БҮЛЭГ 8. ДИЖИТАЛ БОЛОВСРОЛ
Суралцахуйн зорилт
- Дижитал сургалтын орчин дахь багшлахуй болон суралцахуйн үйл явцыг онолын үндэслэлтэй төлөвлөж, хэрэгжүүлэх чадвар эзэмшинэ.
- Сургалтад дижитал хэрэгслийг үр дүнтэй ашиглаж буй эсэхэд анализ хийх арга зүй эзэмшинэ.
8.1. Дижитал сургалтын арга зүй
Дижитал технологийн дэмжлэгтэй багшлахуй болон суралцах үйл явцыг үр дүнтэй төлөвлөхөд туслах хэд хэдэн загварыг энд танилцуулна.
Юуны өмнө суралцах үйл явц хамтын үйл ажиллагаагаар явагддаг гэдгийг бид санах хэрэгтэй. Нөгөө талаас “Багшлахуй нь багш, суралцагчид хамтран хөгжих, хамтын үйлийн тогтолцоо...” (Жадамба, 2016). Дижитал багшлахуй ба суралцахуй нь багш – суралцагч, суралцагч – суралцагч болон суралцагч - агуулга хоорондын идэвхтэй харилцан үйлчлэлийн нөлөөнд хөгжинө (Interaction Theory). Тэгвэл багш дижитал болон онлайн сургалтын үед ч хамтын идэвхтэй, үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлснээр суралцахуйд дэмжлэг үзүүлж, хөгжих боломжийг бий болгох нь зүйн хэрэг. Иймээс багш онлайн суралцагчдыг бүтээлч үйлд татан оролцуулах, идэвхжүүлэх, дэмжих, урамшуулахтай холбоотой ойлголт, ур чадвар (Bonk & Khoo, 2022)-ыг эзэмшсэн байх, “багш мэдээллийг дамжуулахаас илүүтэй хэрэгтэйг нь ялгаж, дүгнэж цэгнэн, өөрийн болгож эзэмших, бодит асуудлыг шийдэхэд оюутнуудаа татан оролцуулах суралцахуйн үйл ажиллагааны дизайнер, менежер...” (Ганбат, 2019) юм.
Боловсрол дахь технологийн интеграцчлалын загварууд нь багш, судлаачид болон багш боловсролын оюутнуудад технологийг сургалтад хэрэглэх талаар ойлголт, мэдлэг, чадвар бий болгоход чиглэгдсэн онол, арга зүйн загварууд юм. Багш нар сургалтад ашиглах дижитал технологийн ухаалаг сонголт хийхдээ (1) технологийг заах арга зүйтэй уялдуулах, (2) оюутнууд энэ технологид юу хийх талаар анхаарал хандуулах хамгийн чухал 2 зарчимыг баримтлах шаардлагатай (West, R. E & Allman, B, 2021). Эдгээр загварыг боловсруулагчид оюутан юу сурах ёстойг зааж өгөх агуулга, материал, хэрэглүүр гэхээсээ илүүтэйгээр оюутнуудын сурах ёстой хамгийн чухал санаа, мэдлэг, ур чадварыг тодорхойлж, оюутны сурах үйл ажиллагааг дэмжихэд тохирсон үнэлгээ, сурган хүмүүжүүлэх арга зүйг тодорхойлдог.
Энд боловсрол судлаачдын дунд хамгийн өргөн хэрэглэгддэг технологийг сургалтад интеграцчлах хандлагыг илэрхийлдэг зарим онол, загваруудаас иш татья.
Сургалтын явцад суралцагч-багш, суралцагч-суралцагч, суралцагч-нийгмийн харилцаанд нээлттэй оролцож, хамтын сурах үйл ажиллагаа хөгжинө. Дижитал сургалтын үед багш, суралцагчдад эдгээр арга барил төлөвшихэд сургалтын үйл явцыг МХХТ-оор өргөтгөн/интегарцчилан, түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарал хандуулах хэрэгтэйг онцолсон .
