯ, БСҮХ. Улаанбаатар.
- Дэлгэрсайхан, Ц., И Гён Вон. (2017). Бага боловсролын нийгмийн ухааны сургалтын агуулга, арга зүй, үнэлгээ. Улаанбаатар: Адмон принт.
- Дубова, М.В. (2013). Проблемы современной начальной школы (Педагогика: Научно- теоретический журнал Российской Академии Образования) с. 72-79. Москва.
- Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 176 дугаар тогтоолын хавсралт “Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал” (2024-2036).
- Пүрэв, О. (2007). Монголын боловсрол, сургалтыг хүмүүншүүлэх онол, арга зүйн зарим асуудал. I боть. Улаанбаатар: Бит пресс.
- Toward Universal Learning: What Every Child Should Learn. Report No. 1 of 3. 2013. p 4-12.