8.1.1. Сургалтыг МХХТ-иор өргөтгөсөн загвар (Anderson & Garrison, 1998)
Бүдүүвч 1. Сургалтыг МХХТ-иор өргөтгөсөн загвар
Энд багшийг суралцагчийн онцлог, сонирхол, хэрэгцээнд илүү анхаарах, тэдний ялгаатай болон адил талыг хүндэтгэн туслах, сурахуйг дэмжсэн хүртээмжтэй орчныг бүрдүүлэх; технологийг үр дүнтэй ашиглах, эрэл хайлт хийх; мэдээллийг дамжуулах биш тайлбарлах, амьдралын бодит жишээгээр үзүүлэх; мэдээлэл, түүний чанар, нөөцийг үнэлэх, эргэцүүлэх, шүүмжлэлтэй хандах арга барилд суралцахад нөлөөлдөг (Moore, 1989). Мөн суралцагчийг бусадтай санал бодлоо нээлттэй солилцох, аливааг эргэцүүлэх; бие даан суралцах, өөрийн суралцахуйг зохицуулах; нийгэм орчноос суралцах, хамтын үйл ажиллагаа, хамтран асуудал шийдвэрлэх; мэдээлэл, мэдлэг, ур чадвараа өөр зүйлд хувирган ашиглах (Moore & Kearsley, 2009) арга барилд суралцах, хөгжихөд тусална гэж тайлбарлажээ.
8.1.2. TPACK мэдлэгийн загвар (Koehler & Mishra, 2007)
Боловсролын үйл явц дахь технологийн үүргийг технологийн(Technology knowledge), арга зүйн (Pedagogy knowledge), агуулгын мэдлэг (Content knowledge) гэсэн гурван төрлийн үндсэн мэдлэгт тулгуурлан, тайлбарласан загвар (Koehler & Mishra, 2007, p. 62).
Агуулгын мэдлэг нь онол, үзэл баримтлал, санаа, бүтэц зохион байгуулалт, баримт факт, арга зүйн мэдлэг нь багшлах болон суралцахуйн талаарх үйл ажиллагаа, практикын мэдлэг, технологийн мэдлэг нь мэдээлэл боловсруулах, харилцах, асуудал шийдвэрлэх зорилгоор мэдээллийн технологийн талаар ойлголт, түүнийг хэрэглэх ур чадвар эзэмшсэн байх талаарх мэдлэг юм.
Бүдүүвч 2. TPACK мэдлэг (source: educator video 5:29)
Арга зүйн болон агуулгын мэдлэг (PCK) нь сургалтын хөтөлбөр, үнэлгээ болон заах арга зүйн хоорондын уялдаа холбоо, суралцахуйг дэмжих орчин нөхцөл зэрэг багшлахуйтай холбоотой үйлийг авч үздэг бол технологижсон агуулгын мэдлэг (TPK) нь технологийг тодорхой арга замаар сургалтад ашиглахад багшлах болон сурах үйл хэрхэн өөрчлөгдөж болох тухай ойлголт юм.
8.1.3. SAMR загвар (Puentudera, 2014)
Технологийн интеграцийн үүргийг орлуулах(substitution), нэмэгдүүлэх(augmentation), өөрчлөх(modification), дахин тодорхойлох (redefinition) гэсэн дөрвөн шатлалд авч үзэн, тайлбарладаг загвар (Puentudera, 2014).
Энэхүү загвар нь боловсрол судлаач, доктор Рубен Р.Пуэнтедурын анги танхимд технологийг нэвтрүүлэх шилдэг туршлагыг тодорхойлсон хүрээ юм.
- S Орлуулах (substitution): Технологи нь функциональ өөрчлөлтгүйгээр шууд орлуулагчийн үүрэг гүйцэтгэнэ.
- A Өргөтгөх (augmentation): Технологи нь үйл ажиллагааг сайжруулах замаар өргөтгөх үүрэг гүйцэтгэнэ.
- M Өөрчлөлт (modification): Технологи нь өөрчлөх боломжийг олгоно.
- R Дахин тодорхойлох (redefinition): Технологи нь урьд өмнө төсөөлөөгүй байсан шинэ боломжийг бий болгоно.
Бүдүүвч 3. SAMR загвар (source: educator video 6:56)
Орлуулах, нэмэгдүүлэхийг үйл явцыг сайжруулалт гэж үздэг бол өөрчлөх болон дахин тодорхойлох үйл явцыг нь өөрчлөлтийн үе шат гэж тодорхойлдог.
8.1.4. PICRAT загвар (Graham, 2019)
Багш болон оюутнуудын технологийн хэрэглээний хоорондын огтлолцлыг харуулсан сүлжээ юм (Read, 2022).
Хэрэв та лекцийн агуулгыг PPT хэлбэрээр танилцуулж байгаа бол энэ нь шохойгоор бичдэг “ногоон самбар”-ыг дижитал дэлгэцээр орлуулж, сольсон л хэрэг. Уламжлалт сургалтын үйл ажиллагааг технологиор орлуулах/солих буюу дижитал хэлбэрт оруулахын тулд технологийг ашигладаг байдал нь сургалтын үр дүнг сайжруулахгүй. Орлуулалт нь технологийн сайн хэрэглээ болж чадахгүй гэдгийг PICRAT загвараас харж болно.
Бүдүүвч 4. PICRAT загвар
Сургалтад хэрэглэж буй технологийн үр нөлөөг PICRAT арга зүйгээр үнэлэхдээ үндсэн 2 асуултаар тодорхойлдог.
- Оюутнуудын технологитой харьцах харилцаа нь ямар байна вэ?
Хэрэв оюутнууд технологид ямар ч өгөгдөл оруулахгүйгээр, эсвэл технологитой харилцаа үүсгэхгүйгээр мэдээллийг шингээж авдаг бол тэдний технологитой харилцах харилцаа ИДЭВХГҮЙ /Passive/. Харин оюутнууд ямар нэгэн байдлаар технологийг удирдаж, ашиглаж байгаа бол энэ нь ИНТЕРАКТИВ /Interactive/ эсвэл БҮТЭЭЛЧ /Creative/ хэлбэрийн харилцаа(Graham et al., 2019) болно. - Багшийн ашиглаж буй технологи нь сургалтад хэрхэн нөлөөлж байна вэ?
Жишээ нь: хэрэв та лекцийн агуулгыг ppt хэлбэрээр танилцуулж байгаа бол энэ нь СОЛИХ /Replacing/ үйл ажиллагаа. Харин Google Maps, GPS систем ашиглан ямар нэгэн газар, орон нутгийн талаарх тодорхой мэдээллийг цуглуулж, өгөгдөлд дүн шинжилгээ хийх гэх мэт үйл ажиллагаа нь ӨӨРЧЛӨХ /transforming/ үйл ажиллагаа болно.
Цахим хичээл:
-
Дараах “БИЕИЙН БҮТЭЦ” интерактив хэрэглэгдэхүүнийг туршиж, үзсэний дараа нь PICRAT матрицын тохирох нүдэнд байрлуулаарай
Эргэцүүлэх асуулт
- Хичээлдээ ашиглаж болох дижитал суралцах идэвхтэй үйл ажиллагааны 3-5 санааг бичнэ үү
- Видео үзэх явцдаа (4:33): Сургалтын үеэрх таны технологийн хэрэглээ нь PICRAT матрицийн аль хэсэгт багтаж байгааг эргэцүүлээрэй.
Агуулгыг дэлгэрүүлж судлах нэмэлт материалууд:
- McDonald, J. K. & West, R. E. (2021). Design for Learning: Principles, Processes, and Praxis (1st ed.). EdTech Books. хуудас 60-70.
- Elaine Khoo & Curtis J. Bonk (2022). Motivating and Supporting Online Learners. Burnaby, BC, Canada: Commonwealth of Learning. Free book available: http://hdl.handle.net/11599/4481 and free course available, хуудас 22-26.
- Graham, C. R., Borup, J., Short, C. R., & Archambault, L. (2019). K-12 Blended Teaching: A Guide to Personalized Learning and Online Integration (1st ed.), 1. EdTech Books, бүлэг 2.3.1-2.3.2
- Kimmons, R., Graham, C. R., & West, R. E. (2020). The PICRAT model for technology integration in teacher preparation. Contemporary Issues in Technology and Teacher Education, 20(1). хуудас 176-198
- Introduction to the TPACK Model | Common Sense Education , видео 5:29
- The SAMR Model Explained by Ruben R. Puentedura , видео 4:06
- Integrating-technology-in-your-elementary-classroom